Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0583

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

С.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч С.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 540 дүгээр шийдвэртэй, С.Д-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 540 дүгээр шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх заалт, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн С.Д-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/59 дүгээр захирамжийг хүчингүй болгон С.Д-г Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 6,119,849.00 /зургаан сая нэг зуун арван есөн мянга найман зуун дөчин есөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Шүүх дүгнэхдээ маргаж буй дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/59 дугаар захирамжид дурдаж үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-т заасан заалтын хууль зүйн үндэслэлийн талаар дурдаад Нийслэлийн Боловсролын газрын дарга болон С.Д нарын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн СУ2018/103 дугаартай хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт нэрлэн заасан ямар ноцтой зөрчлийг С.Д гаргасан болохыг захирамждаа заагаагүй, мөн зөрчлийг тогтоогоогүй болох нь баримтаар нотлогдов гэж дүгнэжээ.

Гэвч хэргийн баримтаас үзвэл С.Д нь ёс зүйн хувьд зөрчил гаргасан болох нь дүүргийн Боловсролын хэлтсийн Ёс зүйн зөвлөл-ийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02/68 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба энэ нь Нийслэлийн Боловсролын газрын дарга болон С.Д нарын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн СУ2018/103 дугаартай хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.18 дахь заалтад заасан ноцтой зөрчилд хамаарч байна.

Мөн шүүх С.Д-г ажлаас чөлөөлөх болсон гол үндэслэл болох дүүргийн Боловсролын хэлтсийн Ёс зүйн зөвлөл-ийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02/68 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй эсэх талаар дүгнээгүй, дүүргийн Засаг даргын захирамжийн үндэслэлд бодитой дүгнэлт хийж чадаагүй байна.

Учир нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/1018 дугаар захирамжаар Нийслэлийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс дүрэм-ийн хэрэгжилтэд хяналт тавих, дүүргүүдийн Ёс зүйн зөвлөлд зөвлөх чиг үүрэг бүхий Ёс зүйн зөвлөлийг байгуулах эрх, үүргийг дүүргийн Засаг дарга нарт өгсний үндсэн дээр Ёс зүйн зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байгаа билээ.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Боловсролын газрын дарга болон С.Д нарын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн СУ2018/103 дугаартай хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.18 дахь заалтад заасан Нийслэлийн Боловсролын газрын дэргэдэх ёс зүйн зөвлөл-ийн эрхийг дүүргийн Боловсролын хэлтсийн Ёс зүй зөвлөл-д шилжүүлсэн байна.

Дээрх дүүргийн Боловсролын хэлтсийн Ёс зүйн зөвлөл-ийн дүгнэлт гарсан байгаа нь уг гэрээний заалтыг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байгаа юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 540 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Д-ээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/59 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 6,119,849.00 /зургаан сая нэг зуун арван есөн төгрөг найман зуун дөчин есөн/ төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн захирал С.Д нь нийслэлийн Боловсролын газрын даргатай 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр СУ2018/103[1] дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулсан.

Нийслэлийн Боловсролын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар[2] С.Д-д хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргасан нь тогтоогдсон үндэслэлээр үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Үүний дараа маргаан бүхий нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/59[3] дүгээр захирамжаар Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, дүүргийн боловсролын хэлтсийн ёс зүйн зөвлөлийн 2021 оны 02/68 дугаар дүгнэлт, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/633 дугаар захирамжийг тус тус үндэслэн албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, удирдах ур чадвар нь уг албан тушаалд тэнцэхгүй үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

1.Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т “Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж зохицуулжээ.

Мөн нэхэмжлэгч С.Д-ээс ажил олгогчийн хувьд нийслэлийн Боловсролын газрын даргатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан.

Гэтэл хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч С.Дг ажлаас чөлөөлөхдөө ажил олгогч бөгөөд хуульд заасны дагуу авах шаардлагатай нийслэлийн Боловсролын газрын саналыг аваагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул маргаан бүхий А/59 дүгээр захирамжийг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй. 

Түүнчлэн маргаан бүхий А/59 дүгээр захирамжид дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “мэргэжил, ур чадвар,...-ын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” нөхцөл байдлыг эрх бүхий этгээд хариуцагч байгууллагаас шалган тогтоогоогүй, дүүргийн боловсролын хэлтсийн 2021 оны 02/68 дугаар дүгнэлтийг[4] нэхэмжлэгчийг мэргэжил, ур чадварын  хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдгийг тогтоосон эрх бүхий этгээдийн дүгнэлт гэж үзэхгүй, мөн маргаан бүхий захирамжид дурдсан  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “сахилгын зөрчлийг давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасан”  гэдгийг хөдөлмөрийн гэрээнд заасан эрх бүхий этгээд шалган тогтоогоогүй, зөрчлийг тодорхойлон тогтоогоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Маргаан бүхий Б/59 дүгээр захирамж нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2.11-д “...Боловсролын хэлтсийн Ёс зүйн зөвлөлийн 2021 оны ...02/68 дугаартай дүгнэлт гарсан гэх боловч тухайн Ёс зүйн зөвлөлийг боловсролын салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс гэж үзэхгүй, түүнээс гарсан дүгнэлтийг мэргэжил, ур чадварын дүгнэлт гэж үзэхгүй.”, 2.12-т “...Боловсролын хэлтсийн Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гэх албан бичигт дурдсан асуудлуудаас үзвэл нэхэмжлэгч С.Д-ийн мэргэжил, ур чадварын түвшинг тогтоосон үйл баримт тогтоогдохгүй байгаагаас гадна ихэнх асуудал нь урьд өмнө гарсан 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/07 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалд холбогдох үйл баримтуудыг дурдсан байх бөгөөд мөн Дэжидсүрэнд холбогдуулан иргэн Д.Өсөхцэцэгээс гаргасан гомдлыг дурдсан байгаа хэдий ч энэ нь түүнийг мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэдгийг тогтоосон дүгнэлт гэж үзэхээргүй байна.” гэж тус тус дүгнэжээ.

Иймээс хариуцагчийн “...шүүх С.Д-г ажлаас чөлөөлөх болсон гол үндэслэл болох дүүргийн Боловсролын хэлтсийн “Ёс зүйн зөвлөл”-ийн 2021 оны ...02/68 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй эсэх талаар дүгнээгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

3.Боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь аймаг, нийслэлд боловсролын газар, нийслэлийн дүүрэгт боловсролын хэлтэс байна.”, нэхэмжлэгчээс нийслэлийн Боловсролын газрын даргатай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр СУ2018/103[5] дугаартай хөдөлмөрийн гэрээний 6.3.18-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “...ноцтой зөрчил...”-д дараах зөрчлийг тооцож ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцалж ажлаас хална.  Ёс зүйн зөрчлийг гаргасан нь нийслэлийн боловсролын газрын дэргэдэх ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр тогтоогдсон, сургалтын байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэж тус тус заажээ.

Эдгээр хууль болон гэрээний заалтаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг дарга нь ерөнхий сургуулийн захирал С.Д-г ажлаас чөлөөлөхдөө нийслэлийн Боловсролын газрын саналыг үндэслэхээс гадна мөн нийслэлийн Боловсролын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр тогтоогдсон хөдөлмөрийн гэрээний 6.3.18-д заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч үйлдсэн тохиолдолд түүнийг ажлаас чөлөөлөх эрхтэй юм.

Гэтэл нийслэлийн Боловсролын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр нэхэмжлэгч ёс зүйн зөрчил гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагчаас нийслэлийн Боловсролын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нөхцөл байдал мөн тогтоогдоогүй байна.

4.Түүнчлэн хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажил олгогч нийслэлийн Боловсролын газраас хөдөлмөрийн гэрээний 6.3.18-д заасан Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гаргах эрхийг дүүргийн Боловсролын хэлтсийн Ёс зүйн зөвлөлд шилжүүлсэн талаар нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, мөн хариуцагчийн давж заалдах гомдолдоо маргаж буй “нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/1018 дугаар захирамж”-ийг нийслэлийн боловсролын газраас гаргаагүй, Нийслэлийн Засаг даргаас гаргажээ.

Үүнээс гадна Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан  нийслэлийн Засаг даргын тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхэд “нийслэлийн Боловсролын газрын Ёс зүйн зөвлөлийн эрхлэх асуудлыг дүүргийн Боловсролын хэлтсийн Ёс зүйн зөвлөлд шилжүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэх” зохицуулалт байхгүй.

Мөн Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.3-д “Нийслэлийн боловсролын газар нь энэ хуулийн 281.1-д заасан чиг үүргээ нийслэлийн дүүргийн Боловсролын хэлтсээр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “нийслэлийн Боловсролын газрын Ёс зүйн зөвлөлийн эрхлэх асуудлыг дүүргийн Боловсролын хэлтсийн Ёс зүйн зөвлөлд шилжүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэх”-тэй холбоотой хуулийн хэм хэмжээг зохицуулаагүй байна.

Иймд хариуцагчаас “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/1018 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс дүрэм”-ийн хэрэгжилтэд хяналт тавих, дүүргүүдийн Ёс зүйн зөвлөлд зөвлөх чиг үүрэг бүхий ёс зүйн зөвлөлийг байгуулах эрх, үүргийг дүүргийн Засаг дарга нарт өгсний үндсэн дээр “Ёс зүйн зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байгаа, ... хөдөлмөрийн гэрээний 6.3.18 дахь заалтад заасан “нийслэлийн Боловсролын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөл”-ийн эрхийг дүүргийн Боловсролын хэлтсийн “Ёс зүй зөвлөл”-д шилжүүлсэн байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 540 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                      Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                      А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 14-16 дахь тал

[2] Хэргийн 70 дахь тал

[3] Хэргийн 17 дахь тал

[4] Хэргийн 60-62 дахь тал

[5] Хэргийн 14-16 дахь тал