| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00728/и |
| Дугаар | 802 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 802
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багт оршин суух, Зуутраг овогтой Бямбаагийн Нямдаваагийн,
Нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Уранжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Нямдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1960 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн. 1978 онд 18 настайдаа цэргийн албанд татагдаж, 1981 онд халагдаж ирээд иргэний үнэмлэхээ авахдаа 1962 онд төрснөөр бүртгүүлэн авсан байсан юм. Эцэг, эх болон бүртгэлийн ажилтан яагаад буруу бүртгэснийг би мэдэхгүй. Иргэний бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад намайг 1960 онд төрсөн талаарх бүртгэл гарахгүй байна. Харин төрсөн дүү Б.Маамуу 1963 оны 2 дугаар сард төрсөн бүртгэл байдаг. Энэ бүх байдлыг харьцуулан үзэж намайг 1960 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Нямдаваа нь нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1809 дугаартай лавлагаанд 1960-1962 оны Увс аймгийн Түргэн сумын Төрөлтийн бүртгэлд Бямбаагийн Нямдаваагийн төрөлт бүргэгдээгүй байна гэсэн байх ба нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхэд түүнийг 1962 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хэмээн бүртгэжээ.
Гэтэл хэрэгт авагдсан Б.Нямдаваагийн 365113 тоот цэргийн батлахад 1960 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хэмээн бүртгэн, тэмдэглэгдсэн, мөн нэхэмжлэгчийн төрсөн дүү Бямбын Маамуу нь 1963 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 2009 оны 2 дугаар сарын 09-ний өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 108/001701 тоот лавлагаагаар тогтоогдож байна.
Түүнчлэн Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 629 дугаартай дүгнэлтэд: Үзүүлэгч Б.Нямдаваа нь 1959 оноос 1962 онд төрсөн буюу одоо 54-57 настай байх боломжтой гэжээ.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Л.Рагчаадорж: Манай Бямбаа ахынх 7 хүүхэдтэй айл байсан. Б.Нямдаваа нь айлын 2 дахь хүүхэд юм. Том нь Б.Намсрай, Б.Нямдаваа, Б.Маамуу, Б.Соны, Б.Зийнаа, Б.Нийнаа, Б.Отгонбаатар гэх 7 хүүхэдтэй айл байсан. Том нь Б.Намсрай 1957 онд төрсөн, Б.Нямдаваа 1960 онд төрсөн, Б.Нямдавааг төрөх үед би 5 дугаар ангид байсан. Б.Нямдаваа нь цэрэгт яваад ирэхэд нь аав Бямбаа, ээж Цээпэл нар нь иргэний үнэмлэх авахдаа 1962 онд төрсөн гэж буруу бичилт хийлгэсэн гэсэн. Б.Нямдаваагийн дүү Б.Маамуу нь 1963 онд төрсөн. Эдний 7 хүүхэд нь 2-3 насны зөрүүтэй хүүхдүүд байдаг байсан. Одоо энэ 7 хүнээс 5 нь байгаа, 2 нь бурхан болсон. Би одоо хөгшрөөд зарим зүйлийг сайн санахгүй байна гэж, гэрч Б.Намсрай: Манайх эх эцгээсээ 7 хүүхэдтэй айл байсан. Одоо бид 7-оос 5 нь байгаа. Бага дүү болон надаас доош 3 дахь дүү хоёр маань бурхан болсон. Б.Нямдаваа нь айлын 2 дахь хүүхэд юм. Том нь би Б.Намсрай, дараагийнх нь Б.Нямдаваа, Б.Маамуу, Б.Соны, Б.Зийнаа, Б.Нийнаа, Б.Отгонбаатар гэх 7 хүүхэдтэй айл байсан. Би 1957 онд, Б.Нямдаваа 1960 онд, Б.Маамуу 1963 онд, Б.Соны 1967 онд, Б.Зийнаа 1969 онд, Б.Нийнаа нь 1973 онд, Б.Отгонбаатар 1979 онд тус тус төрсөн. Манай аавыг Б.Бямбаа, ээжийг Т.Цээпэл гэдэг байсан. Аав, ээж маань Б.Нямдаваад иргэний үнэмлэх авахдаа л төрсөн оныг нь буруу бичүүлсэн байсан. Б.Нямдаваагийн одооны бүртгэлээр бол дүү Б.Маамуутай 6 сарын зөрүүтэй бичилттэй харагдаж байгаа. Аав ээж андуурсан уу, тухайн үеийн бүртгэлийн хүний алдаа юу бид нар сайн мэдэхгүй байна. Тухайн үе бид нарыг төрсний дараагаар төрсний бүртгэлийг жилийн дараа ч авч байсан гэж бас ярилцдаг байсан. Тухайн үед бидний бичиг баримтан дээр анхаарахгүй их л хайнга байсан юм шиг байгаа юм. Миний дүү Б.Нямдаваа нь 1960 онд төрсөн нь үнэн юмаа гэсэн мэдүүлгийг тус тус өгсөн байна.
Өөрөөр хэлбэл, Б.Нямдаваа нь өөрийн төрсөн дүү Б.Маамуутай 8 сарын зөрүүтэй төрснөөр бүртгэгдсэн байх ба энэ нь бодит байдалд нийцээгүй байх тул түүний төрсөн он зөвтгөн тогтоолгох хүсэлт үндэслэлтэй байна.
Иймд гэрч Л.Рагчаадорж, Б.Намсрай нарын мэдүүлэг, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 629 дугаартай дүгнэлт, 365113 дугаартай цэргийн батлах, нэхэмжлэгчийн төрсөн ах, дүү нарын төрөл садангийн холбоотойг нотлох лавлагаанууд, нэхэмжлэгчийн өөрийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн, Зуутраг овогтой Бямбаагийн Нямдавааг 1960 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, одоо 56 настай болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Б.Нямдаваагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Зуутраг овогтой Бямбаагийн Нямдаваагийн 1960 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, одоо 56 настай болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Нямдаваагийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА