| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00846/и |
| Дугаар | 006 |
| Огноо | 2016-12-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 006
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 12-22 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЙ61060717, Зөөд овогтой Бундуугийн Нямжавын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Нямжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Нямжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1979 онд цэргийн албанд татагдаж, цэрэгт яваад 1982 онд халагдаж ирсэн. Улмаар 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 158 тоот тушаалын дагуу тус газрын Халаалтын зуухны машинистаар ажилд орсон. Ингээд тус газраа ажиллаж байгаад 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гагнуурчны мэргэжил эзэмшсэн ба түүнээс хойш гагнуурчнаар ажиллаж байгаад, 1990 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хүнд үйлдвэрийн яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 110 тоот тушаалаар тус газарт гагнуурчнаар шилжин ажиллаж, эхэлсэн. Түүнээс хойш одоог хүртэл гагнуурчнаар ажиллаж байна. Манай гэр 2013 онд шатаж, миний ажиллаж байхад хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр болон бусад бичиг баримт маань галд шатаж, үрэгдсэн тул одоо ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай боллоо. Мөн тухайн үед ажиллаж байхдаа авч байсан цалингаа архиваас шүүлгэсэн боловч цалинтай холбоотой баримт гарч ирэхгүй байна. Миний бие багаасаа өөрийн ээж Ц.Нацагийн нэрээр овоглодог бөгөөд иргэний үнэмлэх авахдаа өөрийн аав Бундуугаар овоглох болсон. Хэдийгээр иргэний үнэмлэх дээрээ ааваараа овоглож явдаг ч бусад бичиг баримтууд Нацаг нэрээр овоглогдсон байна. Иймд миний 1982 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт Халаалтын зуухны машинист, гагнуурчнаар, 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1995 оныг дуустал хугацаанд Хүнд үйлдвэрийн яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Нямжав нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 158 тоот Б.Нямжавыг 10 дугаар сарын 15-ны өдрөөс халаалтын зуухны машинистаар томилон ажиллуулах тухай тушаал, Төвийн эрчим хүчний системээс 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдөр олгосон гагнуурчны мэргэжлийн үнэмлэх-ний хуулбар, Хүнд үйлдвэрийн яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 110 тоот Б.Нямжавыг 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тус үйлдвэрт гагнуурчнаар авч ажиллуулах тухай тушаалын хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 456 тоот Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр нь 1991-1994 оны хооронд Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулж байсан тухай лавлагаа зэрэг баримтууд авагдсан байна.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Г.Даваа, З.Сүрэнжав нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Г.Даваа Би 1988 оноос хойш Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт машинистаар ажилд ороход Б.Нямжав тэнд халуун зуухны машинист хийдэг байсан. Түүнээс хойш өнөөг хүртэл хамтдаа ажиллаж байна. Биднийг 1989 оны 6 дугаар сард Нийтийн аж ахуйн үйлчилгээний газраас Эрчим хүчний систем рүү шилжүүлсэн. Би одоо Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-нд харуул ажилтай байна. Б.Нямжав одоо Баруун бүсийн эрчим хүчний системд гагнуурчнаар ажиллаж байна. Б.Нямжав Эрчим хүчний яамны жуух бичиг, Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэг зэргийг авч байсан. Гэхдээ яг хэдэн онд авч байсныг мэдэхгүй байна гэж, гэрч З.Сүрэнжав Би Б.Нямжавтай 1980 оноос хойш Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хамт ажиллаж байсан ба би машинист байж байгаад 1981 онд слессариар ажиллах болсон. Б.Нямжав надаас сүүлд орохдоо уурын зуухны машинистаар ажилд орсон. Сүүлд буюу 1987 онд цахилгаан гагнуурчны курсад яваад гагнуурчин болж ирсэн. 1989 оны 5-6 сард Нийтийн аж ахуйн яам гэдэг байгууллага татан буугдаад манай ажилчдыг Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр рүү явуулсан. Тэрнээс хойш өнөөг хүртэл нэг системд ажилласан бөгөөд Б.Нямжав нь манай Баруун бүсийн Эрчим хүчний систем Төрийн өмчит ХХК-д гагнуурчнаар , би өөрөө одоогийн Увс цахилгаан түгээх сүлжээ ХХК-д харуулаар ажиллаж байна. Бид нэг байгууллага, нэг системд 30-аад жил хамт ажиллаж байгаа учир нэгнийхээ талаар сайн мэднэ. Б.Нямжав нь хэдэн онд авч байсныг санахгүй байна, ямар ч байсан Эрчим хүчний тэргүүний ажилтан, Жуух бичиг зэргээр шагнагдаж байсан гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.
Хэдийгээр Б.Нямжавын бичиг баримтуудад түүний нэр Н.Нямжав гэж бичигдсэн байгаа боловч хэрэгт авагдсан ХААТР маягт, мөн нэхэмжлэгчийн өөрийн шүүхэд гаргасан тайлбараар түүний эцгийг Бундуу, эхийг Ц.Нацаг гэдэг бөгөөд Б.Нямжав эх Ц.Нацагаар овоглож байсан, харин одоо эцэг Бундуугаар овоглож байгаа нь тогтоогдож байх тул тухайн баримтуудыг түүний ажиллаж байсан байдал тогтооход ач холбогдолтой, хамааралтай хэмээн үнэлэв.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Нямжавын Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1982 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд Халаалтын зуухны машинистаар, 1985 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд гагнуурчнаар, Хүнд үйлдвэрийн яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Нямжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зөөд овогтой Бундуугийн Нямжавын Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1982 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд Халаалтын зуухны машинистаар, 1985 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд гагнуурчнаар, Хүнд үйлдвэрийн яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Нямжавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА