Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 827

 

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, ОВ66041602 регистрийн дугаартай, Яргай овогтой Гаваагийн Бадамнямын,

        Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Бадамням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Г.Бадамням шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1966 онд төрсөн, 50 настай. Би 1981 оноос эхлэн Давст сумын Алдар нэгдэлд илгээлтээр 15 настайдаа саальчин болж нэгдэл тарах хүртэл ажилласан юм. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд Давст сумын Алдар нэгдэлд ажилласныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Давст сумын Алдар нэгдэлд 1981 оны 7 дугаар сараас 1991 он хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Н.Бадамням нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

         - Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн малчин Гаваа овогтой Бадамнямын 1981 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалин-г түүвэрлэн ирүүлсэн,

        - Гэрч Т.Цогзолмаагийн: Би 1973 оноос эхлэн 1993 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн Торхилог бргиадад малчнаар ажиллаж байсан. Г.Бадамням нь 1981 оноос эхлэн Алдар нэгдлийн Торхилог бригадад аав, ээжийн дэргэд саалчнаар ажилд орж, ажиллаж эхэлсэн. Г.Бадамням нь Нацагдорж гэх тухайн багийн хүнтэй гэр бүл болон нэгдэл тарах хүртэл гэр бүлийн хамтаар мал маллан амьдарч байсан. Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэл нь 1992 оныг дуустал ажиллаад 1993 онд нэгдэл хувьчлагдан Алдар компани болсон. Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн даргаар н.Аюурзана, Магалжав, Бямбажав, Мандал, Нанзад гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг,

        - Гэрч Н.Сүрэнхорын: Намайг 1980 оноос эхлэн Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн Торхилог бргиадад малчнаар ажиллаж байхад Г.Бадамням нь 1981 оны зунааас эхлэн Алдар нэгдлийн Торхилог бригадад саалчнаар ажилд орж, ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш Г.Бадамням бид нар нэгдэл тарах хүртэл буюу 1991 оныг хүртэл тухайн нэгдэлд саальчин, малчнаар ажилласан. Г.Бадамням анх аав, ээжийн хамтаар нэгдэлд мал маллаж байгаад Нацагдоржтой гэр бүл болж тус нэгдэлдээ тарах хүртэл хугацаанд мал маллан амьдарч байсан. Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн даргаар н.Аюурзана, Магалжав, Бямбажав, Мандал, Нанзад гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг,

          - Гэрч Т.Цогзолмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, түүний ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 367 тоот шийдвэрийн хуулбар, гэрч Н.Сүрэнхорын иргэний үнэмлэхний хуулбар, түүний ажиллаж байсан байдал тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 490 тоот шийдвэрийн хуулбар зэрэг баримтууд тус тус авагдсан байна.

          Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Г.Бадамнямын 1981 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын дуустал хугацаанд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Бадамнямын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Яргай овогтой Гаваагийн Бадамнямын 1981 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын дуустал хугацаанд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар нийт 9 /ес/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Бадамнямын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА