| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ядамсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 226/2017/00029/Э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 172.2., |
| Улсын яллагч | Я |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 28
| 2017 оны 12 сарын 22 өдөр | Дугаар226/МА2017/00028 | Хэрлэн сум |
Д.Д2ийн нэхэмжлэлтэй С.Ж,
Н.Х нарт холбогдох иргэний хэргийн талаар
226/2017/00029/И
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,
Нэхэмжлэгч: Д.Д
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 616 дугаар шийдвэртэй Д.Д-ийн нэхэмжлэлтэй С.Ж, Н.Х нарт холбогдох "худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 96-47 УБВ улсын дугаартай “Исузу” маркийн ачааны автомашиныг буцаан өгч, үнээ 4, тугал 3, бяруу 1 нийт 8 тооны үхэр буюу 4 500 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэгийн давж заалдах гомдлоор 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж, Х нараас “ИСУЗУ” маркийн 96-47 УБЕ улсын дугаартай автомашиныг нь худалдан авахаар амаар тохиролцож, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр наймаа хийж машины үнэ болох 3 500 000 төгрөгт тохирох мал болох нийт 5 тооны халиун сартай халзан эр тугалтай үнээ, улаан эрээн оодон улаан халзан эм тугалтай үнээ, улаан алаг ууцаараа улаан халзан эр тугалтай үнээ, сартай хар эрээн шүдлэн, улаан халзан шүдлэн зэргийг өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 04-нд машинаа авчирч өгсөн. Түүнээс хойш нэг ч удаа миний худалдаж авсан машин асаагүй өнөө хүрч байна. Би машин чинь болохгүй байна, наймаагаа буцъя гэхэд засаж өгнө, сэлбэг авч өгнө гэж анх хэлж байсан боловч уг машиныг засаж сэлбэж өгөөгүй. Чиний өгсөн малыг зарж үрээд дуусгачихсан. Үлдсэн байсан тугалтай үнээг нь чоно идчихсэн гэж хэлсэн. Би 4 тугалтай үнээнийхээ нэг тугалыг нь авчихсан байгаа. Надаас авсан 2 тугалтай үнээ, 1 бярууг махлаад зарсан. Харин үлдсэн 2 үнээ, 1 тугалыг нь чоно идчихсэн гэсэн. Иймд. автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 96-47 УБВ улсын дугаартай “Исузу” маркийн ачааны автомашиныг хариуцагч С.Ж, Н.Х нарт буцаан өгч, тэдэнд өгсөн 8 тооны үхрийн үнэ 4500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Ж, Н.Х нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Танай машиныг худалдаж авъя гэж Энхбаатар надтай утсаар ярьсан. Бид хоёр Энхбаатарыг мэддэг мөн аавтай нь ойр дотно байдаг учраас машинаа зарахаар зөвшөөрсөн юм. Манай машин аккумляторгүй, кузов өргөгч нь эвдэрчихсэн гэж хэлсэн. Тэгэхэд би танай машиныг мэднэ. Би өөрөө солино гэж хэлсэн. Нөхөр бид хоёр чи өөрөө авах гэж байгаа юм уу гэж Энхбаатараас хоёр удаа асуусан. Тэгэхэд тиймээ гэсэн. Хэрвээ өөр хүн авах гэж байгааг мэдсэн бол бид хоёр ийм бага үнээр машинаа зарахгүй байсан. Манай машин сайн япон машин байгаа юм. Ингээд үнэ хөлсний тухайд Энхбаатар нь 4 тугалтай үнээ, 1 бяруу өгөөд үнээ тохиролцъё гэсэн бид уг үнийг нь зөвшөөрсөн. “Монвет” гэдэг засварын газарт кузов өргөгч нь байсан. Нэхэмжлэгч тал үнэтэй байсан гэж ярьж байгаа. Энэ бол худлаа. Ингээд Энхбаатар Уламбаяр гэдэг хүнтэй цагаан машинтай ирээд манай машиныг авч явсан. Бид Энхбаатарт машинаа зарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Энхбаатар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д ахад мосттой ачааны машин Хаш-Эрдэнэд байна. Та авах юм уу гэж эхэлж хэлсэн. Би уг машины юу нь эвдэрсэн яасан талаар нь мэдэхгүй, зүгээр япон тэрэг гайгүй машин байсан болохоор нь зарна гэж байсан тухай хэлсэн. Кузов өргөгчгүй, аккумляторгүй машин байсан. Ингээд Д бид хоёр анхны цас орсон өглөө очиж Ха-н хашаанд байгаа машиныг очиж харсан. Д ах хараад болно авъя гэж хэлсэн. Тэгээд би 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 4 тугалтай 4 үнээ, 1 бяруу тууж аваачиж Х-тэй уулзсан. Х ах машинаа асааж өгнө гэж хэлсэн боловч тэр өдөр асааж өгөөгүй. Тэгээд би Уламбаярыг гуйж машиныг нь чирч аваачсан. Анх Х ах надад хэлэхдээ кузов өргөгч нь” Монвет” гэдэг засварын газар 80 000 төгрөг гээд хямдхан байдаг гэж хэлсэн. Тэгээд би тэр засварын газарт нь очоод асуухад 80 000 төгрөгийн кузов өргөгч гэж юу байдаг юм доромжлоод байна уу гэсэн. Кузов өргөгч нь 1м 05 см, 1 м 10 см гэж хоёр янз байдаг юм билээ. 1 м 10 см нь элбэг байдаг гэсэн 1м 05 см гээд мосттой машиных нь болохоор ховор, олдохгүй юм билээ. Д ахын өмнөөс би наймааг нь ярьж өгсөн нь үнэн. Хүний үхэр малыг авч оччихоод хоосон буцаж очих нь эвгүй байсан тул автомашиныг чирээд аваад явсан гэжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 616 дугаар шийдвэрээр: Нэхэмжлэгч Д.Д-н “96-47” УБВ улсын дугаартай “Исузу” маркийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч С.Ж, Н.Х нарт уг автомашиныг буцаан өгч, үнээ 4, тугал 3, бяруу 1, нийт 8 тооны үхэр буюу 4 500 000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Д-с улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 89 650 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь анхнаасаа биет байдлын доголдолтой машиныг болон бичиг баримтыг нь худалдан авсан талд шилжүүлж өгөөгүй. Машины кузов өргөгч хямдхан, элбэг байдаг гэж хуурч зарсан бөгөөд нэхэмжлэгч үнэ ханшийг нь судалж үзэхэд үнэтэй, ховор байсан. Уг шалтгаанаас болж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 4 тугалтай үнээ, 1 бярууны үнэ 4500000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүх хуралдааны явцад 500000 төгрөгөөс татгалзсан байгаа. Гуравдагч этгээд Энхбаатар нь уг машины кузов өргөгч, аккумлятороос бусад нь эвдрэлгүй гэж итгүүлсэн төдийгүй машины бичиг баримтыг шилжүүлж өгөхийг хүсэхэд шалтаг хэлээд өгөхгүй байгаа гэж Д хэлсэн. Нэхэмжлэгч нь өөрийн нэрийн өмнөөс Энхбаатарыг төлөөлүүлж Х, Ж нартай машин худалдан авах хэлцэл буюу арилжаа хийлгэж тохиролцсон эд хөрөнгөө хүлээлгэж өгсөн болох нь нотлогдсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч нар үүргээ биелүүлээгүй. Мөн Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 65, 63 дугаар зүйлүүдэд хэлцлийн үр дагавар төлөөлүүлэгчид үүснэ гэж заасан. Үүнийг шүүх анхаарч үзэлгүй, нэхэмжлэгч машины үнэнд малаа өгсөн гэдэг нь тогтоогдож байхад гуравдагч этгээдийг төлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй гэж, мөн анхны нэхэмжлэлийн шаардлага хэвээр байсан бол хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул зохигчдын дунд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн нь буруу гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч С.Ж, Н.Х нарт холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 96-47 УБВ улсын дугаартай “Исузу” маркийн автомашиныг буцаан өгч, 9 тооны үхэр буюу 4 500 000 төгрөгийг гаргуулахыг шаардсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2016 оны намар 1 бяруугаа буцаан авсан тул, одоо тугалтай үнээ 4 буюу 4 000 000 төгрөгийг нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Хариуцагч С.Ж, Н.Х нар нь автомашин худалдах, худалдан авах хэлцлийг З.Энхбаатартай хийсэн болохоос Д.Д-тэй хийгээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Энхбаатар тайлбартаа: “ Д машин авна гэдэг байсан тул, Ж, Х нар япон машинаа гайгүй зарна гэдгийг хэлэхэд машиныг очиж хараад авъя гэсэн тул 2015 оны 12 сарын 04 ны өдөр 4 тугалтай үнээ 1 бяруу тууж аваачиж өгөөд, Уламбаярыг гуйж машиныг чирж авчирч өгсөн. Машин кузов өргөгчгүй, аккумляторгүй байсныг мэднэ, бусад гэмтлийг нь мэдэхгүй, Д. Д ахын өмнөөс наймааг нь ярьж өгсөн нь үнэн, хүний үхэр малыг авч оччихоод хоосон буцах нь эвгүй байсан тул машиныг чирээд явсан” гэжээ.
Хэргийн үйл баримтаас үзэхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Энхбаатар нь 2015 оны 12 сарын 04 ний өдөр хариуцагч С.Ж, Н.Х нартай 96-47 УБВ улсын дугаартай “Исузу” маркийн ачааны автомашиныг 9 тооны үхэр буюу 4 500 000 төгрөгөөр худалдах худалдан авах хэлцлийг хийхдээ Д.Д-г төлөөлж байгаагаа хариуцагч нарт мэдэгдээгүй, хариуцагч С.Ж, Н.Х нар нь .Д-г төлөөлж байгаа З.Энхбаатартай хэлцэл хийж байгаагаа мэдэх боломжгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 65-р зүйлийн 65.2-т “Төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ гэжээ.
Нэхэмжлэгч Д.Д нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Энхбаатарт “ С.Ж, Н.Х нар нь намайг худалдан авч байгааг мэдвэл үнээ өсгөнө, чи өөрөө худалдан ав” гэж хэлснээс үзэхэд Энхбаатар нь Д-г төлөөлж байгаагаа хариуцагч нарт хэлээгүй, хариуцагч нар нь энэ байдлыг мэдэх боломжгүй байсан тул Д.Д-д хэлцлийн үр дагаврыг шаардах эрх үүсэхгүй байна. Иймд өмгөөлөгч Д.Оюунцэцэгийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж нэхэмжлэгч Д.Д, хариуцагч С.Ж, Н.Х нарын хооронд худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдаагүй тул гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Д, хариуцагч С.Ж, Н.Х нарын хооронд худалдах, худалдан авах хэлцэл хийгдээгүй гэж нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хуулийн зүйл, хэсгийг баримтлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-т “...шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл хэсэг, заалтыг тодорхой заана” гэснийг зөрчсөн байна.
Иймд өмгөөлөгч Д. Оюунцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ
1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 03 ны өдрийн 616 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Нэхэмжлэгч Д.Д” гэсний өмнө “ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хуурамжинд төлсөн 78950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭНСМАА
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Я.АЛТАННАВЧ