| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00825/и |
| Дугаар | 838 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 838
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 11-77 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, эрэгтэй, ОЭ59100511 регистрийн дугаартай, Шалбаг овогтой Гааганы Батчулууны,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Батчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Батчулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1959 онд төрсөн. 1977 онд Барилга угсралтын трестэд ажилд орсон. 1977 оноос 1994 оны хооронд уг байгууллагад нимгэн төмөрчнөөр ажиллаж байх хугацаандаа үр бүтээлтэй сайн ажиллаж, байгууллагаас шагнал удаа дараа авч байсан. Одоо нас өндөр болж байгаа тул тухайн байгууллагад ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Нимгэн төмөрчин гэдэг нь барилгын агааржуулалтын хоолой, дээвэр зэргийг хийдэг хүнийг хэлэх бөгөөд ер нь даргын даалгасан ямар ч барилгын ажлыг бид хийдэг байсан. Мөн хөдөө, орон нутгаар их явж барилга барьдаг, ойролцоогоор 10 гаран нимгэн төмөрчин ажилчин байсан санагдаж байна. Миний хөдөлмөрийн дэвтэр болон бусад бичиг баримтууд 1996 онд гэртэй маань хамт шатсан тул ажилласан жилээс сэргээн тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Батчулуун нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: Увс аймгийн Улаангом сумын Барилга угсралтын трест болон Барилгын биржид нимгэн төмөрчнөөр ажиллаж байсан Гааган овогтой Батчулууны 1977 оны 7 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг дуустал, 1982 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалин-г түүвэрлэн ирүүлсэн,
- ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1983 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 351 тоот тушаалд: ... 1. Жилийн барилга, угсралт, ашиглалтад орох барилгын төлөвлөгөөг биелүүлэхэд үр дүнтэй ажиллаж, цаг ашиглалтын талаар байгууллагын дэвшүүлсэн зорилтыг биелүүлсэн 169 ажилчдыг 1 дүгээр хавсралт ёсоор бүгд 26.362 төгрөгөөр шагнасугай. ... Барилга угсралтын трестийн дарга Т.Батзул гээд уг тушаалын хавсралтын 12 дугаарт Гааган Батчулуун 158 төгрөг гэжээ,
- ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 378 тоот тушаалд: ... 1. Нэмэгдэл авах нөхцөлийг хангаж ажилласан ажилчид, даамал мастер 310 хүнд 86.850 төгрөгийн шагналыг хавсралт ёсоор олгосугай. ... Барилга угсралтын трестийн дарга Т.Батзул гээд уг тушаалын хавсралтын 5 дугаарт Гааган Батчулуун 327 төгрөг гэжээ,
- ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 446 дугаар тушаалд: ... 1. Байгууллагын төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд бүтээлч хувь нэмэр оруулж ажлын цаг ашиглалтыг сайжруулж, норм төлөвлөгөөгөө биелүүлсэн 359 ажилчдыг 69.031 төгрөгөөр шагнасугай ... Трестийн дарга Т.Батзул гээд уг тушаалын хавсралтын 2 дугаарт Гааган Батчулуун 150 төгрөг гэжээ,
- Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 494 тоот тушаалд: ... 1. 5 дугаар долоо хоногийн уралдаанд хамт олноо хошуучлан ажиллаж болзлын үзүүлэлтийг ханган биелүүлсэн нэр бүхий 43 хүнийг 1.405 төгрөгөөр хавсралт ёсоор тус тус шагнасугай. ... Дарга Т.Батзул гээд уг тушаалын хавсралтын 16 дугаарт Гааган Батчулуун 40 төгрөг гэжээ,
- Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 687 тоот тушаалд: ... 1. 1988 оны төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд онцгой идэвхи зүтгэл гарган ажиллаж, сар, улирал, жилийн төлөвлөгөө, бүтээлийн нормоо биелүүлсэн тэргүүний ажиллагаатай 410 хүнийг 42.902 төгрөгөөр шагнасугай. .. Дарга Т.Батзул гээд уг тушаалын хавсралтын 4 дүгээрт Г.Батчулуун 91 төгрөг гэжээ,
- Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Үйлдвэрийн барилга конторын даргын 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05/10 тоот тушаалд: ... 1. Барилгын байгууллагад он удаан жил ажилласан инженер техникийн ажилтан, албан хаагч, ажилчид бүгд 203 хүнд 61.943 төгрөгийн нэмэгдэл хөлс олгож, хавсралтаар баталсугай. ... Конторын дарга Н.Эрдэнэбилэг гээд уг тушаалын хавсралтын 1 дүгээрт Г.Батчулуун 573 төгрөг гэжээ,
- Гэрч О.Нарантуяагийн: Г.Батчулуун нь Увс аймгийн Барилга угсралтын трестийн 8 дугаар бригадад нимгэн төмөрчнөөр 1977 оноос 1994 оныг дуустал хугацаанд ажилласан бөгөөд би тухайн үед тус бригадад засалчнаар ажиллаж байсан. Манай бригад хөдөө сумуудаар барилгын ажилд их явдаг байсан. Ер нь даргын тушаалаар хөдөө орон нутагт их явж барилга барьдаг байсан юм. Мөн тэмцээн уралдаануудад манай бригад амжилттай оролцож, шагнал урамшуулал их авдаг байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Н.Дуламжавын: Г.Батчулуун нь Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт Барилга трестийн 8 дугаар бригадад нимгэн төмөрчнөөр ажиллаж байхад би 1987 оноос эхлэн уг байгууллагад цахилгаанчнаар ажилд орж, 1994 оныг дуустал хугацаанд ажилласан. Г.Батчулуун бид нар хамтдаа 1994 оныг дуустал тус байгууллагад ажилласан бөгөөд хөдөө орон нутагт их явж барилгын ажил хийдэг байсан гэх мэдүүлэг,
- Гэрч О.Нарантуяагийн иргэний үнэмлэхний хуулбар, түүний ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 185 тоот шийдвэрийн хуулбар, гэрч Н.Дуламжавын иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар тус тус болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр Г.Батчулууны 1977 оны 7 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг дуустал, 1982 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сумын Барилга угсралтын трест болон Барилгын биржид нимгэн төмөрчнөөр ажиллаж байсан байдал нотлогдож тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ.
Харин Увс аймгийн Барилга угсралтын трест нь 1992 оны 1 дүгээр сараас эхлэн Барилгын бирж болсон тул энэхүү нөхцөл байдлыг мөн шийдвэрт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Г.Батчулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шалбаг овогтой Гааганы Батчулууны 1977 оны 7 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг дуустал, 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилгын биржид тус тус нимгэн төмөрчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Батчулууны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА