Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 00052

 

 

 

 

 

 

 

 

                               Г.Наранцогтын нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 29 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.Наранцогтын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Цогзолмаад холбогдох

Орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч Ж.Цогзолмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Наранцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Наранцогт нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би хүү Баатарзоригийг Цогзолмаатай гэр бүл болохоор нь 2014-03-20-нд 6-18-53 тоот байрыг бэлэглэлийн гэрээгээр бэлэг болгон өгсөн. Гэтэл 2014 оны 06 сард Цогзолмаа ах дүү аав нартайгаа ирээд өөрийн гэсэн бүх зүйлээ аваад явсан байсан. Үүнээс хойш 2 жил эргээд ирэх байх гээд хүлээж байлаа. 2016 оны 05 сард Цогзолмаагийн аав Жаргалсайхан манайд ирээд энэ 2 хүүхэд цаашид амьдрахгүй боллоо.Хүүхдийг нь би өөрийн нэр дээр болгож авах гэсэн юм.Иймд Баатарзоригоос зөвшөөрөл авч өгөөч, мөн гэрчилгээг хаячихсан тул гэрчилгээг нь авч өгөөч гэсэн. Тэгэхээр нь гэрчилгээний мөнгийг төлөөд шинээр гэрчилгээг нь гаргуулаад өгсөн. Цогзолмааг явсанаас хойш би байрандаа амьдарч байна. 2008 оноос Далх-Очиртой хамт амьдарч байгаа болно. Энэ 2 хүн хоёулаа намайг гомдоосон тул би байраа буцааж авъяа. Баатарцогт Цогзолмаа нар гэрлэлтээ батлуулаагүй гэжээ.

Хариуцагч Ж.Цогзолмаа шүүхэд гаргасан тайлбартаа: А.Баатарзориг бид хоёр хамт амьдарсан болохоор орон байр өгсөн агуулгатай нэхэмжлэл бичжээ. Г.Наранцогт бодит байдалд байрыг миний охин Б.Саран-Эрдэнэг хорвоод мэндэлж, ач охинтой боллоо гэж түүнд зориулж өөрийн нэр дээрх байрыг бэлэглэж байсан. Ингээд охин Саран-Эрдэнэ болон А.Баатарзориг миний нэрийг оролцуулан байрны өмчлөлийг шилжүүлж байсан. Г.Наранцогт нь буцааж байраа авья гэж надад хандаж байгаагүй атлаа ханаж  байсан мэт нэхэмжлэл гаргажээ. Баатарзориг намайг зодож орон гэрээс хөөснөөс хойш ирж уулзаж байгаагүй. Намайг зодож хөөснөөс хойш нэг удаа гэртээ очтол намайг дахин хөөсөн. Гэрт нь амьдарч байгаа бололтой чемодантай хувцас байсан бөгөөд мөн шкаб газарт тухайн эмэгтэйн эд зүйл байсан. Ингээд энэ байдлын талаар тодруултал хамаатны хүнд байгаа чамд хамаагүй гэсэн. Надтай амьдрах хүсэлгүй би өөрийн эд зүйлээ авья гэсэн.Гэтэл өгөхгүй гэсэн. Ингээд өнөөдрийг хүртэл Баатарзориг ямар бодолтой байгааг нь мэдэхгүй байсан бөгөөд цаашид амьдрах эсэхээ ярилцах байх гэж бодож байсан. Гэтэл ээжийнх нь нэхэмжлэлтэй танилцаад амьдрахгүй юм байна гэж ойлголоо. Г.Наранцогтын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 29 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1,280.2-д заасныг баримтлан 2014 оны 3 дугаар сарын 20 -ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-18-53 тоот 1 өрөө орон сууцыг Г.Наранцогтод буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Цогзолмаа давж заалдсан гомдолдоо: Миний бие Булган аймгийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний улмаас анхан шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Шүүх хурал болох тэр өглөө шүүхийн нарийн бичиг Хуланг утасдахад нь халуураад босч чадахгүй байгаа тухайгаа хэлсэн боловч баримт ирүүлээгүй учир хуралдах байх гэсэн. Ингээд хурал болсон гэдгийг сүүлд мэдсэн. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг анхаарч үзсэнгүй гэж үзэж байна. “Ж.Цогзолмаа” намайг гомдоосон гэж үзэж бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож байрыг буцаан авах шийдвэр гаргажээ. Гэтэл уг байрыг ганцхан би бэлгэнд аваагүй бөгөөд миний охинд мөн бэлэглэж байсан. Г.Наранцогтын өөрийн хүү Баатарзоригт хүртэл бэлэглэсэн билээ. Өөрөөр хэлбэл 3 хүнд бэлэглэсэн атлаа гомдоох  үндэслэлийг би гаргасан мэт дүгнэлт хийж бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосон нь миний охин Саран-Эрдэнийн эрхийг зөрчлөө гэж үзэж байна. Миний охин Г.Наранцогтын гал голомтыг нь залгуулсан үр хүүхэд нь бөгөөд охин маань Г.Наранцогтыг гомдоох үйлдэл хийгээгүй, ааваасаа тусдаа амьдрах гомдоох үйлдлийг хийгээгүй ч хийгээгүй. Би Г.Наранцогтын гал голомтыг нь залгуулах үр хүүхдийг нь гаргасан билээ. Дээрх байдлыг шүүх анхаарч үзсэнгүй.

Надтай гэр бүл болж амьдрахыг хүсэхгүй байгаа нь түүний төрсөн хүү Баатарзориг бөгөөд Г.Наранцогтыг гомдоосон гэвэл хүү нь түүнийг гомдоосон гэж үзэж байна. Намайг удаа дараа зодож, гэмтэл учруулж хувцас хунарыг маань ч өгөхгүй хөөсөн бөгөөд өнөөдрийг хүртэл охин бид хоёрт ямар ч тус дэм үзүүлээгүй харж хандаагүй эргэж амьдрахгүй гээд өөр эмэгтэйтэйгээ бидэнд бэлэглэсэн байрандаа амьдарч байгаа билээ. Би Баатарзоригтод хайртай хамт амьдарна гэсэн үгэнд нь итгэж байсан тул хамт тусдаа амьдарч гал голомтыг залгах үр хүүхдийг нь төрүүлсэн билээ. Г.Наранцогт нь энэ байдлыг гуйвуулж хэлээгүй үгийг хэлсэн болгож болоогүй зүйлийг болсон мэт худал хэлж байраа буцааж авна гэжээ. Надтай хамт амьдрахаас өмнө албан ёсны гэр бүлтэй байсан бөгөөд гэрлэлт цуцлалтын асуудлыг шийдвэрлэж дууссны дараа би түүнтэй гэр бүл болж байсан. Гэрлэнэ гэж хүлээж байсан. Гэтэл намайг охинтой минь үлдээж дахин өөр бүсгүйг сонгосон. Миний охин Саран-эрдэнэд гал голомтыг минь залгууллаа гэж түүнд бэлэглэнэ гэж өгч байсан байраа хүү нь надаас сална гэсний төлөө буцааж авна гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017.01.04-ны өдрийн 29 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Наранцогт тус сумын 6-18-53 тоот байрлалтай 1 орон сууцыг хариуцагч Ж.Цогзолмаагаас буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1,280.2-д заасныг баримтлан 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-18-53 тоот 1 өрөө орон сууцыг Г.Наранцогтод буцаан олгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.Наранцогт 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Ж.Цогзолмаа, ач охин Б.Саран-Эрдэнэ, хүү А.Баатарзоригт нарт өөрийн эзэмшлийн 1 өрөө 17,5 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн ба тэрээр уг орон сууцанд өөрөө амьдарч байгаа болох нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Г.Наранцогт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Цогзолмаа, хүү Баатарзоригт нар хамтран амьдраагүй, хариуцагч өөрийг нь гомдоож доромжилсон тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, байрыг буцаан авахыг хүсч байгаа гэж тайлбарлаж байх боловч бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг зөрчсөн байх тул 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Түүнчлэн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч биш хүү А.Баатарзоригтын нэхэмжлэгч Г.Наранцогтод олгосон итгэмжлэл /маргааны зүйл болж байгаа 1 өрөө орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх гэрээ хийх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах үйлдэлд төлөөлөх бүрэн эрх олгосон тухай/-ийг нотлох баримтанд үнэлж улмаар “итгэмжлэл хэрэгт авагдсан тул нэхэмжлэгч Ж.Цогзолмааг хариуцагчаар татах үндэслэл болсон” гэж үзсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ба Г.Баатарзоригтын эрх ашиг хөндөгдсөн эсэх тэрээр 3 дагч этгээдээр оролцож байгаа зэргийг тодруулаагүй байна.

Анхан шатны шүүх Ж.Цогзолмаад холбогдох 1 өрөө орон сууцыг  буцаан гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг зөрчиж 2014.03.20-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 29 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ж.Цогзолмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                               Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ