| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00882/и |
| Дугаар | 005 |
| Огноо | 2016-12-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 005
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 2 дугаар багт оршин суух, 1956 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО56122877, Тайж овогтой Баатарын Ганбатын,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие нь 1974 онд цэргийн албанд явж, Улаанбаатар хотын 013 дугаар ангид алба хааж, 1977 онд халагдаж ирсэн. 1977 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд явуулын багшаар томилогдон, 1978 оны 2 дугаар сарын 24-ний өдөр орон тооны цомхтголоор чөлөөлөгдөж, 1978 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Тэжээлийн аж ахуйн хадлангийн бригадад тоо бүртгэгчээр ажилласан. Энэ хугацаанд Улсын аварга бригад болж, мөн өөрөө 6, 7 дугаар таван жилийн гавшгайч, Тэргүүний тариаланч, байгууллагын Санхүү, бүртгэлийн тэргүүний ажилтан тэмдэгээр тус тус шагнагдаж байсан. Ингээд манай байгууллага миний ажлын хариуцлагыг үнэлж, 1986 оны 8 дугаар сард дэвшүүлэн, Мал аж ахуйн бригадын даргаар томилон ажиллуулсан. Уг албан тушаалыг 1992 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд хийж байгаад Таван тэс ХК байгуулагдахад тухайн компанийн Мал аж ахуйг хариуцсан даргаар 1994 оныг дуустал хугацаанд ажилласан. Одоо нас өндөр болж, тэтгэвэрийн бичиг баримтаа бүрдүүлэхэд миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч намайг ажилд томилж, ажлаас чөлөөлж байсан тухай тушаалууд гээгдсэн байна. Учир нь хөдөлмөрийн дэвтрийн улсын үзлэг явагдаж байх үед манай багийн дарга миний хөдөлмөрийн дэвтэр болон ажилд томилогдож, ажлаас чөлөөлөгдөж байсан тухай тушаалуудыг хамтад нь авч явсан боловч гээж, үрэгдүүлсэн юм. Иймд миний Тэс сумын Лениний зам нэгдэлд явуулын багшаар, Тэс сумын Тэжээлийн аж ахуйд Хадлангийн бригадын тоо бүртгэгч, Мал аж ахуйн бригадын даргаар, Таван тэс ХК-д мөн Мал аж ахуйн бригадын даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. ... Миний бие өөрийн нэхэмжлэлийн дагуу болох шүүх хуралд оролцож чадахгүй боллоо. Учир нь ар гэрт гэмтлийн улмаас байнгын асрамжид байгаа өнчин ач хүүтэй, хөдөө ганц гэрээр мал маллан амьдардаг тул миний амьдрал байдлыг харгалзан үзээд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж, миний ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганбат нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан ба уг тодорхойлолтод: Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тоо бүртгэгч, бригадын даргаар ажиллаж байсан Б.Ганбатын 1978 оны 3 дугаар сараас 1992 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авсан цалин-г түүвэрлэн ирүүлсэн, мөн Тэс сумын Тэжээлийн аж ахуй нь 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Таван тэс ХК-д болж өөрчлөгдөн улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 73 тоот лавлагаа авагдсан байна.
Мөн нэхэмжлэгч Б.Ганбатын 192205 тоот хөдөлмөрийн дэвтэрт 1977 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1978 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд явуулын багшаар, 1978 оны 3 дугаар сарын 09-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн Хадлангийн 1 дүгээр бригадад тоо бүртгэгчээр, 1986 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Тэжээлийн аж ахуйн Мал аж ахуйн бригадын даргаар, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Тэс сумын Таван тэс ХК-ийн Мал аж ахуйн бригадын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тухай бичилтүүд хийгджээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ж.Гэндэн, Т.Цэрэн нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ж.Гэндэн ... Би 1977 оноос эхлэн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчин, хадуурчнаар 1994 оныг дуустал хугацаанд ажилласан. Б.Ганбат 1978 оноос эхлэн манай аж ахуйд тоо бүртгэгч, бригадын дарга зэрэг ажлыг хийдэг байсан. Тэрээр 1994 оныг дуустал ажилласан бөгөөд ихэвчлэн удирдах ажил хийж байсан, одоо ч багийн Засаг даргаар ажиллаж байгаа. Ажилдаа хариуцлагатай учир шагнал урамшуулал их авдаг байсан. Тэжээлийн аж ахуй нь 1992 оноос эхлэн Таван тэс ХК болсон гэж, гэрч Т.Цэрэн: Би Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1978 оноос 1991 оны хооронд тракторчноор ажилласан. Б.Ганбат 1978 оноос эхлэн Тэжээлийн аж ахуйд тоо бүртгэгч, Мал бригадын дарга зэрэг ажлыг хийж байсан ба Таван тэс ХК-д мөн Мал аж ахуйн даргаар 1994 оныг дуустал хугацаанд ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөж байсан... гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагдсан байна.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Ганбатын 1977 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1978 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд явуулын багшаар, 1978 оны 3 дугаар сарын 09-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн Хадлангийн 1 дүгээр бригадад тоо бүртгэгчээр, 1986 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн Мал аж ахуйн бригадын даргаар, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Таван тэс ХК-ийн Мал аж ахуйн бригадын даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ганбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайж овогтой Баатарын Ганбатын 1977 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1978 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд явуулын багшаар, 1978 оны 3 дугаар сарын 09-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн Хадлангийн 1 дүгээр бригадад тоо бүртгэгчээр, 1986 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн Мал аж ахуйн бригадын даргаар, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Таван тэс ХК-ийн Мал аж ахуйн бригадын даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Ганбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА