| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2020/0594/э |
| Дугаар | 0628 |
| Огноо | 2020-06-04 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 0628
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Т-н Эд холбогдох эрүүгийн 2003000000178 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Тн Э, Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, (регистрийн дугаар),
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Т.Э нь Улаанбаатар жолоочоор ажиллаж байхдаа байгууллагаас өөрт нь хариуцуулан өгсөн шатахууны картнаас 2020 оны 03 дугаар сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд “Петровис” ШТС-аас бензин авч нийт 938.561 /есөн зуун гучин найман мянга таван зуун жаран нэг/ төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ: Үйлдсэн хэрэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: жолооч Т.Э нь 2020 оны 03 дугаар сарын 19-нөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд байгууллагын шатахууны картнаас 938.561 төгрөгийг хувьдаа авч завшсан, уг жолооч нь одоо ажлаасаа гарсан байгаа. Жолооч нь хохирол болох 938.561 төгрөгийн төлж барагдуулсан...надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй..." гэжээ. /хх-10/,
Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:“Би 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс ажлыг түр хүлээн авсан. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай ажлын улсын дугаартай ЗИЛ-130 маркийн автомашины жолооч Т.Э ажилдаа ирээд маргаашнаас нь ажилдаа ирээгүй. Маргааш нь би Эийн гар утас руу залгахад утас нь холбогдохгүй байхаар нь 2020 оны 03 дугаар сарын 30-нд эхнэртэй нь холбогдоход Эийг дагуулаад ирсэн. Ирэхээр нь яагаад ажлаа тасалсан талаар асууж, тодорхойлолтоо бичээд ир гээд гаргасан. 2020 оны 03 дугаар сарын 19-27-ны өдөр хүртэл эмчийн магадлагаа бичиг барьж ирсэн. Э ажилдаа ирээгүй байх хугацаанд нь улсын дугаартай автомашиныг жолооч Б барьж ажилд гарсан. Энэ машины бензин дуусчихлаа гэхээр нь Э байгууллагын шатахууны картыг аваад явчихсан байсныг мэдсэн. Жолооч Э шатахууны картнаас 938.561 төгрөгийг хувьдаа зарцуулсан байсан. Энэ талаар яагаад ийм зүйл болов гэхэд “би архи ууж согтуу явж байгаад шатахууны картаа согтуугаар буруу ашигласан нь үнэн, байгууллагын хохирлыг барагдуулна” гэж надад тодорхойлолт бичиж өгсөн....картны орлого зарлага хариуцсан мастер байдаг, гадаад зэхэлтийн Э гэж мастер байгаа, би ахлах гэдэг утгаар давхар хяналт тавих үүрэгтэй, сарын сүүлээр жолооч нар тайлан тооцоог нягтлан Т хийдэг... 2020 оны 03 сарын 16-ны өдөр би нягтланд түлшний захиалга өгч уг машины карт руу 2020 оны 03 сарын 20-ны өдөр интернэтээр нэвтрээд Петровис колонкийн цахим хаягаар 650.000 төгрөгийг шилжүүлсэн, тээврийн хэрэгсэлд сард 2 удаа сарын дундуур, сарын сүүлээр тогтмол шилжүүлдэг...” гэжээ. /хх-18-19, 21/,
Гэрч Я.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:“...2020 оны 03 сарын 31-ний өдөр би жолооч нарын ажил дууссаны дараа сар бүрийн эцэст шатахуун зарцуулалтын тайлан, шатахууны үлдэгдэл зэрэг тооллого хийж дуусаад байхад улсын дугаартай автомашины жолооч надад “би өөрийн шатахууны картаар улсын дугаартай ЗИЛ-маркийн автомашинд шатахуун хийж байгаа, жолооч нь өөрийнхөө картыг яасан талаар нь мэдэхгүй байна” гэхээр нь хариуцсан мастер Ч би “энэ ямар учиртай юм бэ” гэж асуухад, улсын дугаартай автомашины жолоч Э байгууллагын шатахууны картаар А-92 бензин хийсэн байна” гэхээр нь би “А-80 шатахуун хийдэг байж яахаараа А-92 шатахуун хийдэг юм бэ”, жолооч Эөөс “байгууллагын картнаас 938.561 төгрөг хаачсан юм бэ” гэхэд, “ах нь архи ууж байгаад хөдөөний хүмүүст картаа алдаад өнөөдөр картаа олж авлаа” гэсэн. “Шатахууны карт чинь нууц кодтой биз дээ, яахаараа хүмүүс авч хэрэглэдэг юм бэ” гэхэд жолооч Э “харин тиймээ” гээд дуугараагүй...” гэжээ. /хх 23-25/,
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...шатахууны карт жолооч нарт өөрсдөд нь байдаг, хариуцсан мастер нь зарцуулалт дээр нь хяналт тавьдаг, сарын эцэст явсан км, ажилласан хоног, Е-баримтын хуудсын хамт нягтланд нэгтгэж өгдөг...” гэжээ. /хх 33-35/,
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 03 сарын 19-ний өдөр жолооч Э ажилдаа ирээгүй гээд дуудагдаж ирээд би уг улсын дугаартай ЗИЛ-130 тээврийн хэрэгслийг барьсан. Ажлын 2 өдөр уг машиныг бариад зэхэлт хийж явахад бензин нь дууссан. Тэгээд уг машины шатахууны картыг авч бензин хийх гээд мастер Ч шатахууны картыг асуухад “карт нь байхгүй, Эд өөрт нь байгаа” гэсэн, тэгээд би өөр хүний картнаас бензин хийсэн. Жолооч нь өөрсдөө хариуцсан машины картыг хариуцдаг...” гэжээ. /хх 40-41/,
Яллагдагч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:“...Би 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажлаа тараад гэртээ очоод эхнэр Г ажилд нь хүргэж өгөөд гэртээ ирэхэд гэрийн гадаа нутгийн хоёр ах Г, Д машинтай зогсож байсан. Намайг дуудаад хамт 2 шил архи уугаад би гэртээ ороод ганцаараа 1 шил архи уусан. Тэгээд маргааш өглөө нь Петровис колонк дээр очоод бензин авах гэж байсан хүнд очоод хямд бензин ав гээд байгууллагын картыг уншуулсан, би хэдэн төгрөгийг, ямар хүнд уншуулсанаа санахгүй байна, архи уухаар юу болсон оо сайн санахгүй байдаг. Үүнээс хойш аль колонк дээр уншуулж мөнгө авч архи уусанаа санахгүй байна, өөр хүнтэй архи уугаагүй. Байгууллагын картнаас авсан бүх мөнгийг архи авч уусан, би байгууллагын төлбөрийг төлж барагдуулсан. Өмнө би мэдүүлэг өгөхдөө андуурч 2020 оны 03 сарын 17-ны өдөр Г, Днартай уулзаж архи ууж эхэлсэн гэж мэдүүлэг өгсөн байна, юу болсоноо сайн санахгүй байсан болохоор өдрөө андуурч хэлсэн байна...гэжээ. / хх-119-122/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-125 /, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-129/, жолоодох эрхийн лавлагаа/ хх-130/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-131/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа/ хх-132/, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, зааварчилгын хяналтын хуудас /хх-135-143/, 9360100101913 дугаартай картны гүйлгээний дэлгэрэнгүй /хх-112-113/,Т.Эийн ажлын ирцийн бүртгэл / хх 60-61/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Э нь жолоочоор ажиллаж байхдаа байгууллагаас өөрт нь хариуцуулан өгсөн шатахууны картнаас 2020 оны 03 дугаар сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд “Петровис” ШТС-аас бензин авч нийт 938.561/ есөн зуун гучин найман мянга таван зуун жаран нэг/ төгрөгийг завшсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нгийн өгсөн “...Т.Э нь 2020 оны 03 пугаар сарын 19-нөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртлэх хугацаанд байгууллагын шатахууны картнаас 938.561 төгрөгийг хувьдаа авч завшсан...” гэх мэдүүлэг / хх-10/,
гэрч Б.Чийн өгсөн “...Жолооч Э шатахууны картнаас 938.561 төгрөгийг хувьдаа зарцуулсан байсан. Энэ талаар яагаад ийм зүйл болов гэхэд “би архи ууж согтуу явж байгаад шатахууны картаа согтуугаар буруу ашигласан үнэн, байгууллагын хохирлыг барагдуулна” гэж надад тодорхойлолт бичиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-18-19, 21/,
гэрч Я.Тын өгсөн “...жолооч Эөөс “байгууллагын картнаас 938.561 төгрөг хаачсан юм бэ” гэхэд, “ах нь архи ууж байгаад хөдөөний хүмүүст картаа алдаад өнөөдөр картаа олж авлаа” гэсэн...” гэх мэдүүлэг /хх 23-25/,
гэрч Б.Эын өгсөн “...шатахууны карт жолооч нарт өөрсдөд нь байдаг, хариуцсан матер нь зарцуулалт дээр нь хяналт тавьдаг, сарын эцэст явсан км, ажилласан хоног, Е-баримтын хуудсын хамт нягтланд нэгтгэж өгдөг...” гэх мэдүүлэг /хх 33-35/,
гэрч М.Б өгсөн “...мастер Чс шатахууны картыг асуухад “карт нь байхгүй, Эд өөрт нь байгаа” гэсэн...” гэх мэдүүлэг /хх 40-41/,
шүүгдэгч Т.Эийн яллагдагчаар өгсөн “...Петровис колонк дээр очоод бензин авах гэж байсан хүнд очоод хямд бензин ав гээд байгууллагын картыг уншуулсан, би хэдэн төгрөгийг, ямар хүнд уншуулсанаа санахгүй байна, аль колонк дээр уншуулж мөнгө авч архи уусанаа санахгүй байна. Байгууллагын картнаас авсан бүх мөнгийг архи авч уусан, би байгууллагын төлбөрийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байх ба хууль зүйн хувьд Т.Э нь жолоочоор ажиллаж байхдаа байгууллагаас өөр нь хариуцуулан өгсөн шатахууны картнаас 2020 оны 03 дугаар сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд “Петровис” ШТС-аас бензин авч нийт 938.561 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Т.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас 938.561 төгрөгийн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н “...938.561 төгрөгийн төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх...” хүсэлт гаргасан / хх-158/ болно.
Шүүгдэгч Т.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Эд прокурорын саналыг харгалзан дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Тн Эийг бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Эд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч Б.Н нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг, Т.Эийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУНЧИМЭГ