| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0039/Э/ |
| Дугаар | 41 |
| Огноо | 2020-06-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч А.Оргилбаяр
Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.М-т холбогдох 2016000640031 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, О овогтой Ц-н М гэв.
Шүүгдэгч Ц.М нь согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт баг, Завхан гол 00 тоотод оршин суух өөрийн танил болох иргэн Г.Б-н өмчлөлийн их гарын цахиур манан хөөргийг гэрт нь ороод гарахдаа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг үнэлэхэд шүүгдэгч Ц.М-н согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт баг, Завхан гол 00 тоотод оршин суух өөрийн танил болох иргэн Г.Б-н өмчлөлийн их гарын цахиур манан хөөргийг гэрт нь ороод гарахдаа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь хүний өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ц.М гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ц.М-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Б гэдэг хүн их сайн хүн. Миний хуримыг хийлгэж байсан. Багаасаа сайн мэддэг, байнгын орж гардаг байсан. Сүүлийн 3 сар ганцаараа байсан. Ер нь жоохон архи уудаг. Гаднаас хүмүүс ирээд нийлээд архи уугаад, хоол унд хийж идээд байж байдаг байсан. 01 дүгээр сарын 27-ны өдөр орой 8 цагийн үед би А-тай хамт Б ахынд ирэхэд миний дүү ирсэн үү гэж хэлээд шкафнаасаа 0.75 литртэй архи гаргаж ирээд бид гурав хувааж уусан. Тэгэхэд ширээн дээр хөөрөг байж байсан. Архи дуусахад А би явлаа гэж хэлээд яваад өгсөн. Б ах өглөө 06 цагт босоод зүрхээ цохиод дэгдчихдэг хүн. Би хамт байдаг учир сайн мэднэ. Тэгээд би Б ахаас өглөө уух юм байгаа юм уу гэхэд дууссан гэж хэлсэн. Маргааш нь Улаанбаатар явах гэж байсан учир Б ахын виза карт бүх юмыг нь дүүгийнх нь хүүхэд хураагаад авсан байсан. Тэгэхээр нь би санаа оруулаад тэр хөөргийг 35.000 төгрөгөөр авч байсан, жижиг гарын хөөрөг гэж ярьж байсан учир хөөргийг чинь тавьчихъя гэж хэлсэн. Тэгээд 10 цаг өнгөрч байхад би хөөргийг нь аваад дүүгийнхээ дэлгүүр дээр очоод цонхыг нь цохиод Б миний дүү энийг аваатахаач гэхэд “юу солиороод байгаа юм бэ зайл” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурын зуухан дээр очиход Батгэрэл бас хоёр залуу хамт байсан. Би Ба-тай уулзаад энэ хөөргийг 20.000 төгрөгт аваатах гэхэд хэний хөөрөг юм бэ гэхээр нь минийх гэж хэлсэн. Тэгээд надад мөнгө байхгүй 10.000 төгрөг л байна гэж хэлсэн. Тэгээд мобайлдана гэхээр нь Б-н дансны дугаарыг өгсөн. Тэгээд би буцаж очоод Б-н цонхыг цохиход яах гээд байгаа юм бэ яв гэж хэлсэн. Тэгэхээр нь “Б ахыг гаргаж өгөх гэсэн юм нэг шил архи өгчих” гэхэд цагдаа дуудлаа шүү гэж хэлээд цагдаа дуудсан. Тэгээд жоохон байж байгаад сумын цагдаа Баатарцогт ирсэн. Би Ба цагдаатай хамт Б ахынд ороод Б ахтай хамт унтаад өгсөн. Маргааш өглөө 09 цагт босоод гэрээрээ орчихоод 10 цагийн үед дэлгүүр рүү ороход энийгээ ав гэж хэлээд 10.000 төгрөг өгөхөөр нь авч гараад зэрэгцээ хаалганы үүдэн дээр хүнтэй архи ууж байхад Б ах ирсэн. Тэгээд гурвуулаа нэг шил архи хувааж уусан. Тэгэхэд Б ах миний дээл алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дээлнийхээ учрыг олоорой гэж хэлчихээд клуб ороход клубийн соёлын төвийн захирал тэтгэвэртэй гарч байгаа гэж хэлээд нэг шил архи гаргаж ирсэн. Тэрийг нь клубын 3 ажилтантай хамт хувааж уучихаад банкны тэнд цагаан машин байхаар нь очсон ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... Өөрийн буруутай үйл ажиллагаанаас болон архи дарсанд хэтэрхий шунхайран ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй, архи дарснаас хол байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Б.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр манай аав Г.Б нь Тайшир сумын төвд байх гэрээсээ өөрийн эзэмшлийн их гарын цахиур манан хөөргөө хулгайд алдсан. Тэр үеэр аавын гэрээр М, Ар, А, Н нар орж гардаг байсан ... 1986 онд Ховдын тууварчин хүнээс агтны 2 адуу өгч авч байсан. Хуучин цагийн хийцтэй, их гарын шар судалтай, сааран өнгөтэй, 2 талдаа мөртэй, 8 бадтай, шинэ цагийн улаан өнгөтэй хув толгойтой, шаргал төмөр нуухтай, төмөр халбагатай, цахиур манан хөөрөг байсан ... Хөөрөг олдсон тул ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /ХХ20-21/,
Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Ц.М уурын зуухан дээр хөөрөг бариад орж ирсэн. М энэ хөөргийг 25.000 төгрөгөөр аваатах гэсэн. Тэгээд би Наадах чинь хэний хөөрөг юм бэ? Би хөөрөгтэй авахгүй гэтэл М хуцаад байгаарай. Миний хөөрөг шүү гэсэн. Тэгээд би авахгүй, авахгүй гэтэл М гараад явсан. Хэсэг байж байгаад М дахин орж ирээд 20.000 төгрөгөөр аваатах гээд орж ирсэн. Тэр үед надтай хамт ээлжинд гарч байсан Г.Д би хөөрөггүй, гэртээ очиж үзүүлчихээд ирье гээд Ц.М-с хөөргийг нь аваад явсан. Хэсэг хугацааны дараа Д мөнгө бүтэхгүй байна. Болилоо гээд хөөргийг нь буцаагаад аваад ирсэн. Тэгээд би хөөрөг авахгүй гэтэл М ах нь ганц юм уучихаад амармаар байна гэсэн. Тэгээд гуйгаад байхаар нь би 10.000 төгрөг мобайлаар өгөхөөр болсон. М чи Б-н данс руу хийчих, би очоод авчихья гэсэн. Тэгээд би Болор-н данс руу 10.000 төгрөг мобайлаар хийсэн ... Их гарын саарал өнгөтэй, шаргал төмөр нуухтай, улаан өнгөтэй чулуун толгойтой, шар судалтай манан хөөрөг байсан. Хуучин цагийн хийцтэй хөөрөг байсан ... өөрийн эзэмшлийн 555555555555 тоот данснаас Ц.Б гэсэн 5555555555 тоот данс руу хийсэн... Би гүйлгээний утган дээр өөрийнхөө 88888888 утасны дугаараа бичиж хийсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ24/
Гэрч Ц.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... Уурын зуухан дээр Г.Б ахтай ээлжинд гарч байсан. Тэгсэн орой 11 цаг өнгөрч байхад Ц.М ах зуухан дээр нэг хөөрөг бариад орж ирсэн. М энэ хөөргийг 25.000 төгрөгөнд аваатах гэсэн. Тэгэхэд Б ах Наадах чинь хэний хөөрөг юм бэ? Би хөөрөгтэй авахгүй гэтэл М хуцаад байгаарай, миний хөөрөг шүү гэсэн. Тэгээд Б ах авахгүй, авахгүй гэтэл М гараад явсан. Хэсэг байж байгаад М дахин орж ирээд 20.000 төгрөгөөр аваатах гээд орж ирсэн. Тэр үед би хөөргийг нь сонирохоод гэртээ очиж үзүүлчихээд ирье гээд Ц.М-с хөөргийг нь аваад явсан. Тэгээд би гэртээ очиж эхнэртээ үзүүлтэл эхнэр ямар ч хөөрөг юм билээ, мөнгө алга байна, авч яах гээд байгаа юм гэсэн. Тэгээд би М ахад мөнгө бүтэхгүй байна. Болилоо гээд хөөргийг нь буцаагаад аваачаад өгсөн... Их гарын саарал өнгөтэй, шаргал төмөр нуухтай, улаан өнгийн чулуун толгойтой, шар судалтай манан хөөрөг байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ26/,
Гэрч Ж.С-н мөрдөн байцаалтад өгсөн “... Манай нөхөр Ц.Д уурын зуухан дээр ээлжинд гарч байсан. Тэгээд орой 23 цагийн үед гэртээ ирэхдээ 1 хөөрөг авч ирсэн. Ц.Д надад хэлэхдээ би энэ хөөргийг авчих уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би юун учиртай хөөрөг юм. Хэнээс авсан юм гэхэд Б ах согтуу уурын зуухан дээр авч ирж зарах гээд байгаа юм. 20.000 төгрөгөөр аваатах гэсэн юм гэхэд би дургүйцээд хулгайн юм байж магадгүй, согтуу хүнээс юм авах гэлээ, буцааж аваачиж өг гээд явуулсан... хөх сааралдуу өнгөтэй, шар судалтай, томдуу хөөрөг байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ27/,
Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 02 дугаар сарын эхээр Улаанбаатар хот орж цагаан сараа тэмдэглэх зорилгоор явах гэж байсан. Тэгээд өөрийн дунд гарын цахиур ман хөөргийг шүүгээнээсээ авах гэтэл байхгүй байсан ... миний эдэлж хэрэглэж байсан хөөрөг тойрсон цагаан судалтай, Эрдэнэтийн эсгүүр гээд сүүлийн үеийн Эрдэнэтийн улаан чулуун толгойтой, гуулин нуухтай, ясан халбагатай байсан нь ясан халбага нь хугарчихаар нь хадаасаар халбагыг нь хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ33-34/ болон Ашид билгүүн ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №ТХҮ-820-20 дугаартай үнэлгээний дүгнэлт /ХХ37-39/, 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /ХХ8/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ9/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /ХХ13/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ14-15/, Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ17-18/, таньж олуулах ажиллагаа явуулсан бичлэг бүхий CD зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, түүнд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 3 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 24 цагийг түүнд оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, биеэр эдлэх ялыг 276 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.
Хохирогч Б.Н-н “ хөөргөө олсон тул ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ21/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ12/ зэргийг үндэслэн шүүгдэгч Ц.М-г гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Ц-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугайн.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-г 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-н цагдан хоригдсон 3 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 24 цагийг түүнд оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, 276 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ц.М-н эдлэх 276 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.М-т танилцуулсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА