Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 461

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2020         05          15                                       2020/ШЦТ/461

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

          улсын яллагч П.Бямбасүрэн,

          шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909008050423 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 14-нд Төв аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо жаргалантын 33 гудамж 0558б тоотод оршин суух бүртгэлтэй,

          2008 оны 6 дугаар сарын 12-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

          2009 оны 7 дугаар сарын 02-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

          2012 оны 01 дүгээр сарын 19-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн ялаас 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 10 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

          2019 оны 02 дугаар сарын 13-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, М.Б /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч М.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 9 дүгээр гудамжны 473 тоотод оршин суугч Б.Хишигсүрэнгийн гэрт хонож байхдаа хохирогч Г.Батжаргалын савхин куртка, нурууны өргөн бүс, савхин бээлий, Тимберланд брэндийн хар өнгийн үдээстэй гутал 1 хос, Самсунг Жи 3 загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч бусдад 377.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

шүүгдэгч М.Б нь шүүх хуралдаанд “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, багийн найз Батжаргалыг арай ч цагдаад өгчихгүй байлгүй дээ гээд өглөө нь хувцсыг нь аваад явчихсан, нурууны бүсийг одоо болтол зүүж байгаа, хар гутлыг өмсөөд дуусгасан, гар утсын хаячихсан, савхин курткийн өмсөөд дууссан, бэлийг нь өмсөж байгаад дууссан…” гэсэн мэдүүлэг /хх-40/,

 

Хохирогч Г.Батжаргалын “…Эрдэнэт хотоос Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 9 дүгээр гудамжны 473 тоотод байрлах найз Хишигсүрэнгийн гэрт ирсэн, тухайн айлд хуучны танил Болдоо гэгч байсан бөгөөд бид архи уугаад унтацгаасан, өглөө босоод хувцсаа өмсөх гэхэд гадуур өвлийн савхин куртка, нурууны өргөн бүс, савхин бээлий, ноосон малгай, Тимберланд брэндийн хар өнгийн үдээстэй гутал, өмд, Самсунг Жи 3 загварын гар утас зэргийг Болдоо гэгч нь авч явсан байсан, урд мэдүүлэгт өмд алдсан гэж өгсөн, емдийг өмсөж яваагүй байсан, 2019 оны 10 дугаар сард М.Бтой таарч хохирлоо барагдуулж авсан, одоо надад санал хүсэлт байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-22, 24/,

Гэрч Б.Хишигсүрэнгийн “...би Батболдтой хамт архи уусан, Батжаргал ирсэн, бид гурав архи уугаад хамт хоносон, өглөө босоод Батжаргал хувцсаа өмсөх гэтэл хувцаснууд болон гар утас нь байхгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-28/,

 

Гэрч Б.Түвшинтөгсийн "...бид нар эцэг эхээсээ зургуулаа үлдсэн, М.Б нь Дархан, Сэлэнгийн замд нэхий зарж амьдардаг байсан, хэдэн оноос эхлэн том ах Улаанбаатар хотод амьдарсныг мэдэхгүй, сүүлд 2019 оны наадмын үеэр уулзсан, тэрнээс хойш уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-30/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-79/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-33/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-63-77/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-97-98/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 9 дүгээр гудамжны 473 тоотод оршин суугч Б.Хишигсүрэнгийн гэрт хонож байхдаа хохирогч Г.Батжаргалын савхин куртка, нурууны өргөн бүс, савхин бээлий, Тимберланд брэндийн хар өнгийн үдээстэй гутал 1 хос, Самсунг Жи 3 загварын гар утас зэрэг эд зүйлсийг авч бусдад 377.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Г.Батжаргал, гэрч Б.Хишигсүрэн, Б.Түвшинтөгс нарын мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч М.Бын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч М.Бын бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Быг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Батжаргал нь хохирлоо барагдуулж авсан гэж мэдүүлсэн байх бөгөөд тэрээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч М.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Быг дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч М.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний тус эрүүгийн хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 1 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д “...цагдан хоригдсон нэг хоногийг..., нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, ...эдлэх ялаас хасна.” гэж зааснаар шүүгдэгч М.Бын цагдан хоригдсон 60 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд энэ тогтоолоор оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

                                               

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Быг 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бын цагдан хоригдсон 60 хоногийн нэг хоногийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасаж, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаа эдэлж дууссанд тооцсугай.

 

4.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч М.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БОЛДБААТАР