| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00716/и |
| Дугаар | 003 |
| Огноо | 2016-12-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 003
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн 1570001003, регистрийн 9065938 дугаартай, Увс аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 12-3 тоотод байрлах, регистрийн дугаар 4011414, Хөх ууцтан ХХК-нд холбогдох,
Хугацаандаа төлөөгүй татварын өр 505.555 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтуул, Г.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн дарга Н.Түмэннасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жимс, хүнсний ногоо, төрөлжсөн бус барааны бусад дэлгүүрийн жижиглэн худалдаа эрхэлдэг, татвар төлөгчийн 4011414 тоот регистрийн дугаартай Хөх ууцтан ХХК-ийн 2015 оны хугацаандаа төлөөгүй цалингийн ашгийн татварын 494.340 төгрөгийн, аж ахуй нэгжийн орлогын албан татварын 11.215 төгрөгийн, нийт 505.555 төгрөгийн татварын өрийг өнөөдрийн байдлаар барагдуулаагүй байна. Уг өрийг барагдуулахаар татвар төлөгчид 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэх хуудас гардуулсан. Мөн утсаар өрийг барагдуулах талаар удаа дараа мэдэгдсэн. Татварын хэлтсийн зүгээс татварыг өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуульд заасан татварын өр барагдуулах шат дараалсан арга хэмжээг цаг хугацаанд нь авч, зохих шаардлагыг тухай бүр тавьж ирсэн. Тус хэлтсээс Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т Татварын алба нь шүүхэд дараах асуудлаар нэхэмжлэл гаргана гэсэн заалтын 28.2.6 дахь хэсэгт заасан Хууль тогтоомжид заасан бусад асуудлаар гэсэн заалтыг удирдлага болгон Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хугацаандаа төлөөгүй татварын өрийг хураах шат дараалсан арга хэмжээний дагуу татварын өрийг барагдуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргав. Иймд Хөх ууцтан ХХК-аас 2015 оны хугацаандаа төлөөгүй цалингийн ашгийн татварын 494.340 төгрөгийн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 11.215 төгрөгийн, нийт 505.555 төгрөгийн татварын өрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөх ууцтан ХХК-ийн захирал Д.Баяраа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Увс аймгийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн 505.555 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг одоогоор төлөх боломжгүй. Харин 2017 оны 10 дугаар сард өгнө. Ирэх жил ургацаа хураагаад татварын өрөө төлнө. Манайх 2 жил ургац авч чадаагүй тул татварын мөнгөө өгч чадахгүй байгаа юм гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Хөх ууцтан ХХК-д холбогдуулан хугацаандаа төлөөгүй татварын өр 505.555 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Хөх ууцтан ХХК нь 2014 оны 2 дугаар улиралд гаргаж өгсөн Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан-даа Суутгавал зохих татварын дүн 494.340 төгрөг гэж, 2014 оны 4 дүгээр улиралд гаргаж өгсөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан-даа Нийтлэг хувь хэмжээгээр төлбөл зохих албан татвар 11.200 төгрөг гэж тус тус мэдүүлэн тайлагнасан болох нь хэрэгт авагдсан татварын тайлан, Татварын тооцооллын акт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Мөн Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчаас хариуцагч Хөх ууцтан ХХК-д удаа дараагийн мэдэгдэл хүргүүлж байсан тухай баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд тухайн компани болон түүний захирлын нэр дээр газар болон газраас бусад ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй талаарх Увс аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1/692 тоот лавлагаа авагджээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтэс нь Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасан дарааллыг баримтлан Хөх ууцтан ХХК-иас татварын өрөө барагдуулахыг шаардсан байх бөгөөд нэхэмжлэгч нь уг өрийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй байна.
Хэдийгээр хариуцагч Хөх ууцтан ХХК-ийн захирал Д.Баяраа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй боловч тэрээр шүүхэд өгсөн тайлбартаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, 62 дугаар зүйлийн 62.1.3, 70 дугаар зүйлийн 70.1-т зааснаар хариуцагч Хөх ууцтан ХХК-иас 505.555 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтэст олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Хөх ууцтан ХХК-иас 15.817 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, 62 дугаар зүйлийн 62.1.3, 70 дугаар зүйлийн 70.1-т зааснаар хариуцагч Хөх ууцтан ХХК-иас 505.555 /таван зуун таван мянга таван зуун тавин тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтэст олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Хөх ууцтан ХХК-иас 15.817 /арван таван мянга найман зуун арван долоо/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА