| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00706/и |
| Дугаар | 809 |
| Огноо | 2016-11-08 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 809
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, 2 дугаар 48 айлын орон сууцны 3-31 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, эмэгтэй, ОР71040102 регистрийн дугаартай, Элжгэн овогтой Ноофын Оюунчимэгийннэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Оюунчимэг нь 1991 онд Говь-Алтай аймагт сувилагчийн сургууль төгсөж, улмаар Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлэгт 4 жил сувилагчаар ажиллаж байгаад Ангаах ухааны дээд сургуулийг эмчилгээ сувилгааны арга зүйч мэргэжлээр төгсөж, 1997 онд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт Ерөнхий сувилагчаар ажилласан юм. Миний бие эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй 25 жил ажиллаж байна. 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт Сувилахуйн албаны даргаар ажиллаж эхэлсэн юм. Миний бие ажиллах хугацаандаа ажлын ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, өөрийн ажлыг нэр төртэй хийж ирсэн. Намайг Сувилахуйн албаны даргаар ажиллах хугацаанд Увс аймгийн Сувилахуйн алба Монгол Улсын хэмжээнд ажил үйлсээрээ улсад 2 удаа нэгдүгээр байранд шалгарч байсан юм. Нийт 5 удаагийн мэргэжлийн хяналтын болон магадлан итгэмлэгдсэн шалгалтанд ямар нэгэн ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй, хангалттай үнэлгээ авч байсан. Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр намайг ээлжийн амралттай байхад Нэгдсэн эмнэлэгийн Хүний нөөцийн ажилтан Б.Буяа ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдэх хуудас авч ирж өгсөн юм. Нэгдсэн эмнэлэгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/263 тоот тушаалаар намайг бүтэцийн өөрчлөлтөнд оруулж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Намайг ажлаас чөлөөлөхдөө бүтэцийн өөрчлөлт нэрээр намын үзэл бодлоор ажлаас халсан гэж бодож байна. Миний ажиллаж байгаа орон тоо байгаа бөгөөд тухайн албан дээр өөр ажилтан авч ажиллуулж байна. Миний бие ажлаас хууль бусаар үндэслэлгүй халагдсандаа гомдолтой байна. Сувилахуйн албаны даргын орон тоо хасагдсан гэсэн атлаа Ерөнхий сувилагч гэсэн албан тушаал үүсгэж хүн авч ажиллуулж байгаа бөгөөд тухайн Ерөнхий сувилагч нь миний хийдэг байсан ажлыг хийж байгаа нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байна. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2012 оны 105 тоот тушаалаар батлагдсан Сувилахуйн алба аймгийн нэгдсэн эмнэлэгт заавал байх ёстой бөгөөд манай Нэгдсэн эмнэлэгт нийт 168 гаруй сувилагч нар ажилладаг тул дээрх журмын дагуу манай алба 3-4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах ёстой байгаа. Энэ тушаал өнөө хүртэл мөрдөгдөж байгаа болно. Иймд миний ажлын байрны орон тоо хасагдаагүй байх тул намайг Нэгдсэн эмнэлэгийн Сувилахуйн албаны даргын буюу одоогийн нэршлээр Ерөнхий сувилагчийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дарга Д.Доржготов шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн цалингийн төсөв нь 292 хүний нөөцийн бүрэлдэхүүнтэйгээр батлагдсан бөгөөд үйл ажиллагааны онцлог цар хүрээнээс хамаараад 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 336 хүний нөөцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Хүний нөөцийн илүүдлээс болж цалингийн төсөв хүрэлцэхгүй байдал үүссэн тул батлагдсан төсөв, бүтэц орон тооны хүрээнд ажлын ачааллыг судлаж, Увс аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №05 дугаартай албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ажлын ачаалал хэрэгцээ шаардлагыг судлан үзэж, нэн шаардлагагүй орон тоог Увс аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/489 тоот захирамжаар 17 тасаг нэгж, 325 хүний нөөцтэйгээр үйл ажиллагаа явуулахаар батлуулсан. Иймд Сувилахуйн албаны дарга гэдэг ажлын байр хасагдсан тул Нэгдсэн эмнэлэгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/263 тоот тушаал гаргаж Н.Оюунчимэгийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул Н.Оюунчимэгийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Оюунчимэг нь хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/263 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гаргаж, нэхэмжлэгч Н.Оюунчимэгийг тус эмнэлгийн Сувилахуйн албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/489 тоот захирамжийг тус тус үндэслэжээ.
Уг тушаалаас үзэхэд Н.Оюунчимэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлүүдийн аль үндэслэлд хамааруулан ажлаас чөлөөлсөн болохоо тодорхой дурдаагүй байна.
Нэхэмжлэгч Н.Оюунчимэгийг уг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон Увс аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/489 тоот захирамжийн 2 дугаар хавсралтаас үзэхэд тус эмнэлгийн Захиргааны тасаг нийт 25 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд үүний 6 дугаарт Ерөнхий сувилагч 1 байна гэж заажээ.
Тухайн Ерөнхий сувилагч болон Сувилахуйн албаны даргын ажлын байрны тодорхойлолтуудыг үзэхэд тухайн албан тушаалын зөвхөн нэр нь өөрчлөгдсөн байх ба бусад түүний хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, тухайн албан тушаалтанд тавигдах шаардлага, харьяалах албан тушаалтан зэрэг нь адил байгаа бөгөөд Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183 тоот Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай тушаалаар батлагдсан Сувилахуйн албаны дарга-ын ажлын байрны тодорхойлолттой нийцүүлсэн нь тогтоогдож байна. /http://www.mohs.mn/web/upload/files/02e4949d15c5b1ea27702cf49fb3d587.pdf/
Түүнчлэн Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 105 тоот Дүрэм, чиг үүрэг батлах тухай тушаалаар http://www.mohs.mn/web/upload/files/4b0a6153b3daee2ec41f0450ff34c483.pdf/ батлагдсан Сувилахуйн албаны үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрэм, бүтэц зохион байгуулалтын бүдүүвчээс үзэхэд аймгийн эмнэлэгүүдэд 50-150 сувилагч ажилладаг бол 2 орон тоотой, 150-300 сувилагчийн орон тоотой бол 3-4 албаны үндсэн орон тоотой, үйл ажиллагаа явуулах тусгай өрөө тасалгаагаар хангагдсан алба байхаар зохицуулсан байх агаад тухайн алба нь байгууллагынхаа зорилго, зорилттой уялдуулан сувилахуйн асуудлаарх бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, сувилахуй, эмнэлгийн тусгай мэргэжлийн тусламж, үйлчилгээг оновчтой зохион байгуулах, хүний нөөцийн хөгжил, төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтыг зохион байгуулах, үйлчилгээний стандарт, асаргаа, сувилгааны удирдамжийн хэрэгжилтийг хангах, сувилагч, тусгай мэргэжилтний хөгжил, нийгмийн асуудлыг байгууллагын түвшинд шийдвэрлэх үүрэг бүхий орон тооны бүтэц байхаар зохицуулагджээ.
Тухайн сувилахуйн албаны үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрэм дээрх ажлын чиглэл нь Сувилахуйн албаны дарга болон Ерөнхий сувилагч нарын ажлын байрны тодорхойлолтод бүрэн тусгагдсан байх бөгөөд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/15 тоот тушаалаар Сувилахуйн алба-ыг дарга, 2 арга зүйч, нийт 3 орон тоотой байхаар байгуулан, 2013 оноос 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд Сувилахуйн алба тус эмнэлгийн Захиргааны тасагт харьяалагдан үйл ажиллагаа явуулж байсан нь мөн эмнэлэгийн даргын 2013 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01, 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот тушаал болон хавсралтуудаар тогтоогдож байна.
Мөн гэрч С.Оюунгэрэл: Сувилахуйн албаны дарга болон Ерөнхий сувилагч нарын ажлын байрны тодорхойлолтод ямар ч ялгаа байхгүй, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг 180 гаруй сувилагчийн орон тоотой. 2012 оны 105 тоот Эрүүл мэндийн сайдын тушаал одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Сувилахуйн албаны дарга гэсэн нэр томъёог Ерөнхий сувилагч гэж өөрчлөөд өөр хүнийг тухайн албан тушаалд томилон ажиллуулж байгаа гэх мэдүүлэг, гэрч А.Цэвээн: 2012 оны сайдын тушаал батлагдан гарснаас хойш аймгийн Нэгдсэн эмнэлэгт Сувилахуйн алба байгуулагдаж, Н.Оюунчимэг нь тус албаны даргаар, би арга зүйчээр тус тус ажиллаж байсан. Гэтэл тухайн албыг аймгийн Засаг даргын захирамжаар өөрчлөн, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр миний албан тушаалыг бууруулж ээлжийн сувилагч болгосон. Сайдын тушаалыг аймгийн Засаг даргын захирамжаар өөрчилмөөргүй юм. Манай аймгаас өөр хаана ч Ерөнхий сувилагч гэсэн нэр томъёотой үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэг байхгүй. Сувилахуйн албаны дарга, Ерөнхий сувилагч нарын ажлын чиг үүрэг яг адилхан байгаа гэх мэдүүлгийг тус тус өгсөн байна.
Өөрөөр хэлбэл, Увс аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа Сувилахуйн албаны дарга-ын орон тоог хассан гэх мөртлөө Ерөнхий сувилагч гэж өөрчлөн тухайн албаны даргын ажил үүргийг Ерөнхий сувилагч хийж хэрэгжүүлж байгаа нь дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул хариуцагчийн Сувилахуйн албаны даргын ажлын байр хасагдсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан Орон тоо хасагдсан гэдэгт тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т Энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно гэж заажээ.
Гэтэл Н.Оюунчимэгийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сувилахуйн албаны даргын албан тушаалаас чөлөөлж, мөн өдөр Ерөнхий сувилагчаар Л.Нарантуяаг томилсон Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалууд хэрэгт авагдсан байх бөгөөд тухайн орон тоо хасагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Оюунчимэгийг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий сувилагч /Сувилахуйн албаны дарга/-ийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Н.Оюунчимэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс 70.200 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Увс аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 05 тоот албан даалгавар, Нэгдсэн эмнэлгийн даргын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Б/01 тоот Ажил, албан тушаал, тасаг нэгжийн бүтэц зохион байгуулалт, цалин хөлс, нэмэгдэл цалин батлах тухай тушаал зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн атал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн саналыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныгтус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Оюунчимэгийг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий сувилагч /Сувилахуйн албаны дарга/-ийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Оюунчимэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод буюу Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА