| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/0941/Э |
| Дугаар | 999 |
| Огноо | 2020-05-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 999
2020 05 28 2020/ШЦТ/999
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
шүүгдэгч Х.А. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Х.ийн А.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06331 0924 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1967 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хэрэг хариуцах чадвартай, Б. овогт Х.ийн А..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А. нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30 дугаар байранд гараж түрээслэхээр андуурч залгасан Г.Оюуныг гараж түрээслүүлэх хүн мөн байна, мөнгөө шилжүүл гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, хуурч 2019 оны 10 дугаар сарын 01, 15-ны өдрүүдэд 1.500.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5109060121 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Г.Оюуны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байранд 2016 оноос хойш амьдарч байна. Өвөл болохоор гадаа хүйтэн байдаг учир автомашинаа гараж түрээслэж тавьдаг юм. Тэгээд гар утсан дээрээ гараж гэж 89199571 гэсэн дугаарыг хадгалсан байсан. Уг дугаарыг Х.А. гэж хүн барьдаг юм байна. Би уг дугаарыг өнгөрсөн жил надад гараж түрээслэсэн хүний утас гэж бодоод “гараж түрээслэнэ гэсэн утас мөн үү?” гэж асуухад “мөн мөн, та өнгөрсөн жил хэдээр түрээслэж байлаа?” гэхээр нь “7-гоор” гэж хэлсэн. Тэгэхээр сардаа 210.000 төгрөг буюу 05 дугаар сарын 01-нийг хүртэл 1.500.000 төгрөгөөр түрээслэж болох уу гэж хэлэхэд уг хүн болно гэсэн. Тэгээд би уг хүнийг надад гараж түрээслэх хүн мөн байна гэж бодоод түрээсийн төлбөрөө хийхээр болж 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ундрам плаза” төвийн 1 давхарт байрлах “Хаан” банкны АТМ-ээс өөрийн эзэмшлийн 5024638064 дугаарын данснаас 5109060121 дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш би 15 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ хугацаанд гаражаа түрээслэж байна гэж бодоод автомашинаа гаражид оруулж тавьчихаад л яваад байсан. Тэгтэл 2019 оны 10 дугаар сарын 21-ний орой жижүүр Пүүжээ гэх хүн орж ирээд “та мөнгөө төлсөн гэсэн чинь гаражийн эзэн төлөөгүй гэж байна” гэхээр нь би гайхаад дансаа болон утасны дугаарыг шалгатал “Хосбаяр гараж” гээд өөр дугаар хадгалагдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 111-116/,
- Гэрч Б.Хосбаярын өгсөн: “2019 оны 11 дүгээр сард манай гаражийн Пүрэвсүрэнгээс “гараж хоосон байгаа юу?” гэж асуухад “Г.Оюун гэдэг хүн түрээслээд сар болж байгаа, мөнгөө жилээр нь хийсэн гэсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г.Оюун гэдэг хүний утас руу яриад “та манай гаражийг түрээслэж байгаа юу?” гэж асуухад “тийм ээ, би мөнгөө бөөнөөр нь өгсөн” гэж хэлэхэд “та надад мөнгө өгөөгүй, надтай яриагүй, цагдаад ханд” гэж хэлээд Г.Оюун цагдаад өргөдөл өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
- Х.А.ы “Хаан” банкны 5109060121 дугаартай дансны хуулга /хх-ийн 32/,
- Х.А.ы 89199571 дугаарын орох, гарах ярианы хуулга /хх-ийн 35-40/,
- Х.А.ы яллагдагчаар өгсөн: “”Би “танай гаражийг урд нь 1 жил түрээслэж байсан, та намайг танихгүй байна уу?” гэж хэлж байсан. Би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 30 дугаар байранд жижүүр хийдэг байсан, тухайн үед оршин суугчдаас мөнгө авч машин тавиулдаг байсан хүмүүсийн нэг байх гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Х.А. нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30 дугаар байранд гараж түрээслэхээр андуурч залгасан Г.Оюуныг гараж түрээслүүлэх хүн мөн байна, мөнгөө шилжүүл гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, хуурч 2019 оны 10 дугаар сарын 01, 15-ны өдрүүдэд 1.500.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5109060121 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Оюуны мэдүүлэг, гэрч Б.Хосбаярын мэдүүлэг, Х.А.ы “Хаан” банкны 5109060121 дугаартай дансны хуулга, Х.А.ы 89199571 дугаарын орох, гарах ярианы хуулга, Х.А.ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.А.ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.А.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогчид 1.500.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Х.А.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.А. нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Х.ийн А.ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А.д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.А. нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Х.А.аас 1.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Боржигон овогт Гончигзэвгээгийн Оюун /РД:ХА58060506/-д олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА