Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 837

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд баг, 4-6 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, ОЗ66110402 регистрийн дугаартай, Зөөд овогтой Бэлэгийн Жавын,

      Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өлзийдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Б.Жав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1966 онд төрсөн, 50 настай. Би 1981 оноос 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажиллаж байснаа тогтоолгохоор 2016 оны 10 дугаар сард Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн бөгөөд өөрийн буруугаас хүсэлтээ буруу бичиж 1981 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарыг дуустал хугацааны жил сэргээгдэлгүй орхигдсон байсан. Иймд миний 1981 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарыг дуустал хугацаанд тус нэгдлийн Үйлдвэр бригадад барилгачнаар ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед би хөдөлмөрийн дэвтрээ бичүүлж аваагүй байтал Пионер нэгдэл тарж хөдөлмөрийн дэвтэр авах боломжгүй болсон юм гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Б.Жав нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

       - Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн цалингийн тодорхойлолтод: Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Үйлдвэр бригадад ажиллаж байсан Бэлэг овогтой Жавын 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалин-г түүвэрлэн ирүүлсэн,

       - Гэрч Н.Дэмбэрэлийн: Би 1978 оноос 1992 он хүртэл хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд тракторчноор ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Б.Жав нь 1981 оноос эхлэн манай нэгдэлд барилгачнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1985 оноос 1989 он хүртэл нэгдлийн гуанзанд туслах тогоочоор ажиллаж байсан. Би нэгдлийн жолооч учраас нэгдлийн айл өрхийн хадлан тэжээл бэлтгэх болон хавар намарт нүүдэл суудал гэх бүхий л ажилд явдаг байсан учраас нэгдлийнхээ айл өрхийн талаар мэднэ. Манай Наранбулаг сум Нэгдлийн барилгын бригадтай байсан. Нэгдлийн барилгын бригад нь Завхан, Өлгий гэх сумдад барилга барьсан. Мөн аймгийн 9-р баазын барилга барьж байсан. Би барилгын ажилд жолоочоор явдаг байсан. Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргаар Т.Цэвээн, Б.Доржсүрэн, Д.Орших, Ж.Сайнжаргал, барилгын бригадын даргаар Д.Батбаатар, О.Цэдэвсүрэн гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэх мэдүүлэг,

        - Гэрч Ц.Гомбын: Миний бие нь 1984 оноос 1992 он хүртэл хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Ахуйн үйлчилгээний төвд төмөрчнөөр ажиллаж байсан. Б.Жав нь 1981 оноос 1989 оныг дуустал хугацаанд Наранбулаг сумын Пионер нэгдэлд барилгачин, туслах тогоочоор тус тус ажиллаж байсан. Б.Жавын нөхөр Цэрэндорж гэж хүн байдаг. Тэднийхэн манайхтай айл хөрш байсан учраас нэгнээ сайн мэднэ. Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргаар Т.Цэвээн, Б.Доржсүрэн, Д.Орших, Ж.Сайнжаргал, барилгын бригадын даргаар Д.Батбаатар, О.Цэдэвсүрэн гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэх мэдүүлэг,

         - Гэрч Н.Дэмбэрэл, Ц.Гомбо нарын иргэний үнэмлэхний хуулбар, тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтууд болно.

         Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Жавын 1981 оны 1 дүгээр сараас 1981 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Үйлдвэр бригадад барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Жавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зөөд овогтой Бэлэгийн Жавын 1981 оны 1 дүгээр сараас 1981 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Үйлдвэр бригадад барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Жавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА