Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 794

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

    Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн 7/1-00-д байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5341469 регистрийн дугаартай, Төрийн банкны нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 8-24 тоотод оршин суух, 1949 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ49072574, Засгууд овогтой Хатуугийн Батсүх,

    Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 8-24 тоотод оршин суух, 1949 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ49123061, Цорос овогтой Балжийн Лхамхүү нарт холбогдох,

     16200022512 тоот Зээлийн гэрээ-г цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 18.043.897,40 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 2.355.623,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 42.740,69 төгрөг, нийт 20.442.262,05 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүгээс 792.464 төгрөг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбилэг, хариуцагч Х.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.Батсүх нь Төрийн банктай анх 2013 оны 6 дугаар сарын 04-нд 16200022512 тоот зээлийн гэрээ байгуулан 36.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэй зээлдэн авсан. Зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 8-24 тоотод байрлах амины орон сууц, өмчлөх эрхтэй газрын хамт, хөргөгч, хөлдөөгч, гал тогооны ком, дуков зэргийг барьцаалсан. Зээлдэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 18.043.897,40 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2.355.623,96 төгрөг, зээлийн торгуулийн хүүгийн үлдэгдэл 42.740,69 төгрөг, нийт 20.442.262,05 төгрөгийг Х.Батсүх, Б.Лхамхүү нараас гаргуулж өгнө үү. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

     Хариуцагч Х.Батсүх, Б.Лхамхүү нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хүү Б.Цэвээнравдан, бэр Д.Отгонцэцэг нар 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банкнаас зээл авахаар тохирч миний өмчлөлд байдаг орон сууц, газрыг барьцаанд тавин гэрээ байгуулахаар болсон тул би Төрийн банкнаас 36.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан билээ. Гэрээний дагуу миний хүүхдүүд зээл хүүгээ хугацаанд нь төлж ирсэн боловч эдийн засгийн хямралаас болж иргэд үйлчлүүлэхгүй болсноос орлого орох нь буурсан тул 2016 оны 4 дүгээр сараас зээлээ төлж чадахгүй болсон. Иймд Төрийн банкнаас нэхэмжилсэн 2016 оны 4 дүгээр сарын байдлаарх үлдэгдэл 18.043.897,40 төгрөгийг төлнө. Харин нэхэмжилсэн хүү 2.355.623,96 төгрөгийг төлөхгүй. Мөн Төрийн банк анх гэрээ байгуулахдаа сарын 1,7 хувийн хүүтэй гэж заасан мөртлөө илүү авсан хүүгийн зөрүү төгрөгийг зээлээсээ суутгуулж төлүүлэх хүсэлт гаргаж байгааг шүүх анхааралдаа авна уу. 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр банкнаас бидэнд өгсөн мэдэгдэлдээ гэрээний 3.3-т зааснаар нэг талын санаачилгаар гэрээг цуцалж байгаагаа мэдэгдсэн. Иймд бид 2016 оны 4-8 дугаар сарын зээлийн үндсэн төлбөр 1.563.159 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин илүү нэхэмжилсэн 792.464 төгрөгийг хүүгээс хасч тооцож өгнө үү гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Х.Батсүх, Б.Лхамхүү нарт холбогдуулан, 16200022512 тоот Зээлийн гэрээ-г цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 18.043.897,40 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 2.355.623,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 42.740,69 төгрөг, нийт 20.442.262,05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

      Харин хариуцагч нар 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс зээлийн гэрээ цуцлагдсан учир 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл илүү нэхэмжлэгдсэн хүү 792.464 төгрөгийг хасч өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Зээлдэгч буюу хариуцагч Х.Батсүх, хамтран зээлдэгч Б.Лхамхүү нар нь 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банкны Увс салбартай /хуучнаар Хадгаламж банк/ 16200022512 тоот Зээлийн гэрээ байгуулж, 36.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй зээлж авсан байх ба мөн өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ээр зээлийн барьцаанд: 1. Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 8-24 тоотод байрлах, 9х10 м.кв талбай бүхий амины орон сууц, өмчлөх эрхтэй газрын хамт /ГД: 000061225, УБД: Ү-1520002348, газрын ГД: 000127876, УБД: Г-1520001968/, мөн өдрийн мөн дугаартай Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ээр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 8-24 тоотод байрлах хөргөгч, хөлдөөгч, гал тогооны ком тавилга, дуков зэргийг тус тус барьцаалсан байна.

      Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн ба зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар Төрийн банк гэрээгээ цуцалж, хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

      Хэдийгээр хариуцагч Х.Батсүх, Б.Лхамхүү нар Бид зээлийг авч ашиглаагүй, манай хүүхдүүд авч ашигласан, тэд зээлийг төлж байсан ба эдийн засгийн хямралаас болж зээлийн төлбөр төлөх боломжгүй болсон гэх тайлбарыг гаргаж байгаа боловч зээлдэгч нар авсан зээлийг хэнд, хаана зарцуулсан нь гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

      Харин хариуцагч нар 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд илүү нэхэмжилсэн 792.464 төгрөгийн хүүг төлөх үндэслэлгүй хэмээн маргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, мөн зээлийн гэрээний 6.2.3-т Энэ гэрээний заалтуудыг болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар Зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах талаар зохих арга хэмжээ аваагүй бол Банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно гэжээ.

     Нэг үгээр хэлбэл, зээлдэгч нарын 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэл өгөхдөө зээлийн гэрээг цуцалж байгаагаа мэдэгдсэн бөгөөд тэр үеэс хойш зээлийн гэрээний дагуу хүү төлөх үндэслэлгүй гэж маргаж байгаа ч гэрээ болон дээрх хуулийн дагуу зээлдэгч нар тухайн мэдэгдлийг авсан дариудаа гэрээний үүргийг биелүүлээгүй бол хүү болон нэмэгдүүлсэн хүү, бусад зардлыг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Төрийн банк нь шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд хүү болон нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

      Харин талууд сар бүрийн 11-ний өдөр төлбөр төлөхөөр тохиролцсон байх бөгөөд зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 18.043.897 төгрөгийн жилийн 20.4 хувийг тооцож үзэхэд 3.680.955 төгрөг, сарын 306.747 төгрөг, харин нэг өдрийн /3.680.955:365 хоногт=10.085 төгрөг /өдрийн хүү// буюу 2016 оны 3 дугаар сарын 11-нээс 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 6 сарын хүү 1.840.482 төгрөг, 9 дүгээр сарын 11-нээс 9 дүгээр сарын 28-ны өдрийн хоорондох 17 хоногийн хүү 171.445 төгрөг, нийт 2.011.927 төгрөгийн хүүг хариуцагч нараас нэхэмжлэх байжээ.

       Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар 16200022512 тоот Зээлийн гэрээ-г цуцалж, хариуцагч Х.Батсүх, Б.Лхамхүү нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 18.043.897 төгрөг, зээлийн хүү 2.011.927 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42.740 төгрөг, нийт 20.098.564 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 343.698 төгрөгийн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Мөн хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн хүүгээс 792.464 төгрөг хасуулах тухай хэсгээс 343.698 төгрөг хасуулах тухай хэсгийг хангаж, илүү нэхэмжилсэн 448.766 төгрөгийн хүүг хасуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкныулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260.161 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Батсүх, Б.Лхамхүү нараас 258.443 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож, хариуцагч Х.Батсүх, Б.Лхамхүү нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.569 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Төрийн банкнаас 10.961 төгрөгийг гаргуулж хариуцагч Х.Батсүх, Б.Лхамхүү нарт олгох нь зүйтэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-тзааснаар 16200022512 тоот Зээлийн гэрээ-г цуцалж, хариуцагч Х.Батсүх, Б.Лхамхүү нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 20.098.564 /хорин сая ерэн найман мянга таван зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 343.698 /гурван зуун дөчин гурван мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгийн хүүг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар хариуцагч Х.Батсүх, Б.Лхамхүү нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 343.698 /гурван зуун дөчин гурван мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгийн хүү хасуулах тухай хэсгийг хангаж, үлдэх 448.766 /дөрвөн зуун дөчин найман мянга долоон зуун жаран зургаа/ төгрөгийн хүү хасуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкныулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260.161 /хоёр зуун жаран мянга нэг зуун жаран нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Батсүх, Б.Лхамхүү нараас 258.443 /хоёр зуун тавин найман мянга дөрвөн зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож, хариуцагч Х.Батсүх, Б.Лхамхүү нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.569 /хорин гурван мянга таван зуун жаран ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Төрийн банкнаас 10.961 /арван мянга есөн зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж хариуцагч Х.Батсүх, Б.Лхамхүү нарт олгосугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА