| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00688/и |
| Дугаар | 826 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 826
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багт оршин суух, 1967 онд төрсөн, эмэгтэй, ОО67011083 регистрийн дугаартай, Тайж овогтой Чулууны Цэвээний,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Цэвээн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие 1967 онд төрсөн, 49 настай. Би Увс аймгийн Тэс сумын 3 дугаар бригадад 16 настайгаасаа буюу 1983 оноос эхлэн илгээлтээр малчин болж, 1995 оны 6 дугаар сар хүртэл хонь, үхэр маллаж байсан болно. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэвэрийн бичиг баримтаа бүрдүүлэхэд миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас Тэс сумын 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Тэс сумын Лениний зам нэгдлийн 3 дугаар бригадад 1983 оны 1 дүгээр сараас 1995 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. ... Миний бие Увс аймгийн Сагил сумын Өндөр модон багт мал маллан амьдардаг бөгөөд ар гэрт мал харах хүнгүй, цас их ороод, малаа эзэнгүй орхих боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж, миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Цэвээн нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн цалингийн тодорхойлолтод: Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн 3 дугаар бригадын малчин Чулуун овогтой Цэвээний 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалин-г түүвэрлэн ирүүлсэн,
- Гэрч Р.Дамдинсүрэнгийн: Би 1974 оноос эхлэн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд илгээлтээр малчин болж, мал маллаж эхэлсэн. Ч.Цэвээн нь 1983 оны 7 дугаар сараас эхлэн нэгдэл тарах хүртэл буюу 1991 оныг дуустал хугацаанд Лениний зам нэгдэлд үхэр маллаж байсан. Ч.Цэвээн нь 8-р ангиа төгсөөд л илгээлтээр малчин болж байсан. Ч.Цэвээний аавыг Чулуун гэдэг байсан. Бид нэг баг бригадын хүмүүс учраас сайн мэдэж байна. Бид нар Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн 3 дугаар бригадад нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1991 оныг дуустал хугацаанд мал маллаж байсан. Тус сумын нэгдэл нь 1991 онд хувьчлагдсан. Тэс сумын Лениний зам нэгдлийн даргаар н.Норов, н.Далай нар ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Ч.Цэцэгмаагийн: Миний бие нь Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1976 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл буюу 1991 оныг дуустал хугацаанд мал маллаж байсан. Ч.Цэвээн нь 8-р ангиа төгсөөд илгээлтээр 1983 оны 7 дугаар сараас эхлэн тус нэгдэлд ажиллаж эхэлсэн бөгөөд 1991 оныг дуустал хугацаанд үхэр маллаж байсан.Манайхан нэг баг бригадад, айл хошоо, мал маллаж байсан учраас нэгнээ сайн мэдэж байна. Ч.Цэвээн нь тус бригадын иргэн Бадамзул гэх хүнтэй гэр болон, гэр бүлийн хамтаар нэгдэлдээ мал маллан амьдарч байсан. Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэл нь 1991 оныг дуустал хугацаанд ажиллаад хувьчлагдсан. 1992 оноос Таван тэс ХК болсон ба тус компанид Ч.Цэвээн бид нар мал маллаж байсан. Тэс сумын Лениний зам нэгдлийн даргаар н.Норов, н.Далай нар ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Р.Дамдинсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, түүний ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дах Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 790 тоот шийдвэрийн хуулбар, гэрч Ч.Цэцэгмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, түүний ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дах Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 617 тоот шийдвэрийн хуулбар зэрэг баримтууд болно.
Дээрх нотлох баримтуудаас үзэхэд хэдийгээр гэрчүүдийн мэдүүлэгт Ч.Цэвээнийг 1990 оны 1 дүгээр сараас 1995 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд тус нэгдэлд болон Таван тэс ХК-д ажидллаж байсан гэж мэдүүлсэн байх боловч түүнийг нотлох бусад бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн 1990-1995 оны хооронд ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ч.Цэвээний 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1990 оны 1 дүгээр сараас 1995 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Цэвээний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайж овогтой Чулууны Цэвээний 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1990 оны 1 дүгээр сараас 1995 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Цэвээний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА