Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 00040

 

 

 

 

 

 

 

 

 

 

Р.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/00038/Э

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Д.О,

Нарийн бичгийн дарга: О.Ө нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2017 оны 12 дугаар сарын 04-ний  өдрийн 513  дугаар захирамжтай Р.Л-д холбогдох 173003000121 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ....-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, О овогт Р-ийн Л /регистрийн дугаар: .............../.

Шүүгдэгч Р.Л нь 2017 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт Маяти маркийн 20-05 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 04-ний  өдрийн 513  дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Р.Л-д холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол шүүгдэгч Р.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ: ...шүүгдэгч Р.Л-ийн гэмт үйлдэхдээ ашигласан гэх Маяти маркын 20-05 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Ч.М-ын өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан гэрч Ч.Э-ын “Л ах бид хоёр нэг айлын хүргэн болох хүмүүс юм. Л-ийн мод тээвэрлэхдээ ашигласан 20-05 ХӨҮ улсын дугаартай Маяти маркын тээврийн хэрэгсэл Л ахын найз М гэж ахын машин, М ах өөрөө Солонгос явчихсан гэсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р хуудас/ шүүгдэгч Р.Л-ийн “Миний мод ачиж оруулж ирсэн 20-05 ХӨҮ улсын дугаартай Маяти маркын тээврийн хэрэгсэл манай найз М гэж хүний машин өөрөө Солонгос улс руу ажил хийхээр явчихсан байгаа юм. Би яваад иртэл нь машиныг нь түр хугацаанд унаж байгаа. Намайг М-ын машиныг унаж байгаа гэдгийг Энхбат мэднэ” гэх мэдүүлэг, /хх-ийн 44-р хуудас/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ буюу хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг тодорхойлсон бичиг баримтанд 20-05 ХӨҮ НҮUNDA Mighty маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Ч-ийн М /хх-ийн 46-р хуудас/ болохыг тодорхойлсон байх бөгөөд Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцох бөгөөд дээрх тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Ч.М болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байхад тээврийн хэрэгслийн эзэмшигч болон тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоогоогүй байна гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд Р.Л-д холбогдох Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 513 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Л  нь 2017 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт маяти маркийн 20-05 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан ба Р.Л-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 20-05 ХӨҮ улсын дугаартай маяти маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч болон үнэлгээ тогтоолгох шаардлагатай гэж үзэн шүүгдэгч Р.Л-д холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцаасан байна.

Хэрэгт авагдсан гэрч Ч.Э-н мэдүүлэг /хх-ийн 30-р тал/ болон Р.Л-ийн яллагдагчаар өгсөн /хх-ийн 43-44-р тал/ мэдүүлэг, 01655128 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 46-р тал /-ний хуулбар зэргээр 20-05 ХӨҮ улсын дугаартай HYUNDAI Mighty маркийн автомашин нь Ч.М-ын өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдож байна. Нөгөөтэйгүүр шүүгдэгч Р.Л нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 153 800 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарны 06-ны өдөр төлж барагдуулсан Голомт банкны орлогын мэдүүлэг хэрэгт авагджээ.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ” хэрэглэхдээ хураагдсан хөрөнгө, орлогыг хохирол барагдуулахад зарцуулах өөрөөр хэлбэл энэ арга хэмжээ нь хохирогчийн эрхийг хамгаалах, хохирол барагдуулахад чиглэсэн зохицуулалт юм. Р.Л-д холбогдох хэргийн тухайд хохирол төлөгдсөн баримт хэрэгт авагдсан байх тул эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 513 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                               Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                Н.БАЯРХҮҮ