Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 998

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        05          28                                        2020/ШЦТ/998

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгч А.Б., түүний өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт А.ийн Б.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908 05829 1071 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Булган аймгийн Булган суманд 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Б. овогт А.ийн Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б. нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Борх” төвийн 305 тоот өрөөнд 2019 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн бага ангийн нэр бүхий 11 багшийн урьдчилан сэргийлэх дэвтэрт Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Ц.Чингэрэлийн гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч тамга, тэмдэг дарсан,

2019 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд Ус сувгийн удирдах газрын ажилтан Б.Нарантуяа, Туул нарын Ус сувгийн удирдах газрын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэрт Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн хуурамч дардас дарж, эмч нарын гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч баримт бичиг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.                         

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 24 тоот албан бичиг /хх-ийн 48/,

- Хохирогч Ц.Чингэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Б.Энэбиш гэх эмэгтэй урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрээ аваад орж ирсэн. Дэвтрийг нь аваад өмнөх үзлэгийг нь үзтэл 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үзлэг хийсэн дээр нь миний гарын үсэг болон тамганы дардас хуурамч байсан. Тэгээд цагдаад хандсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

- Хохирогч Д.Цагаанхүүгийн өгсөн: “Одоогоор манай байгууллагад учирсан хохирол байхгүй. Манай ажилчдын дэвтрүүдийг хэрэгт шалгахаар хурааж авсан болохоор хүмүүс надаас эрүүл мэндийн шинжилгээний дэвтрээ их нэхэж байгаа, өөр зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 56/,

- Хохирогч Ж.Болортуяагийн өгсөн: “Надад одоогоор энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Манай Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн поликлиникийн эрхлэгч Н.Гойдбаяр нь сайн мэдэж байгаа. Манай байгууллага нь 2017 оноос эхлэн нэршил бүтэц, тамга, тэмдэг гээд бүх зүйл өөрчлөгдсөн. Тэгээд манай эмнэлгээс өөрийн харьяа нутаг дэвсгэрт байрлах цагдаа болон прокурорын байгууллагад энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үүү гэсэн албан бичгээр хүсэлт гаргаж нотлох баримтуудыг хүргүүлж байхад арга хэмжээ авч өгөөгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 60/,

- Гэрч С.Хэрлэнцэцэгийн өгсөн: “Манай сургуулийн эмч Н.Одгэрэл үзлэгт хамрагдаагүй багш нарын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг надад өгөөд “энэ хүмүүсээ яаралтай хамруул, мэргэжлийн хяналтаас шалгалт ирэх гэж байна” гэсэн. Тэгэхээр нь нөхөр А.Октябриас “хэдэн дэвтэр үзлэгт хамрагдсан гээд тамга дараад өгөөч” гэхэд манай нөхөр зөвшөөрөөд тэр дэвтэрнүүдийг авсан. Хоёр хоногийн дараа нөхөр А.Октябрь урьдчилан сэргийлэх дэвтэр дээр тамга тэмдэг дараад авчирсан байсан. 2019 оны 09 дүгээр сард манай эмч Н.Одгэрэл тамга, тэмдэг чинь хуурамч байна, наад учраа ол гэж хэлэхээр нь би нөхрөөсөө асуухад Бааска гэж эмчээр даруулсан гэсэн. Тус тамга тэмдгийг даруулахад мөнгө төгрөг өгөөгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

- Гэрч А.Октябрийн өгсөн: “Манай эхнэр С.Хэрлэнцэцэг нь 124 дүгээр сургуулийн бага ангийн багш нарын шинжилгээний 11 ширхэг дэвтрийг гэртээ авчраад “мэргэжлийн хяналтаас шалгалт ирэх гэж байна. Тамга тэмдэг даруулчих арга байна уу” гэхээр нь би тэр дэвтрүүдийг авч яваад Бааска эмчээс тамга тэмдэг дараад өгөөч гэж гуйж байгаад дэвтрээ өгөөд 1 хоногийн дараа авсан. Бааска эмч өмнө нь цагаан хорхойн тамга, тэмдэг дардаг байсан болохоор би гуйсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

- Гэрч М.Даваасүрэнгийн өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Шангри-Ла ХХК-ийн 328 ажилчдын шинжилгээний хариуг тухайн ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний дэвтэр дээр бичиж байхад хуурамч 2 ширхэг дэвтэр илэрсэн. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ус сувгийн удирдах газраас 7 хүн шинжилгээнд орсон бөгөөд үүнээс 1 хүний дэвтэр нь хуурамч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

- Гэрч Н.Энхмандахын өгсөн: “Би Шангри-Ла зочид буудалд тогоочоор ажилд орох гэтэл урьдчилан сэргийлэх, үзлэг, шинжилгээний дэвтэр авчирч өг гэж хэлсэн. Надад Халдвартын эмнэлгийн ар талд 4 давхар бор өнгийн барилгатай эмнэлэг байгаа, тэнд очоод хоёр давхарт сууж байгаа эмчтэй уулзаарай гэж хэлсэн. Тэгээд тэр эмчтэй очиж уулзаад үзлэгийн дэвтэр нээлгэж болох уу гэтэл үгүй, тийм зүйл байхгүй гэж хэлээд намайг өрөөнөөс гаргасан. Дахин ороод гуйхад нэг дэвтэр нь 20.000 төгрөг байдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүүгийнхээ зураг, иргэний үнэмлэхийг өөрийнхөө бичиг баримттай цуг үлдээгээд 20 минутын дараа орж дэвтрээ авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/,

- Гэрч Б.Саранчимэгийн өгсөн: “Нараа гэх хүн шинжилгээний дэвтэр бөглөж өгдөг гэхээр нь би 86555845 дугаар луу залгаад ярихад дэвтрээ аваад ир гэж хэлсэн. Тэгээд би тэр эмэгтэйд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх дэвтрээ 18.000 төгрөгтэй хамт өгсөн. Тэгээд тэр эмэгтэй 3 хоногийн дараа дэвтрээ ав гэж залгаад би авсан. 2020 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв дээр үзлэг шинжилгээгээ хийлгээд явж байхад эмч Даваасүрэн гэх эмэгтэй миний дэвтрийг хуурамч байна гээд хурааж авсан. Хуурамч байсан гэдгийг би өмнө нь мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/,

- Гэрч О.Цэвэлмаагийн өгсөн: “Н.Энхмандах над дээр орж ирэхээр нь А.Б. гээд 3 давхарт эмч сууж байгаа, тэр эмчтэй очиж уулз гэж хэлж явуулсан. Ер нь бол А.Б. эмчийн үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг бөглөж өгдөг гэдгийг бүгд мэдэж байгаа. Мөн А.Б. эмчийн өрөөнд бүх дүүргийн эмнэлгийн тамганууд байдаг гэдгийг манай “Борх” төвд ажиллаж байсан эмч нар болон одоо байгаа эмч нар бүгд мэдэж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 80/,

- Гэрч Б.Нарантуяагийн өгсөн: “2019 оны 06 дугаар сард би Сараатай утсаар яриад 32-ын автобусны буудлын орчимд уулзаад түүнээс дэвтрийг нь авахдаа 15.000 төгрөг болно гэж хэлэхэд Сараа надад унааны мөнгө болгоорой гэж хэлээд нэмж 5000 төгрөг, нийт 20.000 төгрөгийг өгсөн. Тэгээд би А.Б. эмчид Сараагийн үзлэгийн цагаан дэвтрийг 13.000 төгрөгийн хамт өгсөн, маргааш нь очиж үзлэгийн цагаан дэвтрийг нь авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 85/,

- Гэрч Н.Гойдбаярын өгсөн: “2018 оны намраас эхлэн манай эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрүүд дээрх манай эмч нарын болон миний гарын үсэг эргэлзээтэй, дуурайлган зурсан дэвтрүүд манай дээр орж ирсэн. Тэгээд энэ байдал даамжраад албан байгууллагууд тэр чигтээ олон ширхгээр нь хуурамч дэвтрүүд орж ирэхээр нь 2019 онд цагдаагийн байгууллагад хандсан. 2019 оны 11 дүгээр сард “Бийлэг хүнс” ХХК-ийн 4 ажилтан эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрээ сунгуулахаар орж ирэхэд хуурамч дэвтэр байсан учир би танай байгууллагад дахин хандаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 139/,

- Гэрч Ц.Золбаярын өгсөн: “2019 оны 04 дүгээр сард манай компанид чимхэгчээр ажиллаж байгаа Б.Эрдэнэболор нь надад “манай аав Буяндэлгэр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэхийн үзлэгийн дэвтрийг гаргаж өгч чадна” гээд 70.000 төгрөг аваад манай 4 хүний урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг “үзлэгт орсон, эрүүл” гэсэн бичигтэй, 4 дэвтрийг худалдаж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 137/,

- Гэрч Ц.Буяндэлгэрийн өгсөн: “Манай охин Ө.Эрдэнэболорын ажилладаг байсан “Бийлэг хүнс” ХХК-ийн захирал Золбаяр гэдэг залуу намайг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр дээр тамга даруулаад өгөөч гэхээр нь би миний урьд таньдаг байсан Баасан гэдэг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хажуу талд халдваргүйтэл, ариутгалын эмчтэй уулзахад надад урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний тамга тэмдэг дарсан эмчийн гарын үсэг зурсан дэвтрийг 10.000 төгрөгөөр зарсан. Баасан эмч 89991459 дугаарын утастай.” гэх мэдүүлэг /хх-ийн 41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.Б. нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Борх” төвийн 305 тоот өрөөнд 2019 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн бага ангийн нэр бүхий 11 багшийн урьдчилан сэргийлэх дэвтэрт Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Ц.Чингэрэлийн гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч тамга, тэмдэг дарсан, 2019 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд Ус сувгийн удирдах газрын ажилтан Б.Нарантуяа, Туул нарын Ус сувгийн удирдах газрын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэрт Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн хуурамч дардас дарж, эмч нарын гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч баримт бичиг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул А.Б.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          А.Б. нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Борх” төвийн 305 тоот өрөөнд 2019 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн бага ангийн нэр бүхий 11 багшийн урьдчилан сэргийлэх дэвтэрт Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Ц.Чингэрэлийн гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч тамга, тэмдэг дарсан, 2019 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд Ус сувгийн удирдах газрын ажилтан Б.Нарантуяа, Туул нарын Ус сувгийн удирдах газрын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэрт Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн хуурамч дардас дарж, эмч нарын гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч баримт бичиг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 24 тоот албан бичиг, хохирогч Ц.Чингэрэл, Д.Цагаанхүү, Ж.Болортуяа, гэрч С.Хэрлэнцэцэг, А.Октябрь, М.Даваасүрэн, Н.Энхмандах, Б.Саранчимэг, О.Цэвэлмаа, Б.Нарантуяа, Н.Гойдбаяр, Ц.Золбаяр, Ц.Буяндэлгэр нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Б.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Ц.Чингэрэл, Д.Цагаанхүү, Ж.Болортуяа нар гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч А.Б.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 179-181/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч А.Б.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 146 ширхэг үзлэг, шинжилгээний дэвтэр  хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт А.ийн Б.ыг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б.т 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б. нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 146 ширхэг үзлэг, шинжилгээний дэвтрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

            5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА