| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00872/и |
| Дугаар | 860 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 860
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 9-15 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ74102811, Харганыхан овогтой Маамуугийн Даваанямын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Давааням шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Увс аймгийн Хөгжимт жүжгийн театрт 1992 онд анх бүжигчнээр орж, ажиллаж эхэлсэн бөгөөд одоог хүртэл ажиллаж байна. Мэргэжлийн заалтаар тэтгэвэрт гарах нас болсон бөгөөд тэтгэвэрийн бичиг баримтаа бүрдүүлэхэд шаардагдах анх 1992 онд ажилд орсон тушаал, 2001 оны 9 дүгээр сараас ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Соёлын сургуульд суралцахаар ажлаас чөлөөлөгдсөн тушаал, 2004 оны 2 дугаар сард ажилдаа буцаж орсон тушаал, 2004 оны 6 дугаар сард хувийн гачигдлаар ажлаас чөлөөлөгдсөн тушаал, 2004 оны 11 дүгээр сард буцаж ажилд орсон тушаал, 2007 оны 2 дугаар сараас байгууллагаас цалингүй чөлөө аваад 2007 оны 8 дугаар сар хүртэл мөн Кызыл хотын Соёлын сургуульд очиж ажилласан ба 2007 оны 8 дугаар сард буцаж ажилдаа орсон тухай тушаалууд архивт байхгүй байна. Иймд 1992 оноос 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Хөгжимт жүжгийн театр болон одоогийн нэрээр Ойрад хөгжимт жүжгийн театрт гоцлол бүжигчнээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Давааням нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- 1993 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвөөс М.Даваанямд олгосон хөдөлмөрийн дэвтэрт: 1991 оны 10 дугаар сараас 1992 оны 6 дугаар сарыг дуустал, 1992 оны 11 дүгээр сараас 1995 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд цалин авч байсан бичилт хийгдсэн байх ба 1994 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс Хөгжимт жүжгийн театрт гоцлол бүжигчнээр авч ажиллуулав гэсэн бичилт хийгдсэн,
- 1995 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нээгдсэн М.Даваанямын 282333 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт: 1995 оны 1 дүгээр сараас 2001 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалин, 2003 оны 7 дугаар сард, 2004 оны 2-5 дугаар сар, 2004 оны 11-12 дугаар сард, 2005 оны 1-12 дугаар сард тус тус ажиллаж авч байсан цалин, орлогын талаар бичигдсэн,
- 2006 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нээгдсэн 0160858 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт: 2006 оны 1 дүгээр сараас 2007 оны 1 дүгээр сарыг дуустал, 2007 оны 8 дугаар сараас 2016 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд авсан цалин, орлогын талаар бичилт хийгдсэн,
- Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 081 тоот лавлагаанд: Увс аймгийн Соёл урлагийн төв нь 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, 2004 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Ойрад хөгжимт жүжгийн театр болж өөрчлөгдөж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэжээ,
- М.Даваанямд 1996 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Соёл урлагийн төвийн захирлаас олгосон Бүжигчин гэх ажлын үнэмлэхний хуулбар,
- 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан тэмдэгийн үнэмлэхний хуулбар,
- Увс аймгийн Хөгжимт жүжгийн театраас 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгогдсон Бүжигчин мэргэжлийн үнэмлэхний хуулбар,
- Ойрад хөгжимт жүжгийн театрийн Бүжигчин гэх ажлын үнэмлэхний хуулбар,
- Увс аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргын 1998 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 07 тоот Чөлөө олгох тухай тушаалд: Бүжигчин М.Даваанямын хүсэлтийг үндэслэн тушаах нь: 1. Бүжигчин М.Давааням эхийгээ асрах шалтгаантай байгаа тул дотоод журмыг үндэслэн 14 хоногийн цалинтай чөлөө олгохыг зөвшөөрсүгэй. ... Дарга Н.Алтанцэцэг гэж,
- Увс аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргын 1999 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 62 тоот Ажил хүлээлцэх тооллого явуулах комисс томилох тухай тушаалд: Тушаах нь: 1. Театрын хувцасны эрхлэгч няраваар ажиллаж байгаа Ц.Баянжаргалын хувийн хүсэлтийг үндэслэн ажлыг нь хүлээн авч, Норжиндуламд хүлээлгэн өгөх, 1999 оны тооллого явуулах комиссыг доорхи бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд: Комиссын дарга Д.Пагма, нарийн бичгийн дарга Наранцэцэг, гишүүдэд Доржлхагва, Энхээ, Мөнхбаяр, Наран, Давааням, Хүрэлбаатар гэж,
- Увс аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргын 2000 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 13 тоот Бүжигчний зэрэглэл нэмэгдүүлэх, давхар ажил хариуцуулах тухай тушаалд: ... Бүжигчин М.Даваанямыг дасгалжуулагч багшийн үүрэгт ажилд 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай. ... Дарга Н.Алтанцэцэг гэж,
- Увс аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргын 2000 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 22 тоот Дагалдан жүжигчнээр ажиллуулах тухай тушаалд: ... Дагалдан жүжигчнийг энэ хугацаанд хариуцсан багш нар нь тодорхой ажлын хуваарь чиглэл гарган хүн бүртэй ажиллан, шалгалтанд бэлтгэн оролцуулахыг Ц.Амараа, Ч.Батцэнд, М.Давааням нарт үүрэг болгосугай. ... Дарга Н.Алтанцэцэг гэж,
- Увс аймгийн Соёл урлагийн төвийн захирлын 2001 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 04 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалд: Аймгийн Засаг даргын 2000 оны 228 тоот захирамжаар Хөгжимт жүжгийн театр, Музей-номын сан татан буугдаж, Соёл урлагийн төв байгуулагдсантай холбогдуулан Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1-ийн 1-д заасныг үндэслэн тушаах нь: .... 32. Бүжигчин М.Давааням ... нарын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсүгэй. Дарга Б.Булган гэж,
- Увс аймгийн Соёл урлагийн төвийн захирлын 2001 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 43 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалд: Хөгжимт жүжгийн театрын жүжигчин Давааням, Баттогтох, дагалдан жүжигчин Дагвасүрэн нар Тува улсад суралцах болсон учир хүсэлтийг харгалзан үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай. ... Захирал Б.Булган гэж,
- Увс аймгийн Хөгжимт жүжгийн театрын 1992 оны цалингийн баримтад: М.Даваанямд 1992 оны 8-10 дугаар сард цалин 767 төгрөг, 877 төгрөг олгосон тухай,
- Бүжигчин М.Даваанямын 1993 оны 1-12 дугаар сар, 1994 оны 1-12 дугаар сард, мөн 2004 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цалин олгосон тухай Цалингийн тооцооны баримт-ууд,
- Гэрч Б.Баярмаагийн шүүхэд өгсөн: Миний бие 1989 оны 11 дүгээр сард Увс аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүжигчнээр ажилд орсон бөгөөд М.Давааням 1992 оны намар манай театрт бүжигчнээр ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш өнөөг хүртэл хугацаанд тус байгууллагад бүжигчнээр ажиллаж байна. Мөн бид хамтдаа 2010 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан. М.Давааням энэ хугацаанд ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Соёлын сургуульд сурч, 2007 онд тухайн хотын Соёлын төвд урилгаар ажиллаж байгаад ирсэн. Бид хамтдаа 20 гаран жил ажилласан тул нэгнээ сайн мэднэ. М.Давааням манай театрын тэргүүний, сайн бүжигчдийн нэг юм гэх мэдүүлэг,
-Гэрч Г.Оюунгэрэлийн шүүхэд өгсөн: Миний бие 1992 оны 5 дугаар сарын 12-ны өдөр анх Увс аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучнаар ажиллаж эхэлсэн бөгөөд М.Давааням 1992 оны 8 дугаар сард бүжигчнээр ажилд орж байсан. Тэрээр тэр үеэс хойш өнөөг хүртэл хугацаанд тухайн теартаа бүжигчнээр ажиллаж байна. М.Давааням энэ хугацаанд ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Соёлын сургуульд сурч, 2007 онд тухайн хотын Соёлын төвд урилгаар ажиллаж байгаад ирсэн. Бид 2010 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан болж байсан. М.Давааням манай тэргүүний сайн бүжигчдийн нэг юм гэх мэдүүлэг,
- Гэрчүүдийн иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтууд болно.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч М.Даваанямын 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2001 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Хөгжимт жүжгийн театр болон Соёл урлагийн төвд, 2003 оны 7 дугаар сар, 2004 оны 2 дугаар сараас 2004 оны 5 дугаар сарыг дуустал, 2004 оны 11 дүгээр сараас 2007 оны 1 дүгээр сарыг дуустал, 2007 оны 8 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрт тус тус гоцлол бүжигчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Даваанямын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Харганыхан овогтой Маамуугийн Даваанямын 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2001 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Хөгжимт жүжгийн театр болон Соёл урлагийн төвд, 2003 оны 7 дугаар сар, 2004 оны 2 дугаар сараас 2004 оны 5 дугаар сарыг дуустал, 2004 оны 11 дүгээр сараас 2007 оны 1 дүгээр сарыг дуустал, 2007 оны 8 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрт тус тус гоцлол бүжигчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч М.Даваанямын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА