Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 793

 

 Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, Ерөнхий шүүгч Х.Мейрамбек, шүүгч Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 5-08 тоотод оршин суух, 1947 онд төрсөн, 69 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ47041515, Ламтан овогтой Хуягийн Сайнжаргалын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 10-18 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, регистрийн дугаар ЙЮ70072255, Чоночин овогтой Дамбын Батсайханд холбогдох,

       Гэм хорын хохирол 260.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Сайнжаргал, хариуцагч Д.Батсайхан, иргэдийн төлөөлөгч М.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Х.Сайнжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Улаангом сумын 7 дугаар багийн иргэн Хуяг овогтой Сайнжаргал миний 84-34 УБА улсын дугаартай Toyota Prius маркийн автомашиныг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэн Д.Батсайхан гэгч согтуугаар Nissan Sunny маркийн 54-76 УВХ машинаар мөргөж надад 260.000 төгрөгийн хохирол учруулсан. Гэтэл одоог хүртэл миний хохирлыг төлөхгүй байгаа учраас шүүхийн журмаар миний хохирлыг барагдуулж өгнө үү. Д.Батсайхан нь 1.04 хувийн согтолттой, осол гарсан газрыг хэмжихэд 8 метр дугуйгаа чирээд машинаа зогсоож чадалгүй осол гаргасан байсан. Ослын газраас зугатаж, намайг орхиж явсан. Би машиндаа 300.000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийлгэсэн боловч шинжээчийн үнэлгээгээр гарсан 260.000 төгрөгийг л нэхэмжилж байна. Д.Батсайхан ямар нэгэн санаачлага гаргаж, надтай ирж уулзаагүй гэжээ.

       Хариуцагч Д.Батсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 18.00 цагийн үед Улаангом сумын 11 дүгээр багт манай худ болон хүргэний гэрт эхнэрийн хамт очсон ба гудамжаар уруудаж явахад хороолол дунд цагдаад ажиллаж байсан Одонхүүгийн хашааны хаалганы гадна эвдэрхий ЗИЛ-130 маркийн автомашины чиргүүл зогсож байсан. Гэтэл тэр чиргүүлийн урд талаас Приус маркийн машин гарч ирээд мөргөсөн. Би гудамжаар чигээрээ уруудаж байсан. Надад зам тавьж өгөх байтал хажуунаас орж ирж мөргөсөн Х.Сайнжаргал гэгч нь надаас хохирол 260.000 төгрөг нэхэмжилсэн байна. Тухайн үед шалгасан байцаагч Ц.Бямбажаргал Та 2 тавь, тавин хувийн буруутай байна гэж хэлсэн. Тэр үед сонгуулийн үе байсан тул дахин уулзаж чадаагүй салсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь үнэн. Би өөрөө эрхээ хасуулж, 384.000 төгрөгөөр торгуулсан. 400.000 төгрөгөөр өөрийн машиныг засуулсан. Намайг хажуугаас орж ирж мөргөөгүй бол надад ийм их хэмжээний хохирол учрахгүй байх байсан. Дээрх Х.Сайнжаргалын нэхэмжилсэн 260.000 төгрөгийг төлж чадахгүй. Харин би 400.000 төгрөг нэхэмжлэх ёстой гэж бодож байгаа ч тухайн эрсдлээ би өөрөө хариуцаж, дуугүй өнгөрөөсөн. Тухайн үед болоод өнгөрсөн асуудал гэж бодоод явж байсан гэжээ.

         Иргэдийн төлөөлөгч М.Батболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Д.Батсайхан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэж байна гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Х.Сайнжаргал нь хариуцагч Д.Батсайханд холбогдуулан гэм хорын хохирол 260.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

         Хариуцагч Д.Батсайхан Би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бид 50, 50 хувийн буруутай тул өөрсдийн машинд учирсан эвдрэл гэмтлийг өөрсдөө хариуцах ёстой гэж маргаж байна.

       Хэрэгт авагдсан Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 913 тоот Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэсэн материал-аас үзэхэд 2016 оны 6 дугаар сарын 24-ний оройн 21 цагийн үед Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Батсайхан өөрийн эзэмшлийн 54-76 УВХ улсын дугаартай Ниссан Санни маркийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцож яваад иргэн Х.Сайнжаргалын 84-34 УБА улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан байна.

          Түүнчлэн Зам тээврийн ослын акт-ын Дүгнэлт хэсэгт 1. Жолооч Д.Батсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А-д заасан Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг, мөн дүрмийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөн. 2. Жолооч Х.Сайнжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэжээ.

          Мөн гэрч Н.Түмэнжаргалын Нөхөр Х.Сайнжаргал өөрийн 84-34 УБА улсын дугаартай Тоёота приус маркийн автомашинаа асаагаад хашаанаас ухарч гараад буцаж замдаа ороод явах гэтэл гудамжны баруун зүгээс ирж явсан автомашин асар хурдтай ирж бидний сууж явсан автомашиныг мөргөсөн гэх, гэрч Б.Цэцэнхүүгийн Х.Сайнжаргал ах машинаа асаагаад хашаанаас ухарч гаргасан ба буцаж эргээд зам руу орох гэтэл гэнэт баруун талаас суудлын автомашин хурдтай ирж мөргөсөн. Х.Сайнжаргал ах машинаа байрнаас нь хөдөлгөөгүй. Тэгтэл тэр машинаас жолооч нь эхнэртэйгээ бууж ирээд Бид нар эмнэлэг явах ажилтай байна гээд яваад өгсөн гэх мэдүүлгүүд авагджээ.

        Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Батсайхан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, мөн аюул саад бий болохыг мэдсээр байж автомашинаа зогсоох арга хэмжээ авахгүйгээр нэхэмжлэгч Х.Сайнжаргалын автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан ба нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хууль бусаар, болгоомжгүй үйлдлээрээ гэм хорын хохирол учруулсан нь тогтоогдож байна.

        Хэргийн 12-13 дугаар хуудаст авагдсан Увс Финанс Аудит ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 287 тоот дүгнэлтээр нэхэмжлэгч Х.Сайнжаргалын автомашинд 260.000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон байх тул тухайн баримтыг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Д.Батсайханаас гэм хорын хохирол 260.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Сайнжаргалд олгож шийдвэрлэлээ.

     Харин хэргийн 9 дүгээр хуудаст авагдсан Ган-Авто Сервис ХХК-ийн Тоёота приус 20 маркийн автомашины засвар үйлчилгээг 300.000 төгрөгөөр гүйцэтгэсэн гэх Нэхэмжлэх авагдсан байх ба уг баримтаар тухайн автомашинд ямар, ямар засвар үйлчилгээг хийсэн нь тодорхой бус, мөн нэхэмжлэгч нь Зөвхөн үнэлгээгээр гарсан 260.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэсэн тайлбар гаргасан тул тухайн баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Сайнжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Батсайханаас 8.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Д.Батсайханаас гэм хорын хохирол 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Сайнжаргалд олгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Сайнжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.450 /найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Батсайханаас 8.450 /найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Сайнжаргалд олгосугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увсаймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК

ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ