Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 00039

 

П.Ш-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/0296/Э

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Л.О,

Нарийн бичгийн дарга: Х.З нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч П.Ш-т холбогдох 1738002050083 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн  2017 оны 12  дугаар сарын 11-ний  өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Ү  овогт П-ийн Ш,  .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................../.

Шүүгдэгч П.Ш нь эхнэр Г.Н-ийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 25-ны  өдрийн 276  дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ү овогт П-ийн Ш-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ш-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ш-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээх арга хэмжээ авч, үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч П.Ш-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: ... Шүүх шүүгдэгч П.Ш-т Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлахгүйгээр буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Шүүгдэгч П.Ш-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа түүнийг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь үндэслэлгүй, түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 3.4 дэх хэсгүүдэд заасан хуулийн шаардлага хангаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд П.Ш-т холбогдох Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 25-ны  өдрийн 276  дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүх Ш-г “...байнга зодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь буруу байх тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Ш нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” хамаарах бөгөөд  “байнга зодох” гэж  хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаа бие махбодийн хүчирхийлэл хийсэн байхыг хэлдэг.

Шүүгдэгч П.Ш нь Тосонцэнгэл сумын 2 дугаар багт байрлах гэртээ 2015 оны 07 дугаар сараас хойш эхнэр Г.Н-ийг  байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч П.Ш нь эхнэр Г.Н-ийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байхад түүний үйлдлийг  “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэж, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн нь буруу байх боловч энэ талаар прокурор, оролцогч гомдол гаргаагүй тул түүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнийг хэвээр үлдээлээ. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэх гэдэг нь тухайн субъект урьдчилан мэдэх, тооцоолох боломжгүй гэнэт үүссэн нөхцөл байдлын улмаас гадны хүчин зүйлийн нөлөөнд автаж гэмт хэрэг үйлдсэнийг хэлэхийг цаашид анхаарах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч П.Ш-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан  “эрүүгийн хууль буруу хэрэглэсэн” гэж үзэх үндэслэл болж байх тул энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг  хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэгт  холбогдсон шүүгдэгч П.Ш-г “...байнга зодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь буруу байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны  өдрийн 276  дугаар  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын ”зодсон” гэснийг “зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэж, 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн” гэсний өмнө “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан” гэж тус тус  нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БАЯРХҮҮ

                                ШҮҮГЧИД                                     Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                       Б.СОСОРБАРАМ