| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00826/и |
| Дугаар | 828 |
| Огноо | 2016-11-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 828
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багт оршин суух, 1967 онд төрсөн, эмэгтэй, ОО67011966 регистрийн дугаартай, Борлууд овогтой Төмөрийн Тогтохын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Тогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Тогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1967 онд төрсөн, 50 настай. Би Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1982 оноос эхлэн илгээлтээр малчин болж, 1989 оныг дуустал хонь, үхэр маллаж байсан болно. Улмаар өрх тусгаарлаж тус нэгдлийн 2 дугаагр бригадад 1989 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан. Иймд миний Лениний зам нэгдэлд 1982 оноос 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Тогтох нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн цалингийн тодорхойлолтод: Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн малчин Төмөр овогтой Тогтохын 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалин-г түүвэрлэн ирүүлсэн,
- Гэрч Ц.Дашийн: Би 1975 оноос 1991 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн 2 дугаар бригадад саальчнаар ажилласан. Т.Тогтох нь 1982 оноос эхлэн илгээлтээр малчин болж аав, ээжийн хамтаар тус нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлсэн. Т.Тогтох нь тус сумын иргэн Батмөнхтэй гэр бүл болон нэгдэлдээ малчнаар ажиллаж байгаад 1990 онд нэгдлээс гарч, Улаангом сум руу шилжин явсан. Т.Тогтохын аав Төмөрийнх манайхтай айл хошоо амьдарч, ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэдэж байна. Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэл нь 1991 оныг дуустал ажиллаад хувьчлагдсан. 1992 онд Таван тэс ХХК болж байсан. Тэс сумын Лениний зам нэгдлийн даргаар н.Норов, н.Далай гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Т.Дагвын: Миний бие нь Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн 2 дугаар бригадад 1972 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл буюу 1992 оныг дуустал адуу маллаж байсан. Т.Тогтох нь 1982 оноос эхлэн аав, ээжийн хамтаар тус нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлсэн. Т.Тогтох нь тус сумын иргэн Батмөнхтэй гэр бүл болон нэгдэлдээ малчнаар ажиллаж байгаад 1990 онд нэгдлээс гарч, Улаангом сум руу шилжин явсан. Манайхан нэг баг бригадад айл хошоо байж, нэгдлийн мал маллаж байсан учраас нэгнээ сайн мэдэж байна. Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэл нь 1991 оныг дуустал хугацаанд ажиллаад хувьчлагдсан. Би 1992 оны 6 дугаар сар хүртэл адуучнаар ажиллаж байгаад адуугаа тараасан. Тэс сумын Лениний зам нэгдлийн даргаар н.Норов, н.Далай нар ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Ц.Дашийн иргэний үнэмлэхний хуулбар, түүний ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дах Сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 526 тоот шийдвэр, Увс аймгийн Архивын тасгийн 2006 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Т.Дагвын иргэний үнэмлэхний хуулбар, түүний ажилласныг нотлох Увс аймгийн Архивын тасгийн 2002 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн цалингийн тодорхойлолт зэрэг баримтууд болно.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Т.Тогтохын 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Тогтохын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Борлууд овогтой Төмөрийн Тогтохын 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар нийт 7 /долоо/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Тогтохын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА