| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00811/и |
| Дугаар | 801 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 801
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багт оршин суух, 1961 онд төрсөн, эмэгтэй, ОО61092804 регистрийн дугаартай, Хошууд овогтой Цэвээний Цэзэнгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цэзэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэзэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1961 онд төрсөн, 55 настай. Тэтгэвэрийн нас болоод бичиг баримтаа бүрдүүлэхэд 1987, 1990, 1998 онуудад ажлаас гарсан тушаал архиваас шүүлгээд олдохгүй байна. 1985 оноос 1987 онд Тэс сумын Таван улиас бригадын бага эмчийн салбарт бага эмч, 1987 оноос 1990 онд тус бригадад Яслийн эрхлэгчээр, 1993 оноос 1998 онд Увс эм хангамжийн харьяа Таван улиасны Эмийн санд эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Мөн 1998 оны 2 дугаар сараас 10 дугаар сарыг хүртэл хугацаанд Тэс сумын Таван улиасны эмнэлэгт эх баригч, бага эмчээр ажиллаж байсныг нэмж тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэзэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Ц.Цэзэнд 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Анагаах ухааны дунд сургуулийн захиргаанаас олгосон хөдөлмөрийн дэвтэрт: 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын 4 дүгээр бригадад бага эмчээр, 1984 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд тус сумын 3 дугаар бригадад, 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс тус сумын 1 дүгээр бригадад бага эмчээр томилогдон ажилласан, 1990 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын 8-н жилийн сургуулийн бага эмчээр томилогдон ажилласан тухай бичилтүүд хийгдсэн,
- Тэс сумын Сум дундын эмнэлэгийн ерөнхий эмчийн 1987 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 6 тоот тушаалд Тэс сумын Улиаст бригадын Яслийн эрхлэгчээр бага эмч Ц.Цэзэнг 1987 оны 2 дугаар сарын 10-наас, Яслийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Оюунчимэгийг 1987 оны 2 дугаар сарын 10-наас Яслийн сувилагчаар түр тус тус ажиллуулсугай. Яслийн эрхлэгч Ц.Цэзэн, сувилагч Б.Оюунчимэг нарын ажил хүлээлцүүлэхийг бага эмч Намдагт үүрэг болгосугай. Ерөнхий эмч Р.Бадарч гэжээ,
- Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харьяа Увс аймгийн Эмийн сангуудын удирдах конторын даргын 1993 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 47 тоот Ажилд томилох тухай тушаалд Тэс сумын Их эмчийн салбарын эрхлэгчийн 1993 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 3 тоотыг үндэслэн тушаах нь: Тэс сумын Таван улиасны бригадын эмийн сангийн эрхлэгч Ч.Нацаг тэтгэвэрт гарсан тул 1993 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс Ц.Цэзэнг эмийн сангийн эрхлэгчээр түр томилсугай. Дарга Ц.Сайнбуян гэжээ,
- Увс аймгийн Тэс сумын Сум дундын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1998 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот Багийн хүний их эмчийн салбаруудын зарим орон тооны тухай тушаалд: ... Сумын эмнэлгүүдийн больниц ба иргэдэд худалдаалагдах эмийг зээлээр олгохгүй болсноос эмийн хангамж хүрэлцээгүйгээс эмнэлгийн ор өдөр бүр тоондоо хүрч жигд ажиллаж чадахгүй, зарим үед ор ажиллахгүй байгаатай холбогдуулан эмийн санч хийх ажилгүй болсон тул Хар үзүүрийн ба Таван улиасны хүний их эмчийн салбарын эмийн санч Ц.Цэзэн, Д.Оюунчимэг нарыг эмийн санчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, 1 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон, Ц.Цэзэнг 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Таван улиасны эмнэлэгт эх баригч, бага эмчээр ... тус тус ажиллуулсугай гэжээ,
- Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаанд: Даатгуулагч Ц.Цэзэнгийн Увс аймгийн Тэс сумын Таван улиасны эмнэлэг-т 1997 оны 6 дугаар сараас 1998 оны 3 дугаар сарыг дуустал, 1998 оны 10 дугаар сараас 1999 оны 3 дугаар сарыг дуустал, 1999 оны 5 дугаар сараас 2000 оны 7 дугаар сарыг дуустал, 2000 оны 11 дүгээр сараас 2001 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэл-ийг түүвэрлэн ирүүлсэн,
- Гэрч Р.Омоогийн: Би 1977 оноос Увс аймгийн Тэс сумын Таван улиас бригадын Бага эмчийн салбарт сувилагчаар ажиллаж байгаад 1979 оноос 1987 оныг дуустал Таван улиас бригадын актекийн эрхлэгчээр, 1989 оноос Увс аймгийн Тэс сумын Эмийн сангийн эрхлэгчээр 1991 оныг дуустал ажилласан. Ц.Цэзэн нь намайг Таван улиасны бага эмчийн салбарт ажиллаж байхад 1985 оноос 1987 он хүртэл эх баригч, бага эмчээр ажиллаж байгаад 1987 оноос тус бригадын Яслийн эрхлэгчээр 3-4 жил ажилласан. Тэр үед ч гэсэн бид нэг байранд үйл ажиллагаа явуулдаг байсан. Тухайн үед бригадын бага сургууль, цэцэрлэг хоёр нэг байранд, эмнэлэг, ясли хоёр нэг байранд үйл ажиллагаа явуулж байсан. Увс аймгийн Тэс сумын Таван улиас бригадын даргаар Ц.Лүүнээ, Эмнэлэгийн эрхлэгч эмчээр Ж.Аюуш, Д.Янжмаа гэх хүмүүс ажиллаж байсан хийж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч М.Жаргалын: Би 1979 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч, бага эмч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд 1979 оны 7 дугаар сараас эхлэн Увс аймгийн Тэс сумын Хар-Үзүүрийн Сум дундын эмнэлэгт эх баригч, бага эмчээр ажилд орж, 2005 он хүртэл ажилласан. Ц.Цэзэн нь 1985 оноос 1987 он хүртэл Тэс сумын Таван улиасны бага эмчийн салбарт эх баригч, бага эмчээр ажиллаж байсан. Бид хоёр дээд, доод бригадаас сумын төвд ирж, мэдээ тайлан өгдөг байсан, нэг мэргэжилтэй үе тэнгийн хүмүүс учраас нэгнээ сайн мэднэ. Увс аймгийн Тэс сумын Таван улиас бригадын даргаар Ц.Лүүнээ, Эмнэлэгийн эрхлэгч эмчээр Ж.Аюуш, Д.Янжма гэх хүмүүс ажиллаж байсан хийж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Н.Гүнжээгийн: Би 1979 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч, бага эмч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд 1979 оны 7 дугаар сараас эхлэн Увс аймгийн Тэс сумын Хар-Үзүүрийн Сум дундын эмнэлэгт эх баригч, бага эмчээр ажилд орж, 2005 он хүртэл ажилласан. Ц.Цэзэн нь 1985 оноос 1987 он хүртэл Тэс сумын Таван улиасны бага эмчийн салбарт эх баригч бага эмчээр ажиллаж байсан. Бид хоёр дээр, доод бригадаас сумын төвд ирж мэдээ тайлан өгдөг байсан, нэг мэргэжилтэй хүмүүс учраас нэгнээ сайн мэднэ гэх мэдүүлэг,
- Гэрч Н.Жимсээгийн: Би 1988 онд Говь-Алтай аймгийн ангаах ухааны дунд сургууль төгсөж ирээд Увс аймгийн Тэс сумын Таван улиасны Их эмчийн салбарт сувилагчаар ажилд орж ажиллахад Ц.Цэзэн нь тус эмнэлэгт ажилладаг байсан. Тухайн үед Таван улиасны бригадын цэцэрлэг нь бага сургууль дээрээ, ясли нь эмнэлэг дээрээ үйл ажиллагаа явуулдаг байсан. Яслийн эрхлэгчээр Ц.Цэзэн эмч, сувилагчаар Г.Цэцэгмаа гэх хүмүүс ажиллаж байсан. Ясли эмнэлэг нь нэг байранд хамтдаа үйл ажиллагаа явуулдаг байсан учраас бид нэгнээ сайн мэднэ. Ц.Цэзэн эмч нь 1987 оноос 1990 оныг дуустал Тэс сумын Таван улиасны Яслийн эрхлэгчээр ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Ү.Долгорсүрэнгийн: Би 1980 оноос 2015 он хүртэл Увс аймгийн Эм хангамж компанид нөөцийн тасгийн эрхлэгч, Эмийн хангамж ХХК-ийн захирлаар тус тус ажиллаж байсан. Ц.Цэзэн нь 1993 оноос 1998 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Таван улиас бригадад Эмийн санд эрхлэгчээр ажиллаж байсан. Ц.Цэзэн нь Эм хангамжийн төвөөсөө эмээ татан авдаг байсан учраас би Ц.Цэзэний ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна. Увс аймгийн Эм хангамж компанийн захирлаар Ц.Сайнбуян гэх хүн ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Д.Байгалийн: Миний бие нь 1995 оноос одоог хүртэл Увс аймгийн Эм хангамж ХХК-нд конторын үйлчлэгч, эмийн сангийн үйлчлэгчээр ажиллаж байгаа. Ц.Цэзэн манай компанийн салбар эмийн санд ажиллаж байсан. Тухайн үед Эм хангамж компани нэртэй байхад Увс аймгийн Тэс сумын Таван улиас бригадын Эмийн агент салбарт 1998 он хүртэл ажилласан. Би өөрөө Тэс сумын Таван улиас бригадын хүн болохоороо Ц.Цэзэний ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна. Ц.Цэзэн нь тухайн үед төвөөсөө эмээ татдаг байсан. Одоо ч Таван улиас 11 дүгээр багт эх баригч, бага эмчээр ажиллаж байгаа гэх мэдүүлэг,
- Гэрч Р.Омоо, Р.Жаргал, Н.Гүнжээ, Н.Жимсээ, Ү.Долгорсүрэн, Д.Байгаль нарын иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг баримтууд болно.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр Ц.Цэзэнгийн 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 2 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Таван улиасны бригадын бага эмчээр, 1987 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Таван улиасны бригадын Яслийн эрхлэгчээр, 1993 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1998 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Таван улиасны бригадын Эмийн сангийн эрхлэгчээр, 1998 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Таван улиасны эмнэлэгт эх баригч, бага эмчээр тус тус ажиллаж байсан байдал нь нотлогдож, тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ц.Цэзэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хошууд овогтой Цэвээний Цэзэнгийн 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 2 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Таван улиасны бригадын бага эмчээр, 1987 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Таван улиасны бригадын Яслийн эрхлэгчээр, 1993 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1998 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Таван улиасны бригадын Эмийн сангийн эрхлэгчээр, 1998 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Таван улиасны эмнэлэгт эх баригч, бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Цэзэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА