| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2020/0593/э |
| Дугаар | 0626 |
| Огноо | 2020-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 0626
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Р.Очирсүрэн,
шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008 0000 00795 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Э.Б, Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, (регистрийн дугаар:),
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Э.Б 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлын орчим Б.Шыг “найз Иийг дагуулж явлаа” гэх шалтгаанаар маргалдан түүний толгой, нүүрэн тус газар нь олон удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь “Баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад шарх, зүүн өвдөгт зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Б.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...И бид хоёр 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө ууланд алхахаар болж өглөө 09 цагт уулзсан. Ингээд юмаа бэлдээд байж байтал Б ээжийнхээ утсаар И рүү “ Би цагдаа дээр байна, чамаас болж амиа хорлохоор болсон гэж цагдаа нар бодож байна, яаралтай ирэх хэрэгтэй байна” гэсэн мессеж бичсэн. И бид хоёр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр очиж, И Бтэй уулзсан. Ингээд И бид 2 явах болоод буудал дээр зогсож байхад Б ирээд Иийг аваад явахаар нь би түүнд “наад хүнээ зүгээр явуул даа, бид яараад байна” гэж хэлтэл Б чи дуугүй бай би гараа гэмтээсэн ч гэсэн чамайг цохиж чадна гэж хэлээд миний нүүр толгой хэсэгт гараар 10 гаруй удаа цохисон...” гэжээ. (хх-10),
Гэрч Т.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Би Б гэдэг залуутай үерхээд 4 сар болж байгаа, түүний зан аашнаас болоод үерхэхээ болье гэж хэлсэн боловч Б би тэгвэл амиа хорлоно, үхнэ гээд байдаг байсан. 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өмнө үерхэж байсан Штай уулзаад автобусны буудал дээр зогсож байтал Б таараад Шыг “чи явж бай” гээд нүүр рүү нь цохисон. Тэгээд газар унагаагаад толгой руу нь хэд хэд цохиод, би болиулах гэтэл намайг Б түлхээд байсан болохоор ойр хавийн хүмүүс ирж болиулсан. Шын уруул буйлнаас цус гарсан байна...” гэжээ. (хх-24 ),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4864 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Баруун шанаанд 2.5х2.5 см бага зэрэг хавдсан, зүүн хацрын төвгөрт 3х3см хавдсан бүдэг хөх өнгийн цус хуралттай, доод уруулын дотор салстад 2х0.6см няцарсан шархтай, зүүн өвдөгт 5х3см хүрэн улаан өнгийн зулгаралттай. ДҮГНЭЛТ:
1. Б.Шын биед баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салсад шарх, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна....” гэжээ. (хх-14-15 ),
Шүүгдэгч Э.Б яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Би Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 07 цагт шалгагдаж байхдаа үерхэж байсан найз охин Т.Иийн гар утас руу “ Цагдаа нар чамаас болоод намайг амиа хорлохыг завдсан гэж үзээд байна, ирээд уулзаад өгөөч” гэж мессеж бичсэн. Тэгтэл Т.И тус хэлтэс дээр 09 цаг өнгөрч байхад хуучин үерхэж байсан залуу Б.Шын хамт ирсэн. Би Т.Итэй уулзаж байхад Т.И яараад байна гээд яваад өгсөн. Би Т.Итэй уулзах гэж Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал дээр очиход Б.Ш, Т.И нар автобусанд суухаар алхаж байхад нь очоод Т.Иийг уулзаад ярилцая гэхэд хажуугаар нь Б.Ш бид хоёрын дундуур орж ирээд салж өгөхгүй байсан. Тэгэхээр нь би Б.Шын нүүр толгой хэсэгт нь 4-6 удаа цохисон. Б.Ш, Т.И хоёр надаас зугатаагаад автобусанд суугаад явчихаар нь араас нь гүйж хөөгөөд буудлын урд байрлах цагдаагийн пүтекний хажууд барьж авсан. Мөн тэнд Б.Шыг нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон...” гэжээ. (хх-45-46),
Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хх-52,53), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хх-54),
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хх-33, 37), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-39), эд хөрөнгөтэй эсэх талаар лавлагаа (хх-38) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлын орчим Б.Шыг “найз Иийг дагуулж явлаа” гэх шалтгаанаар маргалдан түүний толгой, нүүрэн тус газар нь олон удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь “Баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад шарх, зүүн өвдөгт зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Шын өгсөн “...Би гараа гэмтээсэн ч гэсэн чамайг цохиж чадна гэж хэлээд миний нүүр толгой хэсэгт гараар 10 гаруй удаа цохисон ...” гэх мэдүүлэг (хх-10),
гэрч Т.Иийн өгсөн “...Б таараад Шыг “чи явж бай” гээд нүүр рүү нь цохисон. Тэгээд газар унагаагаад толгой руу нь хэд хэд цохиод хүмүүс ирж болиулсан. Шын уруул буйлнаас цус гарсан...” гэх мэдүүлэг (хх-24 ),
“... Б.Шын биед баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салсад шарх, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4864 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-14),
шүүгдэгч Э.Бийн яллагдагчаар өгсөн “...Б.Шын нүүр толгой хэсэгт нь 4-6 удаа цохисон. Мөн Б.Шыг нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-45-46) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Э.Б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “найз Иийг дагуулж явлаа” гэх сэдэлтээр түүнийг цохиж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Б нь хохирогч Б.Шын нүүрэн тус газар гараараа цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Тиймээс шүүгдэгч Э.Бийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ш нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 240 (хоёр зуун дөчин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Б, хохирогч Б.Ш нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд шүүгдэгч Э.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөчин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн 2008 0000 00795 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 240 (хоёр зуун дөчин) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Э.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч Б.Ш нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт Э.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУНЧИМЭГ