Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэнжаргалын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 124/2018/0003/з |
Дугаар | 15 |
Огноо | 2018-05-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суугч, иргэн С.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын ИТХ-д холбогдох,
“Увс аймгийн Наранбулаг сумын ИТХ-ын 2017.12.18-ны өдрийн 6-р хуралдааны 6/01, 6/02 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, Наранбулаг сумын ИТХ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын ИТХ-ын дарга Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Наранбулаг сумын иргэн С.Д би 2016.11.08-ны өдрийн анхдугаар хуралдаанаар ИТХ-ын даргаар сонгогдож Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 11-р зүйлийн 11.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар томилогдсон. Гэтэл Наранбулаг сумын ИТХ-ын 2017.12.18-ны өдрийн 7-р хуралдаанаар сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.С нь хуйвалдаан зохион байгуулж намайг хурлын даргын ажлаас чөлөөлж өөрөө ИТХ-ын дарга болсон. Уг хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017.11.27-ны өдрийн хуралдааны 17/35 тоот тогтоолоор баталсан. Тухайн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд хурлын даргыг огцруулах талаар ямар нэгэн санал тусгагдаагүй. Гэтэл Наранбулаг сумын ИТХ-ын 2017.12.18-ны өдрийн хуралдаанаар тус хурлын даргын ажлыг зөвхөн “хангалтгүй” байна гэсэн үнэлгээ өгөөд ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд намайг огцруулсан хуралдаан болон хурлын даргын ажлаас чөлөөлсөн тогтоол нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул Увс аймгийн Наранбулаг сумын ИТХ-ын 2017.12.18-ны өдрийн 6-р хуралдааны 6/01, 6/02 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Наранбулаг сумын ИТХ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын ИТХ-ын дарга Ч.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын 3 дугаар багийн иргэн С.Д-ийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг авч танилцаад доорхи тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэлд сумын ИТХ-ын 7 дугаар хуралдааны 6/01, 6/02 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах талаар мөн өөрийгөө сумын ИТХ-ын даргаар эгүүлэн томилуулах талаар нэхэмжлэл гаргажээ.
1.Энэ хуралдаан 7 биш 6 дугаар хуралдаан юм.
2.Мөн тэргүүлэгчдийн хурлын тогтоол нь 17/35 биш А/35 гэсэн тогтоол байсан бөгөөд хэлэлцэх асуудал ИТХ-ын даргын ажлын тайлан байсан бөгөөд сумын ИТХ-ын дарга С.Д-ийг ИТХ-ын “Нутгийн удирдлага, хамтын ажиллагаа, хууль эрх зүй, дотоод хяналтын хороо”, “Байгаль орчин, Экологийн тэнцвэрт байдал, дэд бүтэц, ХХАА-н хороо”-оос тус тус оруулсан дүгнэлтээр ажлыг нь хангалтгүй /дүгнэлтэнд давхардсан тоогоор 24 төлөөлөгч гарын үсэг зурсан бөгөөд энд өөрөө бас гарын үсэг зурж дүгнэсэн/ гэж үнэлсэн бөгөөд хурал 3 ажлын хороотой хоёрынх нь дүгнэлт ингэж гарсан юм.
3.Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь заалт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1. “б” заалтанд хамаарах нутгийн өөрөө удирдах байгууллага өөрийн эрх хэмжээний асуудлыг бие даан шийдвэрлэсэн болно.
4.Хагас жилийн 4 дүгээр хуралдаанаар ажил хангалтгүй байна итгэл үзүүлэх эс үзүүлэх тухай асуудлыг оруулах тухай сануулж жил эцсийн тайлангийн хурал хүртэл тэмдэглэлээр үүрэг чиглэл өгсөөр байтал дахиад ажил хангалтгүй байсан учраас энэ хүнийг хуулийн дагуу огцруулсан юм.
5.Тэргүүлэгчдийн болон хурлын хуралдааныг баталсан дэгийн дагуу удирдан зохион байгуулж чаддаггүйгээс ээлжит бус 5 дугаар хуралдаан, оны сүүлчийн тэргүүлэгчдийн хурал тус тус нээлттэй хэвээр байгаа ба одоо хүртэл хаагаагүй байна. Манай ИТХ-ын 4, 6 дугаар хуралдааны материалыг ажлын албан дээрээс үзэж үнэн бодит байдалтай танилцаж шийдвэрлэх нь зүйтэй. Иймд уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 орон нутгийн сонгуульд Наранбулаг сумын 3 дугаар багт нэр дэвшиж хамгийн олон хүний санал авч ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. 2016 оны 11 сарын 8-ны өдөр сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан болсон. Аймгийн намын хорооноос сумын ИТХ-ын даргад намайг нэр дэвшүүлэхээр дэмжсэн. Сумын хурлын төлөөлөгчдөөс Ч.С нэр дэвшсэн байгаа. Ингээд санал хураалт явагдаж миний бие 11 хүний санал авч Наранбулаг сумын ИТХ-ын даргаар сонгогдсон. Ч.С нь анхдугаар хуралдаан дууссанаас хойш буюу маргаашнаас нь эхлэн намайг 25 нас хүрээгүй хүн хурлын дарга хийж байна гэх зэрэг үндэслэлээр намайг ажлаас чөлөөлөхөөр шүүхэд нэхэмжлэл гаргаж нэг жил гаруй хугацаанд шүүхээр явсан. Дөнгөж ажлаа авч байгаа хүний хувьд сэтгэл санааны маш их дарамттай байсан гэж хэлж болно. Ч.С нь манай тойргийн ард түмэнд намайг ажлаа хийж чадахгүй байна, ажлаа өгөх гэж байгаа гэх зэрэг зүйлсийг ярьж явсан байдаг. 2017 оны 12 сарын 18-ны өдрийн сумын ИТХ-ын 6 дугаар хуралдаанд 20 төлөөлөгч ирсэн. Уг хуралдаанаар сумын ИТХ-ын даргын ажлыг дүгнэх, ажлын тайлан сонсох үйл явц болсон. Төлөөлөгчдийн 68.5 хувь нь сумын ИТХ-ын даргын ажил хангалтгүй гэж үзсэн. Ингээд хангалтгүй гэж үзсэн үнэлгээнээс үндэслээд намайг сумын ИТХ-ын даргын ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн тогтоол гарсан байгаа. Тухайн хуралдаанаар намайг ажлаас чөлөөлөх эсэх талаар санал хураалт явагдаагүй байхад ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Тухайн өдрийн хуралдаанд намын бүлэг хуралдсан. Намын бүлгийн хурлаар ИТХ-ын даргыг огцруулах боломжгүй гэж үзэж байна. Мөн гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс нь миний хамаатан садан хүмүүс гэж байна. Хэдий миний хамаатан садан байсан ч гэсэн сумын ИТХ-ын төлөөлөгч хүмүүс юм. Тухайн өдрийн сумын ИТХ-ын ажлын дүнгийн тухай тогтоол гарсан байгаа. Тухайн тогтоол дээр миний бие гарын үсэг зураагүй. Ер нь бол сумын ИТХ-ын даргын асуудлыг хэлэлцэж байгаа бол хуульд заасны дагуу тэргүүлэгч болон төлөөлөгчдийн хэн нэгэн хурлыг удирдаж явах ёстой байсан. Гэтэл хурлын ажлын албаны хүмүүс тухайн хурлын тогтоол дээр миний гарын үсгийг хуулбарлаж тавьсан байгаа. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна” гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хавтаст хэрэгт хуралдааны материалууд болон гэрч нарын мэдүүлэг авагдсан байгаа. Тухайн хуралдаан дээр би хүмүүсийг цуглуулж гарыг нь өргүүлсэн гэх зэрэг зүйлсийг С.Д ярьдаг. С.Д-ийн ажлыг хангалтгүй хийсэн гэх санал хураалт явсны дараа намын бүлэг хуралдсан. Намын бүлгийн 16 төлөөлөгч С.Д-ийг ажлаа хангалтгүй хийсэн талаар хуралдаж хэлэлцээд С.Д-ийг чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд намын бүлэг дээр Батболд бид хоёрын нэрийг дэвшүүлж 16 хүнээс санал хураахад 12 нь намайг сумын ИТХ-ын даргаар нэр дэвшүүлэх тухай санал өгсөн. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд тулгамдсан асуудлыг бие даан шийдвэрлэж болно гэж заасан байдаг. Сумын ИТХ-ын дарга нь ажлаа хангалтгүй хийж байгаа нь сумын тулгамдсан асуудал гэж үзэж байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд ИТХ-ын даргыг өөрчилж болно гэсэн заалт байгаа. Өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нь 2 жилийн хугацаанд намайг шүүхийн өмнө буруутгаж байна. Би хувийн өс хонзон хөөгөөгүй. Уг тогтоолд С.Д-ээр өөрөөр нь гарын үсэг зуруулсан нь урьдны томилсон ИТХ-ын тогтоол дээр С.Д-ийг томилсон учраас томилсон дарга нь хурлаа удирдаад явах ёстой. Өөр хүн даргалах тухайд үндсэн сонгуулийн үеэр томилох тухай асуудал гэж үзэж байна. Миний хувьд бусадтай хуйвалдаж С.Д-ийг огцруулсан зүйл байхгүй” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий захиргааны акт буюу Наранбулаг сумын ИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6/01 дугаартай тогтоол байгаа. /уншиж танилцуулав/ Тогтоол гаргаж байгаа үндэслэлийг авч үзэхэд ямар нэгэн хуулийн заалт дурдаагүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар сумын ИТХ-ын даргыг томилох, өөрчлөх эрхийн талаар дурдаж өгөөгүй. Уг тогтоолын агуулга нь ажлын үр дүнгийн тухай гэснээс үзэхэд С.Д-ийг ажлаас өөрчлөх, чөлөөлөх эсэх талаар дурдаагүй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь захиргааны байгууллага. Захиргааны байгууллага учраас ерөнхий хуульд зааснаар акт гаргахдаа баримтлах ёстой хэм хэмжээнүүдийг баримтлах ёстой. Гэтэл ерөнхий хуулийн шаардлагаас баримталсан зүйл нэг ч байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 59, 63 дугаар зүйлүүдийг зөрчсөн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд анхдугаар хуралдаанаас хурлын даргыг 4 жилийн хугацаатай сонгоно гээд сонгох процессыг маш тодорхой хуульчилсан байгаа. Харин хугацааны өмнө хэрхэн өөрчлөх, бүрэн эрхийг хэрхэн дуусгавар болгох эсэх талаар ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй. Нэгжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 14-д хуралдааны дэгийг тухайн хурал өөрөө тогтоож тогтоолыг батална гэж заасан байгаа. Хуульд байхгүй амьдрал дээр гарч ирж болзошгүй зүйлийг зохицуулахын тулд тухайн хурал дэгээ баталж дэг дээрээ зарчмаа тогтох ёстой гэж үзэж байна. С.Д Наранбулаг сумын ИТХ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа үйл ажиллагааны журмаар хурлын дэгийг батлан гаргасан байдаг. Энэхүү дэг дотор хурлын даргыг ажлаа муу хийсэн үед буюу бусад шалтгаанаар өөрчлөнө гэсэн зүйл байхгүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25.2-д “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна” гэж заажээ. Үүнээс үзэхэд С.Д-ийг чөлөөлөх байсан бол чөлөөлөх тухай асуудлыг хурлын хэлэлцэх асуудлын хүрээнд оруулж ирэх ёстой байсан. Өөрийг нь чөлөөлөх гэж байгаа хуралдааныг өөрөө даргалах боломжгүй учраас ЗЗНДНТУТХ-ийн 23.6-д заасны дагуу өөр хэн нэгэн хүн нээж, удирдаж, гарсан тогтоолд тухайн хүн гарын үсэг зурах ёстой байжээ. Гэтэл уг хуралдааны процесс буруу явагдсан. Хуралдааны тогтоолыг үзэхэд С.Д-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг хангалтгүй гэж үнэлсэн. Хангалтгүй гэж үзэж болно. Гэхдээ хангалтгүй гэж үзсэн даруй дүгнэлт гаргаж болохгүй юмаа. Итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулах ёстой байсан. Гэтэл ямар нэгэн санал хураалт явагдаагүй. Энэ нь гэрч нарын мэдүүлэг, хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдож байдаг. Улс төрийн албан хаагч төрийн албаны нэг хэсэг. Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг харах нь зүйтэй. Төрийн албаны тухай хуулийн 11.3 дахь хэсэгт “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.” гэсэн байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, хот, тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно.” гэсэн байгаа. Ингэхээр С.Д-ийг төрийн албан хаагчтай адилтгаж үзэж болох юм. ЗЗНДНТУТХуулинд ИТХ-ын даргыг өөрчлөх талаар зохицуулсан хууль эрх зүйн заалт байхгүй. Заалт байхгүй учраас дэгээрээ тогтоох ёстой байсан. Гэтэл дэг дотор нь тийм зүйл байгаагүй. 2015 оны 5 сарын 18-ны өдрийн УДШ-ийн зөвлөмж байгаа. Монгол Улсын ЗЗНДНТУТХуулийн зарим зүйл заалтыг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай гэсэн заалт байгаа. Мөн УДШ-ийн 2009.03.31-ний өдрийн 08 дугаартай хууль тайлбарласан тогтоол байгаа. Эдгээрээс харахад ЗЗНДНТУТХууль, Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтална гэсэн байгаа. Тэгэхээр С.Д-ийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахдаа Төрийн албаны тухай хууль болон хөдөлмөрийн хуулийг тодорхой хэмжээгээр баримтлах ёстой байсан. Мөн тухайн эрхийн актыг гаргахдаа ерөнхий хуулийг баримтлах ёстой байсан гэж үзэхээр байна. Гэтэл эдгээрийг огтоос баримтлаагүй маргаан бүхий акт нь хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэсэн байгаа. Үндсэн хууль болон ЗЗНДНТУТХууль дээр засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах явцыг төрийн удирдлагатай хослуулна гэж заасан байгаа. Гэрч нарын мэдүүлэгт ард түмнээс ямар нэгэн байдлаар С.Д-ийг огцруулах талаар санал ирж байгаагүй гэж мэдүүлсэн байсан. Миний бие С.Д-ийг бүтэн жилийн хугацаанд өмгөөлөх явцад Наранбулаг сумын хурлын үйл ажиллагаа, мөн урьд нь болж байсан хурлын тэмдэглэл зэргээс дүгнэхэд Ч.С нь өшөө авах зорилготой зохион байгуулалттай үйл ажиллагаанд хэт автаж С.Д-ийг үндэслэлгүй огцруулсан гэж үзэж байна. С.Д-д сумын ИТХ-аас 6 төрлийн үүрэг өгсөн байдаг. Түүний 4 дэх хэсэгт сумын төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний бүх албан хаагчтай биечлэн уулзах гэсэн байгаа. Энэ нь нэгжийн хуулинд зааснаар хурлын даргын бүрэн эрхийн асуудалд хамааралгүй. Ер нь бол хэдэн хүний хуйвалдааны журмаар уг тогтоолыг гаргасан байдал харагдаад байдаг. Мөн Ч.С дарга маргаан бүхий актын хуулийн зүйл заалт эрх зүйн үндэслэлийг бичихэд надад хамаагүй гэж байна. Ингэж болохгүй юм. Яагаад гэвэл өнөөдөр та Наранбулаг сумын ИТХ-ын дарга хийж байгаа, эрх мэдэл танд уламжлагдаж ирсэн учраас хариуцлагаас бултах боломжгүй юм. Ерөнхий хуулийн олон зүйл заалт зөрчигдсөн. Сонсох ажиллагаа, мэдэгдэх зарчим, оролцоо, хууль дээдлэх зарчим зэрэг олон зүйлсийг зөрчсөн байна. Санал хураалтыг нууцаар явуулсан гэж байгаа боловч хурлын тэмдэглэл дээр хүмүүсийн гарын үсэг зуруулсан байдаг. Нууцаар санал хураалт явуулсан тохиолдолд гарын үсэг зуруулж болохгүй ба баталсан хурлын дэгийг зөрчсөн байна. Миний хувьд тус хуралдаанаар С.Д-ийг ажлаа хангалтгүй хийсэн гэж дүгнэсэн тохиолдолд дахин хурал зарлаж итгэл үзүүлэх эсэх талаар хэлэлцээд хурлыг өөр хүн даргалж явсан бол уг хурлын процесс зөв байх ёстой байсан гэж үзэж байна. Мөн тухайн тогтоолд ямар хуулийн зүйл заалтыг баримталсан талаар дурдаагүй байдаг” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Д нь тус шүүхэд “Увс аймгийн Наранбулаг сумын ИТХ-ын 2017.12.18-ны өдрийн 6-р хуралдааны 6/01, 6/02 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, Наранбулаг сумын ИТХ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нарын тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Маргаан бүхий захиргааны актууд болох 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Сумын ИТХ-ын 2017 оны ажлын дүнгийн тухай” 6/01 тоот тогтоолыг хариуцагч Сумын ИТХ-ын дарга С.Д-ийн илтгэл, Нутгийн удирдлага хамтын ажиллагаа, хууль эрх зүй, дотоод хяналтын хорооноос гаргасан дүгнэлт, үнэлгээ өгөх тооллогын комиссын дүгнэлтийг үндэслэж гаргасан байх бөгөөд харин “сумын ИТХ-ын дарга сонгох тухай” 6/02 тоот тогтоолыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дугээр зүйлийн 11.1, 11.4 дэх заалтуудыг удирдлага болгон гаргасан байна.
“Нэхэмжлэгч С.Д Хурлын тогтоолуудыг эс зөвшөөрч “Хурлын даргын ажлыг зөвхөн хангалтгүй гэж үзээд ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй, тухайн хурлаар намайг ажлаас чөлөөлөх талаар санал хураалт явагдаагүй байхад шууд ажлаас чөлөөлсөнд гомдолтой, намайг огцруулсан хуралдаан болон Хурлын даргын ажлаас чөлөөлсөн тогтоол нь хууль зөрчсөн, уг тогтоолд би гарын үсэг зураагүй” гэж маргажээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн “Тогтоол гаргахдаа холбогдох хуулийг баримтлаагүй, Монгол Улсын Үндсэн хуулийн 59, 63 дугаар зүйлүүдийг зөрчсөн, С.Д-ийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байсан бол өөрт нь мэдэгдэж өөрийг нь чөлөөлөх хурлыг С.Д өөрөө даргалж болохгүй ба аль нэг төлөөлөгч даргалан нээх ёстой, С.Д-ийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахдаа Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг тодорхой хэмжээгээр баримтлах ёстой“ гэх үндэслэлүүдээр үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж, тайлбар гарган оролцсон байна.
Хариуцагч Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсгийн “б”заалтанд хамаарах Нутгийн өөрөө удирдах байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд хорооны дүгнэлтийг үндэслэн С.Д-ийг ажлаас нь чөлөөлсөн. Намын бүлгийн 16 төлөөлөгч С.Д-ийг ажлаа хангалтгүй хийсэн талаар хуралдаж хэлэлцээд С.Д-ийг чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн” гэж татгалзалаа илэрхийлжээ.
Маргааны үйл баримтын талаар
Нэхэмжлэгч С.Д нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаас төлөөлөгчдийн 52.38 хувийн буюу олонхийн саналаар Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажилласан байна.
2017 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн Наранбулаг сумын ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдааны материал болон гэрч Наранбулаг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Орсоогийн мэдүүлгээс үзэхэд Хурлын дарга С.Д нь тус хуралдаанд ИТХ-ын 2017 оны ажлын тайланг танилцуулсан байх бөгөөд тус тайлантай холбогдуулаад асуулт хариулт, санал шүүмжлэл явагдаж “Нутгийн удирдлага, хамтын ажиллагаа, хууль эрх зүй, дотоод хяналтын”-ын хороо дүгнэлтээ танилцуулсан байна. Тус хороо нь иргэдийн Хурлын даргын ажлыг “хангалтгүй” гэж дүгнэсэн ба энэ дүгнэлттэй нэхэмжлэгч маргаагүй байна.
Санал шүүмжлэлийн дараа Хурлын даргын ажилд дүгнэлт өгөх асуудлаар Монгол ардын намын бүлэг завсарлага авч завсарлага дууссаны дараа уг асуудлаар санал хураалт явагдаж хуралдаанд оролцсон 13 төлөөлөгч “хангалтгүй”, 7 төлөөлөгч “хангалттай” гэсэн дүн өгч дараа нь Хурлын дарга С.Д-ийн үйл ажиллагааг “хангалтгүй” гэж дүгнэсэн төлөөлөгчийн олонхийн саналыг үндэслэн “сумын ИТХ-ын 2017 оны ажлын дүнгийн” тухай буюу өөрөөр хэлбэл Хурлын даргыг ажлаас чөлөөлөх тухай тогтоолын төсөл дээр санал хураалт явагдаж 13 төлөөлөгч тогтоолын төслийг дэмжсэн, 7 төлөөлөгч дэмжээгүй санал өгч Хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар уг тогтоолын төслийг дэмжсэн нь Наранбулаг сумын ИТХ-ын 6 дугаар хуралдааны тэмдэглэл,
гэрч Монгол ардын намын бүлгийн дарга Б.Батболдын “...Урьд нь болсон хагас жилийн хуралдаанаар Хурлын даргын ажил хангалтгүй байгаа талаар яригдаж цаашид итгэл хүлээлгэх эсэх асуудал яригдсан байгаа. Ингээд залуу хүн алдаагаа засаж ажиллах боломж өгье гээд тодорхой үүрэг даалгаваруудыг өгсөн. Оны эцсийн хуралдаанаар урьдны даалгасан ажлууд хийгдээгүй байсан учраас шүүмж явагдсаны дараа намын бүлгийн хуралдаан болсон. Намын бүлгийн хуралдаанаар ажлаа хангалтгүй хийсэн ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж яригдсан. ИТХ-ын даргын ажил хангалтгүй байгаа талаар бүлэг дотроо шийдвэрлэх боломжгүй байгаа учраас хуралдааны төлөөлөгчийн олонхийн саналаар шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Ингэсний дараа ИТХ-ын 6 дугаар хуралдаанаар тус асуудлыг хэлэлцээд хурлын даргын ажлыг хангалтгүй гэж үзэж ажлаас чөлөөлөх болсон тул дараагийн хурлын даргаар хэнийг томилох талаар дахин намын бүлэг хуралдаж ярьж хэлэлцсэн байгаа. Чөлөөлөх тогтоолын талаар санал хураалт явагдсан” гэх мэдүүлэг,
гэрч Наранбулаг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Орсоогийн “..:Хурлын даргын ажил хангалттай эсэх асуудлаар санал хураалт явуулж төлөөлөгч нарын олонх нь хангалтгүй гэж дүгнэлт өгч цаашид хурлын даргад итгэл үзүүлэх болотжгүй гэж үзсэн учраас Хурлын даргыг чөлөөлөх болсон. Ингээд Хурлын даргыг чөлөөлсөн учраас МАН-ын бүлгээс Ч.С-ын нэрийг дэвшүүлсэн. АН-аас хүн нэр дэвшээгүй. Хурлын тайлан гэдэг нь Хурлын даргын хэрхэн ажиллсан талаарх дүгнэлт байдаг. Хурлын ажлын тайлан шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтээр төлөөлөгч нарын хамтын зарчмаар хурлын даргыг чөлөөлсөн байгаа. Миний хувьд Наранбулаг сумын ИТХ-аас гарсан шийдвэрийг тухай бүрт гаргаж Хурлын даргад танилцуулж гарын үсэг зуруулдаг байгаа. Түүний нэгэн адил 01, 02 тоот тогтоолуудыг танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулсан” гэх мэдүүлэг,
гэрч Р.Азбилэгийн “... Цаашид итгэл эс үзүүлэх талаар санал хураалт явуулах ёстой байтал явуулаагүй. Гэтэл ажлын ажлын үр дүн хангалтгүй гэж үзээд шууд чөлөөлсөн” гэх мэдүүлэг болон хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Ийнхүү Хурлын төлөөлөгчид “сумын ИТХ-ын 2017 оны ажлын дүнгийн” тогтоолыг баталсны дараа завсарлага авч МАН болон АН-ын бүлгүүд хуралдаж, ИТХ-ын даргад МАН-аас Ч.С-ын нэрийг дэвшүүлэхээр, АН-аас Хурлын дарга нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргаснаа намын бүлгийн дарга нар завсарлага дуусаж хуралдаан үргэлжлэхэд мэдэгдсэн байна. ИТХ-ын даргад МАН-аас нэр дэвшигч Ч.С-ыг дэмжих эсэх талаар нууц санал хураалт болж санал хураалтын дүнгээр нийт төлөөлөгчийн 80 хувийн саналаар Ч.С-ыг ИТХ-ын даргаар томилохыг дэмжснээр С.Д ИТХ-ын даргын тамгыг шинээр сонгогдсон Ч.С-т хүлээлгэн өгч хуралдааныг цааш Ч.С даргалан явуулжээ.
МАН-ын бүлгийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд тус намын бүлгийн хуралдаанд 15 төлөөлөгч оролцсон байгаа ба ИТХ-ын даргад Ч.С, Б.Батболд нар нэрээ дэвшүүлэн өрсөлдөж Ч.С 9 хүний санал Б.Батболд 6 хүний санал тус тус авсан байдаг. Энэ хуралдаанд С.Д оролцон үгээ хэлж, нэр дэвшигч нарын нэгийг нь дэмжиж саналаа өгсөн нь тус тэмдэглэлд тусгагдсан байна.
Наранбулаг сумын ИТХ-ын 6 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд С.Д-ийг огцруулах асуудал тусгагдаагүй, тус хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж санал хураалт явуулаагүй талаар гэрч Р.Азбилэг, Ш.Сид, Н.Анхбаяр нар мэдүүлсэн. Гэхдээ ИТХ-ын 6 дугаар хуралдаанаар Хурлын 2017 оны ажлын тайланг хэлэлцсэнтэй холбогдуулаад хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар “сумын ИТХ-ын 2017 оны ажлын дүнгийн” тухай тогтоолыг баталж, тус тогтоолоор Хурлын даргыг ажлаас нь огцруулж биш чөлөөлж шийдвэрлэжээ. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчийн олонхийн саналаар батална” гэж заасантай нийцэж байна.
Нэхэмжлэгч С.Д шүүх хуралдаан дээр маргаан бүхий акт дээрх гарын үсэг минийх мөн гэж хүлээн зөвшөөрсөн боловч тухайн гарын үсгийг би зураагүй тухайн тогтоол дээр миний гарын үсгийг ямар нэгэн аргаар ашигласан гэсэн тайлбар гаргасан. Ийм нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.
Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар
Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, хот тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болох”-оор зохицуулсан ба сумын ИТХ-ын дарга нь орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас Хурлын төлөөлөгч нарын дундаас сонгогддог албан тушаал гэдэг утгаараа улс төрийн албан тушаалын үндсэн шинжийг агуулсан байна.
Иймээс Сумын ИТХ-ын даргын албан тушаал нь улс төрийн албан тушаалтай адилтган авч үзэх албан тушаал мөн байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүйлийн 11.3-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөх”-өөр зааснаас үзэхэд Хурлын даргыг сонгох, чөлөөлөх хөдөлмөрлөх эрхтэй нь холбоотой эрх зүйн байдлыг өөр хуулиар тогтоосон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийг баримтлахгүй байхаар зохицуулсан байна.
Хурлын даргыг сонгох, өөрчлөх харилцааг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсгийн “б”-д “Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх асуудлыг сумын Хурал онцгой бүрэн эрхдээ хадгалж хэрэгжүүлэх”-ээр зохицуулжээ
Энэ зохицуулалтаас үзэхэд Хурлын даргыг “өөрчлөх” асуудлыг чөлөөлөх, огцруулах хэлбэрээр хэрэгжүүлж болохоор ойлгогдож байгаа ба эдгээр нь эрх зүйн хувьд өөр өөр үр дагавартай ойлголтууд юм.
Энэхүү хуулиар Хурлын даргыг сонгох, өөрчлөх онцгой бүрэн эрхийг Хуралд олгохдоо ямар болзол шалгуур хангасан этгээдийг Хурлын даргаар томилох болон ямар тохиолдолд өөрчлөх / чөлөөлөх,огцруулах/ талаар нарийвчлан зохицуулаагүй байх тул хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхээ хэрхэн яаж хэрэгжүүлэх нь Хурлын онцгой бүрэн эрхэд мөн хадгалагдахаар ойлгогдож байна.
Наранбулаг сумын Хурал нь хуралдаанаараа 2017 оны ажлын тайлангаа авч хэлэлцээд тухайн асуудлаар “сумын ИТХ-ын 2017 оны ажлын дүнгийн” тухай тогтоол гаргаж , уг тогтоолоор Хурлын даргын ажлыг дүгнэж ажлаас нь чөлөөлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл байхгүй ба энэ нь хуультай харшилсан зүйлгүй болно. Иймээс Наранбулаг сумын Хурал “сумын ИТХ-ын 2017 оны ажлын дүнгийн” тухай тогтоолыг гаргахдаа хууль баримтлаагүй нь уг тогтоолыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болж чадахгүй байна.
Хурлын дарга С.Д-ийг ажлаас нь чөлөөлөх тухай болон Ч.С-ыг Хурлын даргаар сонгох тухай тогтоолуудыг Наранбулаг сумын ИТХ-ын 6 дугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхи нь дэмжин баталсан, тус асуудлуудыг Хурал нь хуулиар олгосон онцгой бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн байх тул шүүх нэхэмжлэгч С.Д-ийн “Увс аймгийн Наранбулаг сумын ИТХ-ын 2017.12.18-ны өдрийн 6-р хуралдааны 6/01, 6/02 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, Наранбулаг сумын ИТХ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулаад нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсгийн “б”-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Д-ийн “Увс аймгийн Наранбулаг сумын ИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6 дугаар хуралдааны 6/01, 6/02 тогтоолыг хүчингүй болгож, Наранбулаг сумын Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ОЮУНГЭРЭЛ