| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00817/и |
| Дугаар | 803 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 803
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 12-23 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, эмэгтэй, ОР61120207 регистрийн дугаартай, Галзад овогтой Машлайгийн Буяндэлгэрийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Буяндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Буяндэлгэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1961 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 55 настай, ам бүл 5, багш мэргэжилтэй. Би Ховд аймаг дахь Улсын багшийн дээд сургуулийг 1983 онд Монгол хэл, Уран зохиолын багшаар төгсөж ирээд 1983 оны 8 дугаар сараас эхлэн 1984 оны 7 дугаар сарыг дуустал Увс аймгийн Өлгий сумын 8-н жилийн дунд сургуульд багш, 1984 оны 8 дугаар сараас 1992 оны 7 дугаар сарыг дуустал Увс аймгийн Хяргас сумын сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр тасралтгүй ажилласан. Одоо тэтгэврээ тогтоолгох гэтэл тухайн үеийн ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болон шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Өлгий сумын 8-н жилийн дунд сургуульд 1983 оны 8 дугаар сараас 1984 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан, Увс аймгийн Хяргас сумын дунд сургуульд 1984 оны 8 дугаар сараас 1985 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд багшаар, 1985 оны 8 дугаар сараас 1992 оны 7 дугаар сарыг дуустал хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсныг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Буяндэлгэр нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод М.Буяндэлгэрийн Увс аймгийн Өлгий, Хяргас сумын сургуулиудад 1983 оны 8 дугаар сараас 1992 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэж ирүүлсэн байна.
Мөн БНМАУ-ын Ардын боловсролын яамны 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 110 тоот томилолтын хуудсаар М.Буяндэлгэрийг Увс аймгийн Ардын боловсролын хэлтэст шилжүүлж, Увс аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 79 тоот тушаалаар түүнийг Өлгий сумын 8 жилийн сургуульд багшаар ажиллуулахаар томилж, мөн даргын 1983 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тушаалаар түүнийг Өлгий сумын сургуульд монгол хэлний багшаар томилон ажиллуулахаар тус тус шийдвэрлэсэн тушаалууд авагджээ.
Түүнчлэн М.Буяндэлгэрт Увс аймгийн Хяргас сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 52 тоот тушаалаар бэлэг дурсгалд зориулан шатар зарлага болгосон тухай тушаал мөн авагдсан байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Цэдэв, Л.Баатар, Б.Батчулуун, Ц.Нямаа нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Д.Цэдэв: Миний бие нь Увс аймгийн Хяргас сумын дунд сургуульд орос хэлний багшаар 1987 оноос 2000 оныг дуустал ажилласан. М.Буяндэлгэр нь намайг 1987 онд тухайн сургуульд багшаар ажилд ороход хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Манай сумын 8-н жилийн дунд сургууль нь 1992 онд 10-н жилийн дунд сургууль болсон. М.Буяндэлгэр нь Өлгий сумын 8-н жилийн дунд сургуульд 1 жил ажиллаад манай Хяргас сумын сургууль руу томилогдон ажилласан гэсэн. Намайг Хяргас сумын дунд сургуульд ажиллаж байхад хичээлийн эрхлэгч, сургалтын менежерээр ажиллаж байсан үнэн. Увс аймгийн Хягас сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлаар Л.Цэдэвдорж гэх хүн ажиллаж байсан гэж, гэрч Л.Баатар: М.Буяндэлгэрийг сайн мэднэ. Манайхан айл хошоо амьдарч байсан. Би 1978 оноос 1991 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Хяргас сумын 8-н жилийн дунд сургуульд биеийн тамирын багшаар 11 жил ажилласан. М.Буяндэлгэр нь Ховд аймаг дахь Багшийн дээд сургууль төгсөж ирээд Өлгий сумын 8-н жилийн дунд сургуульд 1 жил монгол хэл, уран зохиолын багшаар томилогдон ажиллаж байгаад 1984 оны 8 дугаар сараас Хяргас сумын 8-н жилийн дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар, хичээлийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. Намайг 1991 оны 7 дугаар сар хүртэл биеийн тамирын багшаар ажиллаж байхад М.Буяндэлгэр нь тухайн сургуульдаа хичээлийн эрхлэгчээр ажиллаад үлдсэн. М.Буяндэлгэрийн нөхөр Ц.Нямаа нь газар зүйн багшаар ажиллаж байсан юм. Увс аймгийн Хягас сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлаар Г.Тогтох, Л.Цэдэвдорж, М.Оониа, Д.Нямаа гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Ц.Нямаа: Би Увс аймгийн Өлгий сумын 8-н жилийн дунд сургуульд газар зүйн багшаар 1983 оноос 1984 оны 9 дүгээр сарыг хүртэл ажилласан. Тэр үед М.Буяндэлгэр нь Өлгий сумын 8-н жилийн дунд сургуульд 1983 оны 8 дугаар сараас эхлэн 1984 оны 8 дугаар сарыг дуустал 1 жил монгол хэл, уран зохиолын багшаар ажилласан. Бид хоёр үе тэнгийн боловсролын салбарт удаан жил ажилласан хүмүүс учир нэгнээ сайн мэднэ. Тэр үеэс хойш М.Буяндэлгэр нь Хяргас сумын 10-н жилийн сургуульд багш, сургалтын менежерээр тус тус ажиллаж байсан. Би 1 жил Өлгий суманд ажилаад цэргийн албанд явж ирээд Хяргас сумын дунд сургуульд газар зүйн багшаар томилогдон ажиллаж байсан гэж, гэрч Б.Батчулуун: Миний бие Увс аймгийн Өлгий сумын 8 жилийн дунд сургуульд биеийн тамирын багшаар 1978-1985 оны хооронд ажилласан. Тухайн үед М.Буяндэлгэр нь 1983 оны 8 дугаар сараас эхлэн 1984 оны 8 дугаар сарыг дуустал 1 жилийн хугацаанд монгол хэл, уран зохиолын багшаар томилогдон ажилласан юм. Тэр үед Боловсролын хэлтсээс шинэ томилогдон ирсэн багш нарыг сум руу томилолтоор ажиллуулдаг байсан. М.Буяндэлгэр 1 жил Өлгий сумын сургуульд ажиллаад Хяргас сумын сургууль руу шилжин ажилласан гэх мэдүүлэг тус тус өгсөн байх ба гэрчүүдийн ажилласан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд тус тус хэрэгт авагджээ.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийн тайлбар зэргийг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М.Буяндэлгэрийн 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Өлгий сумын 8 жилийн сургуульд багшаар, 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Хяргас сумын 8 жилийн дунд сургуульд багшаар, 1985 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Хяргас сумын 8 жилийн дунд сургуулийн хичээлийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар М.Буяндэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Галзад овогтой Машлайгийн Буяндэлгэрийн 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Өлгий сумын 8 жилийн сургуульд багшаар, 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Хяргас сумын 8 жилийн дунд сургуульд багшаар, 1985 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Хяргас сумын 8 жилийн дунд сургуулийн хичээлийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч М.Буяндэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА