| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00794/и |
| Дугаар | 799 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 799
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, ТЖ66101767 регистрийн дугаартай, Борлууд овогтой Жамъяны Төгсөөгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Воорнов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Төгсөө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 16 настайдаа 1982 оноос эхлэн илгээлтээр малчин болж, 1990 оны 3 дугаар сар хүртэл хонь, ямаа маллаж байсан юмаа. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ аваагүй байтал нэгдэл тарж, дараа нь Архив шатаж ямар ч баримтгүй болсон билээ. Одоо нас өндөр болж бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон учир шүүхэд хандаж байна. Иймд миний Лениний зам нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1990 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Төгсөө нь Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1990 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Ж.Төгсөөгийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1990 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэж ирүүлсэн байна.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Насан, Г.Нүрзэд нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ж.Насан: Ж.Төгсөө нь 1982 оны дундуур Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Улиастай бригадад аав, ээжийн хамт малчнаар ажиллаж, нэгдлийн хонь, ямаа зэрэг мал маллаж байгаад нэгдэл тарах хүртэл буюу 1990 оныг дуустал ажилласан гэдгийг би сайн мэдэх тул гэрчээр мэдүүлэг өгч байна. Би 1971 оноос 1992 он дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд боловсон хүчний эрхлэгч, нярав, нягтлан бодогч зэрэг ажлуудыг тасралтгүй хийж байсан тул Ж.Төгсөөг Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг сайн мэднэ. Тэс сумын Лениний зам нэгдлийн даргаар н.Норов, н.Далай нар ажиллаж байсан. Ж.Төгсөө нь сайн малчин байсан. Ж.Төгсөөгийн аав Жамъян Лениний зам нэгдлийн хоньчин байсан хүн юмаа гэж, гэрч Г.Нүрзэд: Би Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1959 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл буюу 1994 оныг дуустал адуучин, хоньчин, худгийн моторчин гэх ажлуудыг хийдэг байсан. Ж.Төгсөө нь 1982 оноос эхлэн 8-р ангиа төгсөөд илгээлтээр малчин болж ээж, аавын хамтаар Лениний зам нэгдэлд мал маллаж эхэлсэн. Ж.Төгсөө нь тусдаа гэр бүлтэй болон мөн нэгдэлдээ үргэлжлүүлэн нэгдэл тарах хүртэл буюу 1991 он хүртэл мал маллаад хувьцааны малаа аваад гарсан. Одоог хүртэл Тэс сумын 10 дугаар багт мал маллан амьдарч байгаа хүн юмаа. Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн даргаар н.Гомбосүрэн, н.Норов. Н.Далай гэх хүмүүс ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Иймд хэрэгт авагдсан Архивын тасгийн тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргийг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.Төгсөөгийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1990 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ж.Төгсөөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Борлууд овогтой Жамъяны Төгсөөгийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1990 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар нийт 7 жил 9 сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Төгсөөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА