| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00771/и |
| Дугаар | 807 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 807
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, 9-17 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эрэгтэй, УЗ88051879 регистрийн дугаартай, Булгадар бөх овогтой Даваанямын Зоригт,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, 9-17 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, эмэгтэй, ШЖ59052566 регистрийн дугаартай, Угалз овогтой Жагваралын Буд нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 12.200.000 төгрөг, зээлийн хүү 1.430.781 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 13.648.781 төгрөг гаргуулах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төгсжаргал, хариуцагч Д.Зоригт, Ж.Буд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Зоригт нь тус банкнаас 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1250023714 тоот зээлийн гэрээг байгуулан 12.200.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 28,2 хувийн хүүтэйгээр, эргэлтийн хөрөнгө зориулалтаар 36 сарын хугацаатай, зээлийн гэрээг байгуулан зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Увс, Улаангом сум, 7 дугаар баг, 9-17 тоот, 154,6 м.кв талбайтай газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Г-1520002222, Увс, Улаангом сум, 6 дугаар баг байрлалтай 700 м.кв талбайтай газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Г-1520003010, Увс аймаг Улаангом сум 6 дугаар багт байрлах 700 м.кв талбатай газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Г-1520003011, 29-96 УВА улсын дугаартай, цагаан өнгийн, 1998 онд үйлдвэрлэгдсэн ММС FUSO маркийн ачааны автомашин тус тус барьцаалуулсан. Зээлдэгч 2016 оны 6 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 7 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзсан боловч зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачилга гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн /2016.11.03/ байдлаар Д.Зоригт, Ж.Буд нарын төлөх ёстой 1250023714 дансны үндсэн зээлийн үлдэгдэл нь 12.200.000 төгрөг, зээлийн хүү 1.430.781 төгрөг, нотариатаар баталгаажуулсны зардал 18.000 төгрөг, нийт 13.643.781 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Зоригт, Ж.Буд нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Зоригт би 3 дахь удаагаа Хас банкнаас зээл авахад надад хүссэн зээлийг олгоогүй бөгөөд, зээлийн хүүгээ бууруулахгүйгээр /жилийн 28,2 хувийн хүүтэй/, хэвийн хэмжээнээс илүү барьцаа хөрөнгө шаардсан. Тухайлбал, би 20.000.000 төгрөгийн зээл хүсэхэд 12.000.000 төгрөгийг олгосон, жилийн 18 хувийн хүүтэй олгохыг хүсэхэд жилийн 28,2 хувийн хүүтэй олгосон, мөн зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт байрлах миний өмчлөлийн 700 м.кв талбай бүхий газар, 29-96 УВА улсын дугаартай ММС FUCO маркийн ачааны автомашин, миний ах Д.Буянтын өмчлөлд байдаг Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт байрлалтай 700 м.кв талбайтай газрыг, миний аав Б.Даваанямын өмчлөлд байдаг Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах 1540,6 м.кв талбай бүхий өрхийн хэрэгцээний газар зэргийг барьцаалж, нэг бэрхшээлийг нөгөөгөөр нөхөх ямар ч боломжгүй болгосон. Жишээ нь миний аавын өмчлөлийн газрыг барьцаанд аваагүй бол жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх нэн тааламжтай, хөнгөлттэй зээл, тусламжид хамрагдах боломж байсан. Энэ бүхнийг би зээлээ төлөхийг удаашруулах, хайцаалахыг хүсэж бичээгүй бөгөөд ийнхүү удааширсан шалтгааныг тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ. Мөн миний хүссэнээс бага хэмжээний зээл олгосон тул би төлөвлөсөн бизнесээ бүрэн хийж чадаагүй, авсан зээлийн мөнгөөр тээврийн зардал төлж, барилгын зарим материал татан авч бэлтгэсэн ч дараагийн ажилд хүрэлцээгүй, хүссэн зээлийг бүрэн олгосон бол засварын газраа гүйцээн барьж, үйл ажиллагаагаа жигдрүүлэх, орлого олох боломжтой байсан. Улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэж, юмны үнэ нэмэгдэж, хүмүүсийн орлого багассан явдал ч нөлөөлсөн. Гэхдээ би Хас банкны нэхэмжилсэн 13.648.781 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн барьцаанд тавьсан миний аавын өмчлөлийн газрыг барьцаанаас чөлөөлж өгөхийг хүсч байна. Ингэснээр миний дээрх зээлийг төлөх боломж бүрдэнэ гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Д.Зоригт, Д.Буд нарт холбогдуулан, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 12.200.000 төгрөг, зээлийн хүү 1.430.781 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 13.648.781 төгрөг гаргуулах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Зээлдэгч буюу хариуцагч Д.Зоригт, Ж.Буд нар нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хас банкны Увс салбартай 1250023714 тоот Зээлийн гэрээ байгуулж, 12.200.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 28.2 хувийн хүүтэй зээлж авсан байх ба мөн өдрийн Барьцааны гэрээ-ээр зээлийн барьцаанд: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 9-18 тоотод байрлах, гэрчилгээний 0396783 дугаартай, 1998 онд үйлдвэрлэгдсэн, 2996 УВА улсын дугаартай, цагаан өнгийн, MMC FUSO маркийн, аралын FK029H532173 дугаартай автомашин, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1250018177 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ-гээр барьцаалсан Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт байрлах, 700 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй, улсын бүртгэлийн Г-1520003011, гэрчилгээний 000285228 дугаартай газар, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1250020550-02 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ-ээр барьцаалсан Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 9-18 тоотод байрлах, 1540,6 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Г-1520002222, гэрчилгээний 000127954 дугаартай өмчлөх эрхтэй газар, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1250015679 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ-ээр барьцаалсан Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, Д.Буянтын газрын доод талд байрлах, 700 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Г-1520003010, гэрчилгээний 000285227 дугаартай өмчлөх эрхтэй газар зэргийг тус тус барьцаалсан байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр дуусахаар байгуулагдсан байх боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх тул Хас банк гэрээг цуцалж, хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн гэрээг цуцласнаас учирсан хохирол тус тус нэхэмжлэх эрхтэй байна.
Хариуцагч нар Хас банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардал нийт 13.648.781 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч зээлийн барьцаанд тавьсан нэг үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхийг хүссэн хариу тайлбарыг гаргасан ба шүүх талуудын хүсэл зоригоо илэрхийлэн зээлийн гэрээний баталгаа болгон барьцаалсан эд хөрөнгөөс зарим хэсгийг нь чөлөөлөх үндэслэлгүй тул тухайн тайлбарыг хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Д.Зоригт, Ж.Буд нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 12.200.000 төгрөг, зээлийн хүү 1.430.781 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 13.648.781 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Д.Зоригт, Ж.Буд нарын зээлийн барьцаанд тавьсан 1. Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 9-18 тоотод байрлах, гэрчилгээний 0396783 дугаартай, 1998 онд үйлдвэрлэгдсэн, 2996 УВА улсын дугаартай, цагаан өнгийн, MMC FUSO маркийн, аралын FK029H532173 дугаартай автомашин, 2. Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт байрлах, 700 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй, улсын бүртгэлийн Г-1520003011, гэрчилгээний 000285228 дугаартай газар, 3. Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 9-18 тоотод байрлах, 1540,6 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Г-1520002222, гэрчилгээний 000127954 дугаартай өмчлөх эрхтэй газар, 4. Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, Д.Буянтын газрын доод талд байрлах, 700 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Г-1520003010, гэрчилгээний 000285227 дугаартай өмчлөх эрхтэй газар зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226.193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Зоригт, Ж.Буд нараас 226.193 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Д.Зоригт, Ж.Буд нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 13.648.781 /арван гурван сая зургаан зуун дөчин найман мянга долоон зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
2. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Д.Зоригт, Ж.Буд нарын зээлийн барьцаанд тавьсан 1. Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 9-18 тоотод байрлах, гэрчилгээний 0396783 дугаартай, 1998 онд үйлдвэрлэгдсэн, 2996 УВА улсын дугаартай, цагаан өнгийн, MMC FUSO маркийн, аралын FK029H532173дугаартай автомашин, 2. Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт байрлах, 700 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй, улсын бүртгэлийн Г-1520003011, гэрчилгээний 000285228 дугаартай газар, 3. Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 9-18 тоотод байрлах, 1540,6 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Г-1520002222, гэрчилгээний 000127954 дугаартай өмчлөх эрхтэй газар, 4. Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, Д.Буянтын газрын доод талд байрлах, 700 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Г-1520003010, гэрчилгээний 000285227 дугаартай өмчлөх эрхтэй газар зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226.193 /хоёр зуун хорин зургаан мянга нэг зуун ерэн гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Зоригт, Ж.Буд нараас 226.193 /хоёр зуун хорин зургаан мянга нэг зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА