| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0449/Э |
| Дугаар | 474 |
| Огноо | 2020-05-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 474
2020 5 19 2020/ШЦТ/474
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,
Улсын яллагч П.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт С.А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009008550410 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, хүүхдийн хамт, Улаанбаатар хот тоотод оршин суух,
2002 оны 5 дугаар сарын 06-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
2018 оны 01 дүгээр сарын 29-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, С.А /регистрийн дугаар /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.А нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч Л.Мандахцолмонгийн эзэмшлийн зуслангийн байшингийн хаалгыг эвдэн нэвтрэн орж хонины гулууз мах 44 кг, үхрийн мах 30 кг, модон иштэй түлээний сүх 1 ширхэг, теплотонь маркийн халаагуур 1 ширхэг, эсгий гудас 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 1.042.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Аын шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр би Баянбулагийн буудал дээр хувиараа явдаг жижиг тэрэгнээс буугаад баруун дээш засмал замаар өгсөөд явж байхад баруун гар талд 1 давхар жижигхэн бор байшин байхаар нь хашаагаар нь ороод хаалгыг нь өөр байсан хадаасны лоомоор хөшиж ороод ширээн дээр байсан хонины гулууз мах, түлээ хагалдаг дунд зэргийн сүхийг авсан. Тэгээд доошоо уруудаад зам дээрээс явуулын машинд суугаад 7 буудал ороод нэг хүнд 110.000 төгрөгөөр зарсан. Би мөнгө олох зорилгоор хулгайлах гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-3-4/,
Хохирогч Л.Манданцолмонгийн: “…2020 оны 02 дугаар сарын 25-ны орой манай охины найз нь манай охин руу утсаар ярьж хэлэхдээ танай зуслангийн байшингийн хаалга онгорхой байна гэж хэлсний дагуу 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянбулаг зуслангийн задгай тоотод байрлах зуслангийн байшиндаа ирэхэд байшингийн хаалга онгорхой байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн юм. Би зуслангийн байшиндаа хамгийн сүүлд 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ирж байшиндаа хонины гулууз мах авчирч тавиад хүүхдүүдтэйгээ хамт гадаа салхилж байгаад буцсан юм. Тухайн үед манай байшинд ямар нэгэн халдлагад өртөөгүй байсан юм. Тэгээд цагдаа нартай хамт байшиндаа орж үзэхэд ширээний хажууд тавьсан байсан ногоон тампуутай хонины гулууз мах, хөргөгчинд байсан 30 кг үхрийн мах, түлээ хагалдаг модон иштэй сүх, цагаан өнгийн жижиг тень зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би хонины махаа хар хорин захаас 44 кг-тай махыг 286,000 төгрөгөөр авсан. Үхрийн мах нь 30 орчим кг байсан 200,000 төгрөгөөр авч байсан. Орчин цагийн хийцтэй модон иштэй түлээний сүх 100,000 төгрөгөөр үнэлнэ. Жижиг цагаан өнгийн Теплопонь маркийн орос тень 2014 онд авч байсан одоо 250,000 төгрөгөөр үнэлнэ. Байшингийн гадна хаалга эвдэрсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,
Гэрч Ц.Сүнжидмаагийн “…Хамгийн сүүлд байшиндаа 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ирэхэд зүгээр байсан …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-11/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-16/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-47/, “Дамно” ХХК-ийн үнэлгээ тайлан /хх-38-43/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-48/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-49-50, 60-67/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-70-71/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч С.А нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч Л.Мандахцолмонгийн эзэмшлийн зуслангийн байшингийн хаалгыг эвдэн нэвтрэн орж хонины гулууз мах 44 кг, үхрийн мах 30 кг, модон иштэй түлээний сүх 1 ширхэг, теплотонь маркийн халаагуур 1 ширхэг, эсгий гудас 1 ширхэг зэрэг эд зүйлсийг авч бусдад 1.042.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Л.Мандахцолмонгийн мэдүүлэг, гэрч Ц.Сүнжидийн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан, шүүгдэгч С.Аын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч С.Аын дээрх бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Мандахцолмонд 1.042.200 төгрөгийн хохирол учирсан ба уг хохирол нөхөн төлөгдөөгүй учир шүүгдэгч С.Ааас 1.042.200 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Мандахцолмонд олгож шийдвэрлэв.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч С.Ат холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч С.А нь завсарлага авсан хугацаанд хохирогчид 1.042.200 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч С.Аын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, мөн түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж, шүүгдэгч С.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.А Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Аыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Ат оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР