| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0445/Э |
| Дугаар | 438 |
| Огноо | 2020-05-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 438
2020 05 12 2020/ШЦТ/438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,
улсын яллагч П.Эрдэнэбаатар,
шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.С-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909014480396 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-2, эмээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 13 дугаар гудамжны 60а тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.С /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.С нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Саммит компьютер технологи" ХХК-ийн Писи Молл /Рс mall/ дэлгүүрийн төв салбарт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа 2019 оны 1 дүгээр сарын үед агуулахын өрөөнд хадгалагдаж байсан Iphone XS MAX 64GB rap утас 2 ширхэг rap утас, DELL Vostro 5471-J5 загварын нөтбүүк 1 ширхэг зөөврийн компьютер, Epson Perfection V39 загварын скайнер зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас 9.808.726 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
шүүгдэгч М.С шүүх хуралдаанд “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хохирол төлбөр төлөх хугацаа өгвөл би хохирлыг төлөх боломжтой...” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би 2018 оны 6 сарын 07-нд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Писи малл дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажилд орсон. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 20 хүртэл ажилласан. Тэгээд гарахаасаа өмнө 2019 оны 01 сарын 20-ны үеэр тухайн салбарын компьютерийн тасгаас Делл Востро 5471 загварын Нөөтбүүк 1 ширхэг, Айфон икс эс макс 2 ширхэг, нэг нь голд өнгийн нэг нь силвер өнгийн гар утас 1 ширхэг Епсон брэндийн скайнер аваад өөрийн үүрдэг хар өнгийн цүнхэнд хийгээд гарч яваад бараг 4 сарын 15-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах Хишиг төвийн ломбардад 700.000 төгрөгөөр тавьсан мөнгөөр нь идэж уух хувийн хэрэгцээнд зарцуулаад дууссан. Хоёр гар утсыг Голдыг нь 2019 оны 02 дугаар сарын 06-наас 07 үед 25 дугаар эмийн сангийн тэнд нэг байдаг нэг ломбардны хүнд 2.600.000 төгрөгөөр зарсан. Тэгээд нөгөөг нь Үнэгүй.мн сайт дээр зарна гэж зар тавиад зарын дагуу 25 орчим насны эрэгтэй 1.700.000 төгрөгөөр авъя гэхээр нь зарсан. Мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулаад дууссан, Принтерийг Хишиг төв дээр 2019 оны 01 дүгээр сард Ломбардад 50.000 төгрөгөөр тавиад мөнгийг нь хэрэглээндээ зарцуулаад дууссан. ...Агуулахад ороод өөрийн үүрдэг цүнхэндээ хийгээд тэгээд орой ажлаа тарах үеээрээ аваад гарсан…” гэсэн мэдүүлэг /хх-30-31, 55-57/,
Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төрболдын “...Манай байгууллагын төв салбар болох Рс mall дэлгүүрээс Айфоне икс макс 64 гигабайттай 2 ширхэг гар утас, Делл востро 5471 ай 5 нөтбүүк 1 ширхэг, Ипсон ви 39 загварын зөөврийн сканер 1 ширхэг алга болсон. Энэ нь нийт 10.756.900 төгрөгийн хохирол учирсан. ...Дээрх бараа бүтэгдэхүүнүүд 4 дүгээр дэлгүүрийн 2 давхарт байрлах манай дэлгүүрийн агуулахаас алдагдсан. Манай агуулахаас алдагдсаныг 1 дүгээр сарын тооллогоор тооллого хийхэд ...алдагдсан байсан. Манай агуулахад хяналтын камер байхгүй, төв заалнаас агуулахын үүдрүү харж байгаа хяналтын камер байгаа. Ажилчид агуулахын үүдний хаалганы хажуугийн текэн дээр хувцсаа сольдог байсан. Санжидыг бараа авч байхыг харсан хүн байхгүй. Манай дэлгүүрийн худалдааны зөвлөхүүд агуулах руу орох эрхгүй байдаг. Санжид манай дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажилладаг байсан. Зөшөөрөлгүйгээр агуулахад нэвтэрсэн байсан. ...Би 1 дүгээр сарын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд Санжид дэлгүүрийн агуулахад хэд хэдэн удаа орсон байдаг. Ороод 4 минут орчим болоод агуулахаас гарч ирээд агуулахын хажуугийн байрлах хувцас сольдог хэсэгт очоод текний араар цүнхээ уудлаад байсан бичлэг нь байгаа. Санжид 2018 оны 6 дугаар сард ажилд орсон, 2019 оны 2 дугаар сард ажлаасаа гарсан…” гэсэн мэдүүлэг /хх-60-61/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-41/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-12/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-36/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-42/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-62-63/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч М.С нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Саммит компьютер технологи" ХХК-ийн Писи Молл /Рс mall/ дэлгүүрийн төв салбарт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа 2019 оны 1 дүгээр сарын үед агуулахын өрөөнд хадгалагдаж байсан Iphone XS MAX 64GB rap утас 2 ширхэг rap утас, DELL Vostro 5471-J5 загварын нөтбүүк 1 ширхэг зөөврийн компьютер, Epson Perfection V39 загварын скайнер зэрэг эд хөрөнгийг авсаны улмаас 9.808.726 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төрболдын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч М.Сын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч М.Сын дээрх бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас “Саммит компьютер технологи” ХХК-д “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр үнэлгээ 9.808.726 төгрөгийн хохирол учирсан ба уг хохирлоос шүүгдэгч 350.000 төгрөгийг төлсөн байна.
Иймд шүүгдэгч М.Саас 9.458.726 төгрөг гаргуулж хохирогч “Саммит компьютер технологи” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Сын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, мөн 70 настай эмээгийн хамт амьдардаг, түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч М.Сад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тус ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаар шүүгдэгч М.С 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Сад нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.
4.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч М.Саас 9.458.726 төгрөг гаргуулж хохирогч “Саммит компьютер технологи” ХХК-д олгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.
6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР