Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 804

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 6 дугаар баг, 2-24 тоотод оршин суух, 1973 онд төрсөн, эмэгтэй, ОО73112564 регистрийн дугаартай, Тайж овогтой Чойжилсүрэнгийн Баясгалангийн,

           Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ч.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.Баясгалан нь 1973 онд төрсөн, 43 настай. Би С.Ёндонтой 2003 оны 10 дугаар сард гэр бүл болж, тэр цагаас хойш хамт амьдрах болсон. Хамт амьдарч байх хугацаандаа 2004 оны 8 дугаар сарын 08-ны өдөр охин Ё.Болормааг, 2008 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүү Ё.Бямбабаяр нарыг төрүүлсэн. Хүүхдүүд маань одоо эрүүл саруул өсөж байна. С.Ёндон бид хоёр хамтдаа амьдраад 13 жил болсон. Бид хамт амьдарч байсан ч гэрлэлтээ албан ёсоор батлуулж гэрчилгээ авч байгаагүй. Тухайн үед нөхөр маань гэрлэлтээ бүртгүүлэх гэхээр Нас маань явчихсан болохоор хүн амьтнаас санаа зовж байна, настай хүмүүс байж яаж гэрлэлтээ бүртгүүлэх гэж байна гээд явж байх юм гээд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, гэрчилгээ аваагүй. Хэдий гэрлэлтээ бүртгүүлээгүй ч албан ёсны бүртгэлгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийг эцгээр нь овоглох боломжтой гэсний дагуу бид хүүхдүүдээ аав С.Ёндонгийн нэрээр овоглож улсын бүртгэлд бүртгүүлж, төрсний гэрчилгээ авсан болно. Гэтэл нөхөр С.Ёндон маань 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 53 настайдаа өвчний /даралт харваж/ улмаас нас барсан. Одоо миний бие нөхөр С.Ёндон бид хоёрын дундаас төрсөн охин Ё.Болормаа, хүү Ё.Бямбабаяр нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч бид хоёр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй тул авах боломжгүй болсон. Иймд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж С.Ёндонтой хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд миний нөхөр С.Ёндон бид хоёрыг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ч.Баясгалан нь хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

         Xэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хэдийгээр С.Ёндон, Ч.Баясгалан нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч тэд 2003 оноос 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд хамтран амьдарч, мөн тэдний дундаас 2004 оны 8 дугаар сарын 08-ны өдөр охин Галзад овогтой Ёндонгийн Болормаа, 2008 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүү Галзад овогтой Ёндонгийн Бямбабаяр нар төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэр бүлийн гэрэл зургийн үзүүлэлт, С.Ёндонгийн нас барсны гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

         Мөн гэрч Ч.Нордогийн: Ч.Баясгалан нь 2003 онд С.Ёндонтой Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багт гэр бүл болон хамтран амьдарч эхэлсэн. Манайх эцэг эхээсээ тавуулаа. Ч.Баясгалан нь дээрээсээ дөрөвдөх нь юмаа. Манай хүргэн С.Ёндон нь өвчний улмаас 2016 оны 9 дүгээр сард нас барсан. Тухайн үед хоёр дүү маань яагаад гэрлэлтээ батлуулаагүйг би сайн мэдэхгүй байна. Ч.Баясгалан маань одоо 2 өнчин хүүхэдтэй, Увс аймгийн Тэс сумандаа амьдарч байгаа. 2004 онд анхных нь охин Ё.Болормаа, 2008 онд хүү Ё.Бямбабаяр нар төрсөн. Одоо хоёр хүүхэддээ тэтгэмж тогтоолгох гэхээр эцэг эхийнх нь гэрлэлтийн гэрчилгээ байхгүй гэсэн зөрчил гарч байгаа юм байна. Иймд миний дүү Ч.Баясгалан, С.Ёндон нар хамтран амьдарч байсан нь үнэн гэх мэдүүлэг, гэрч Д.Лхамжавын: Ч.Баясгалан, С.Ёндон хоёр дүү маань 2003 онд Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багт гэр бүл болон хамтран амьдарч эхэлсэн. Манай нөхөр эцэг эхээсээ тавуулаа. Ч.Баясгалан нь хоёр ах, нэг эгчтэй, доороо нэг дүүтэй юмаа. Манай хүргэн С.Ёндон нь өвчний улмаас 2016 оны 9 дүгээр сард харамсалтайгаар нас барсан. Тухайн үед хоёр дүү маань яагаад гэрлэлтээ батлуулаагүйг би сайн мэдэхгүй байна. Ч.Баясгалан одоо 2 өнчин хүүхэдтэй Увс аймгийн Тэс сумандаа ажил төрөлгүй, маш хүнд хэцүү амьдарч байгаа. 2004 онд анхных нь охин Ё.Болормаа, 2008 онд хүү Ё.Бямбабаяр нар төрсөн. Одоо хоёр хүүхэддээ тэтгэмж тогтоолгох гэхээр эцэг эхийнх нь гэрлэлтийн гэрчилгээ байхгүй тул шүүхэд хандаж байгаа юм байна гэх мэдүүлэг тус тус авагджээ.

          Иймд дээр дурдагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргийг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар 1963 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО63072711, Галзад овогтой Сахилтын Ёндон, 1973 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО73112564, Тайж овогтой Чойжилсүрэнгийн Баясгалан нарыг 2003 оноос 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдсэн тул нэхэмжлэгч Ч.Баясгалангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар 1963 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО63072711, Галзад овогтой Сахилтын Ёндон, 1973 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО73112564, Тайж овогтой Чойжилсүрэнгийн Баясгалан нарыг 2003 оноос 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ч.Баясгалангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА