| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2020/0588/э |
| Дугаар | 0625 |
| Огноо | 2020-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 0625
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008012090804 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Н.М, Монгол Улсын иргэн, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух, хөдөлмөрийн чадвараа 59 хувиар алдаж группт байдаг гэх, урьд ял шийтгэлгүй, (регистрийн дугаар),
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Н.М нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн тоотод иргэн Б.Мтай “эхнэр түлхэж унагалаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд “...тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ:
“...2020 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн үед гэрийн гадаа пижигнээд байхаар нь гараад хартал эхнэрийн төрсөн дүү М хадам ээжийг чирээд манай гэрийн гадаа зогсож байсан. М орилж хашгираад байхаар нь эхнэр боль гэхэд М эхнэрийг түлхээд буйдан мөргүүлж унагаасан. Тэгэхээр нь би Мыг унагаад нүүрэнд нь 2-3 удаа алгадсан. Хохирогчид эмчилгээний зардалд 130.000 төлж өгсөн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Би ээжийг өөрийн эцэгтэйгээ хамт асарч өдий хүргэж байхад та ингэж хэллээ гээд маргалдаж байхдаа эгчийг цааш түлхсэн чинь эгч газар унасан. Энэ үед нөхөр нь эхнэрээ өмөөрөөд чи муу ингэж даврахгүй шүү гээд намайг барьж аваад орон дээр дарж байгаад дээр гарч толгой руу 6-7 удаа гараараа цохисон...миний биед учирсан гэмтлийг хүргэн ах М гараараа цохиж учруулсан. Өөр учруулсан хүн байхгүй...Сонгинохайрхан дүүргийн өөрийн хашаанд хүргэн ах Мын гэрт 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 09 цагийн үед болсон...” гэжээ. /хх-34-35/,
Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...2020 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг 30 минутын үед миний дүү М гэрийн хаалга нүдээд хөөе энэ эхийгээ ав гээд орилоод байхаар нь би цонхоор харсан чинь ээж Чийг чирээд манай байшингийн үүдний амбаарын хажууд суулгасан. Хэрүүл хийгээд загнаад байсан. Тэгтэл ээж Д хаалгаа онгойлгооч гэхээр нь би хаалга онгойлгож ээжийг гэртээ оруулаад Мтай үүдний амбаарт зогсож байгаад “ чи яах гэж ингэж байдаг юм...Тэгээд би одоо хэр удаан амьдарна гээд чи ингэж ээжийгээ зовоогоод байгаа юм. Би удахгүй ээжийг аргадаад араас чинь оруулъя гэж хэлэхэд дайраад гэр рүү орсон. Гэрт ороод ээжийг загнаад орилоод байхаар нь би Мыг гаргах санаатай урд нь хашиж зогсоод байж байхад намайг хойш түлхэж явсаар байгаад хоймрын өрөөний буйдангийн булан руу намайг түлхээд бид хоёр зууралдан хамт унасан. М намайг дээрээс дараад унасан учир надад амьсгалахад хэцүү болсон байсан тул нөхөр дээрээс салгаж аваад орон дээр дарсан чинь орилоод элдвээр хэлээд байсан болохоор манай нөхөр нүүр хэсэг рүү нь цохисон. Тэгээд би Мыг Мын толгой руу цохихоор нь болиулсан чинь орилоод та нар намайг нийлж зодлоо гээд дайраад хэрүүлээ болихгүй болохоор нь нөхөртэйгөө хамт орон дээр хөл, гарыг нь дарж хэсэг байсан. Нөхөр Маас өөр гар хүрсэн хүн байхгүй...” гэжээ. / хх 42-43/,
Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...дуудлага мэдээлэл ирсний дагуу Сонгинохайрхан дүүргийн тоотод очиж шалгахад...урд талын байшинд орсон чинь эрэгтэй, эмэгтэй 2 хүн нэг эмэгтэйг орон дээр дарчихсан байж байсан...Тэгэхэд М хүргэн ах намайг зодож цохисон гомдолтой гэх бөгөөд өөрөө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...Намайг харах үед Мын зүүн хацар байсан санагдаж байна. Бага зэрэг улайж хавдсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй байсан....” гэжээ. / хх 61-62/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2440 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн хацрын төвгөр дээр 5х4см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Зүүн нүдний доод зовхинд 4.5х2.5см хөхөлбөр өнгийн цус хуралттай. 2020.02.07-ны Толгойн КТГ-д: Тархины бор цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай... дух болон хацар орчмын зөөлөн эдэд бага зэргийн хаван хавдартай байна...гэжээ. ДҮГНЭЛТ:
1. Б.Мын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно,
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэжээ. /хх-65-66/,
Шүүгдэгч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...2020 оны 02 дугаар сарын 07-ний өглөө намайг гэртээ унтаж байхад манай гэрийн гадаа хүмүүс орилолдоод байхаар нь орноосоо босоод цонхоороо харсан чинь хадам дүү М хадам ээж Чтай маргалдаад манай байшингийн үүдний амбаарын гадна зогсож байсан. Тэгээд үүдээ онгойлго гээд манай үүдний амбаарын хаалгыг нүдээд орилоод байсан чинь цаанаас нь хадам ээж хаалгаа онгойлгоорой гэхэд нь би хаалга онгойлгон хадам ээжийг оруулахад эхнэр Д гэрийн үүдэнд Мыг гэртээ оруулахгүйгээр тайвшруулаад явуулах гэхэд манай гэрт Дыг хойш нь түлхээд шууд ороод ирсэн. Тэгээд үүдэнд зогсож эхнэр Дтай маргалдаад байсан бөгөөд эхнэрийг хойш нь түлхэж явсаар том өрөөнд байсан буйдан руу түлхээд өөрөө дээр нь дараад унасан. Энэ үед эхнэрийн бие хачин болсон, нүүр ам нь цонхийгоод харагдахаар нь Мыг татаж босгоод хажуугийн орон дээр дарж унагаад эхнэрээ өмөөрөөд нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон...шинжээчийн дүгнэлтээр Мын биед учирсан ...гараараа нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Тэгэхэд учирсан гэмтлүүд байна...” гэжээ. /хх-98-101/,
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-110/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-111/, оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-122/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-127/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-133/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Мт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.М нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн тоотод иргэн Б.Мтай “эхнэр түлхэж унагалаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд “...тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мын өгсөн “...Энэ үед нөхөр нь эхнэрээ өмөөрөөд чи муу ингэж даврахгүй шүү гээд намайг барьж аваад орон дээр дарж байгаад дээр гарч толгой руу 6-7 удаа гараараа цохисон...миний биед учирсан гэмтлийг хүргэн ах М гараараа цохиж учруулсан....” гэх мэдүүлэг /хх17-19/,
гэрч Ц.Дын өгсөн “...би Мыг Мын толгой руу цохихоор нь болиулсан...” гэх мэдүүлэг / хх 42-43/,
гэрч Б.Жын өгсөн “...М хүргэн ах намайг зодож цохисон гомдолтой гэх бөгөөд өөрөө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг / хх 61-62/,
“...Б.Мын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2440 дугаартай шинжээчийн дүгнэлт,
шүүгдэгч Н.Мын яллагдагчаар өгсөн: “...эхнэрээ өмөөрөөд нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-98-101/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Мын өгсөн “...дээр гарч толгой руу 6-7 удаа гараараа цохисон...миний биед учирсан гэмтлийг хүргэн ах М гараараа цохиж учруулсан...” гэх, гэрч Ц.Дын өгсөн “...би Мыг Мын толгой руу цохихоор нь болиулсан...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Н.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.
Хууль зүйн хувьд Н.М нь хохирогч Б.Мын нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон бие махбодийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Б.М учирсан нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг шүүгдэгч Н.М бүрэн төлж барагдуулсан байна.
Шүүгдэгч Н.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, эрүүл мэндийн шалтгааны улмаас 60 хувийн хөдөлмөр чадвар алдалттай зэргийг харгалзан шүүгдэгч Н.Мт дээрхи зүйл, хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Мт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Н.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Мт оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Н.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Н.Мын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУНЧИМЭГ