| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0479/Э |
| Дугаар | 475 |
| Огноо | 2020-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 475
2020 5 18 2020/ШЦТ/475
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч С.Болорзул,
шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Г.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009010030479 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 08-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 11-120 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д.Д /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Д нь согтуугаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Их Тамир” амралтын газарт иргэн А.Отгонтөгсийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт 2 удаа гараараа цохиж, духаараа мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…тэгэхээр нь би сууж байсан газраасаа босоод Отгонтөгс дээр дөхөж очтол Отгонтөгс нь миний өөдөөс босоод ирэхээр нь ор руу гараараа нүүрэн тус газарт мангасдаж гараараа хүрч түлхээд хойшоогоо унагаасан чинь Отгонтөгс нь миний өөдөөс хөлөөрөө жийхээр нь Отгонтөгсийг орон дээр хоёр гарнаас бариад дарж байгаад Отгонтөгсийн нүүрэн тус газарт бөгөөд хамарт хэсэгт нь нэг удаа дух хэсгээрээ мөргөчихсөн юм. тиймээ би Отгонтөгсийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-3-3/,
Хохирогч А.Отгонтөгсийн "...2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн өглөөний 9 цагийн үед бөөндөө сэрээд үлдсэн архи пивоо хуваагаад ууж байтал би Дөлгөөн гэх залуутай ам зөрж маргасан, маргаан болохоор Дөлгөөнтэй хамт Хятад улсын Хөх хотод нэг сургуульд хамтдаа сурч байсан юм. хэсэг хугацааны дараа орон дээр сууж байхад Дөлгөөн миний бие рүү өшиглөж дөхөж ирээд Дөлгөөн нь босоод ир дээ гэж хэлэхээр нь би сууж байсан газраасаа босож иртэл миний нүүрэн тус газарт гараа 2-3 удаа цохиод авахаар нь хойшоогоо орон дээр нуруу хэсгээрээ унасан чинь миний хоёр гар дарж дээр гарж хэвтсэнээ миний хамар тус газарт 2-3 удаа духаараа мөргөөд авахаар нь өөрөөсөө холдуулах салгах гэж хөлөөрөө жийтэл холдохгүй байтал Баргас ирээд Дөлгөөнийг миний дээрээс холдуулаад салгасан юм. Эмчилгээний зардлыг барагдуулах юм бол гомдол санал гээд байх юм алга, би шүүх хуралдаанд оролцохгүй..." гэсэн мэдүүлэг /хх-н 14-17/,
Гэрч Б.Чингүүний "... тэгсэн Дөлгөөн 2 гарыг барьж байгаад Отгонтөгсийн хамар хэсэг рүү духаараа нэг удаа мөргөөд авахаар нь бид хэд больчих гээд салгасан Дөлгөөн нь Отгонтөгсийн дээрээс хамар хэсэг рүү нэг удаа духаараа мөргөсөн үйлдэл гаргасан юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25/,
Гэрч О.Номин-Эрдэнийн "...миний харснаар Хүслэнг эрүүлжүүлэхэд хоносон, туранхай биетэй залуу зодож цохиод байсан. Хүслэнг зодоод байсан тэр туранхай залуу их уур омогтой байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/,
Гэрч Б.Мөнхжаргалын "...тэгээд нэг сэрсэн чинь гадаа гэгээ орчихсон байхаар нь залуучуудын амралтын гэрт ортол Отгонтөгс нь Дөк гэдэг залуутай маргалдаад сууж байсан, тэгтэл Дөлгөөн нь босож ирээд Отгонтөгсийг шууд гараараа нүүрэн тус газар руу гараараа цохиод байсан чинь Бархас, Төөгөө нар нь Дөлгөөнийг салгасан юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹3801 тоот актын “…А.Отгонтөгсийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-30-31/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-38/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-45-46/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Д.Д нь согтуугаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Их Тамир” амралтын газарт иргэн А.Отгонтөгсийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт 2 удаа гараараа цохиж, духаараа мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч А.Отгонтөгс, гэрч Б.Чингүүн, Б.Мөнхжаргал нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №3801 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Д.Дий сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Дий хохирогч А.Отгонтөгсийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогч А.Отгонтөгс өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэхэд шаардлагатай зардал гэж “ЭМЖЖ” ХХК-ийн 3.495.000 төгрөгийн нэхэмжлэл, мөн төрийн банкны 8.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд тэрээр тус эрүүгийн хэрэгт өөрт учирсан бодит хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй байна.
Өөрөөр хэлбэл хохирогч нь “ЭМЖЖ” ХХК-ийн эмнэлэгт эмчилүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд хохирогчийн дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.
Харин хохирогч А.Отгонтөгсийн өөрт учирсан хохирлыг эмчилүүлэхэд гарсан зардлыг гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч Д.Дий дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч Д.Дд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Д.Д нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Дийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Д.Д нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч А.Отгонтөгс нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР