Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 464

 

 

 

 

 

 

 

      2020          5            15                                         2020/ШЦТ/464

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

          улсын яллагч С.Оюунтунгалаг,

          шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Г-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009010550545  дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1971 оны 7 дугаар сарын 03-нд Архангай аймгийн Тариат
суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Эн Ди" констракшинд сантехникч ажилтай, ам бүл-1, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11 дүгээр гудамжны 123а тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Тагнуулын байрны подвалд түр оршин суудаг,

          2014 оны 6 дугаар сарын 17-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдлэж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-нд Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, С.Г, /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч С.Г нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны 0 тоотод гэртээ иргэн О.Болормааг "Бусадтай утсаар ярилаа" гэх шалтгаанаар модоор цохиж, өшиглөж, чирч зодож зүүн бугалга, баруун, зүүн мөр, зүүн дал, баруун шуу, бүсэлхийн нурааны цус хуралт, баруун, зүүн мөр, зүүн далны зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч С.Гыг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны 0 тоотод гэртээ иргэн О.Болормааг "Бусадтай утсаар ярилаа" гэх шалтгаанаар модоор цохиж, өшиглөж, чирч зодож зүүн бугалга, баруун, зүүн мөр, зүүн дал, баруун шуу, бүсэлхийн нурааны цус хуралт, баруун, зүүн мөр, зүүн далны зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч С.Гт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч С.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч С.Г нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны 0 тоотод гэртээ иргэн О.Болормааг "Бусадтай утсаар ярилаа" гэх шалтгаанаар модоор цохиж, өшиглөж, чирч зодож зүүн бугалга, баруун, зүүн мөр, зүүн дал, баруун шуу, бүсэлхийн нурааны цус хуралт, баруун, зүүн мөр, зүүн далны зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

            хохирогч О.Болормаагийн "...би Мөнхболдтой утсаар ярьсан чинь чи яахаараа Мөнхболдтой утсаар ярьдаг юм бэ гээд намайг зодсон. Эхлээд миний дал руу хоол хийж байсан махны модоор 2-3 удаа, дараа нь нурууны дээд, доод хэсэгт махны мод болон хоол хийж байсан халбагаараа цохисон. Тэгээд дараа нь цээж рүү нэг удаа өшиглөсөн. Намайг зодоод байхаар нь би гэртээ харих гэтэл явуулахгүй байсан. Би тэр өдрөө тэндээ хоноод маргааш нь гэр рүүгээ явлаа гэж хэлж гарсан. Би гэртээ хариад охиндоо хэлсэн бөгөөд охины ажил тарахаар нь цагдаад өргөдөл өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ¹3931 тоот актын “…О.Болормаагийн биедзүүн бугалга, баруун, зүүн мөр, зүүн дал, баруун шуу, бүсэлхийн нурааны цус хуралт, баруун, зүүн мөр, зүүн далны зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... “ гэх дүгнэлт /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

яллагдагч С.Гын "...Болормааг орон дээр хэвтэж байхаар нь өшиглөж унагаагаад газарт унахаар нь нуруу, дал, мөр рүү нь өшиглөөд үүд хэсэг рүү үсдэж чирээд гэр лүүгээ яв гэсэн...маргааш өглөө нь Болормаа надаас таксины мөнгө аваад явсан. ...бид 2 эрүүл олон удаа муудалцаж л байсан би түүнд гар хүрч байгаагүй, энэ удаа согтуу байсан болохоор гар хүрсэн байна. би түүнээс уучлалт гуйсан, бид хоёр сайн дураараа эвлэрсэн, түүнд гэмтэл учруулж гар хүрсэндээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

            

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч С.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч С.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч С.Гт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

          Иймд шүүх шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч С.Гт 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Үүнээс гадна шүүх шүүгдэгч С.Гт 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч С.Г нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

         

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч С.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Гт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          5.Шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР