Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 032

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Хяргас сумын Бугат багт оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОН66111262, Цорос овогтой Нямсүрэнгийн Цэцэгсүрэнгийн,

         Ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Цэцэгсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Н.Цэцэгсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Цэцэгсүрэн нь 1966 онд төрсөн. 51 настай. Ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хяргас сумын Бугат багт мал маллан амьдардаг.Би 1984 оны хавар Увс аймгийн Техник мэргэжлийн сургуулийг цэцэрлэгчин мэргэжлээр төгсөж, улмаар мэргэжлийнхээ чиглэлээр Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын 1984 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаар тушаалаар тус аж ахуйд цэцэрлэгчнээр ажилд орсон. Түүнээс хойш 1988 оны 1 сар хүртэл хугацаанд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч, Хяргас сумын хүнтэй гэр бүл болж, тус сумын Эрчим хүчний газарт үйлчлэгчээр ажиллах болсон юм. Энэ жил би 51 насгай бөгөөд 4 хүүхэд төрүүлж өсгөсөн тул 50 настайдаа тэтгэврээ тогтоолгож авах эрх үүсэж байгаа юм. Ингээд тэтгэврийн бичиг баримтаа хөөцөлдсөн боловч миний хөдөлмөрийн дэвтэр дээрх нэр, иргэний үнэмлэх дээр бичигдсэн нэртэй зөрүүтэй. Мөн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаалын зарим баримтууд нь олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Намайг төрөхөд аав, ээж маань надад Цэцэгсүрэн гэдэг нэрийг өгсөн бөгөөд миний гэрийн нэрийг Энхтуяа гэдэг. Манай аав, ээж, ах, дүү нар нутгийн таньдаг хүмүүс намайг ихэвчлэн Энхтуяа гэдэг нэрээр маань дууддаг байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтрийг тухайн үед миний гэрийн нэрээр буюу Энхтуяа гэдэг нэрээр нээснийг мэдэж байсан боловч тэтгэвэрт орох үед ийм зөрүү гарна гэдгийг ойлгоогүй. Иймд миний 1984 оны 7 дугаар сараас 1988 оны 1 дүгээр сар хүргэлх хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг, мөн 1984 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас олгосон 077814 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тус тус тогтоолгох тогтоож өгнө үү гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Н.Цэцэгсүрэн нь ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тус тус тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

          Хэрэгт 1984 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас Нямсүрэнгийн Энхтуяад олгосон 077814 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар авагдсан байх бөгөөд уг дэвтэрт 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймаг дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн жимс ногооны ангид суралцан төгссөн тухай, 1984 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр авч ажиллуулсан тухай, 1988 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш Эрчим хүчний үйлдвэрт үйлчлэгчээр ажилласан тухай тус тус бичилтүүд хийгдсэн байна.

         Мөн Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын 1984 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 67 тоот тушаалын хуулбар Увс аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн байх ба уг тушаалаар Нямсүрэнгийн Энхтуяаг 1984 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн цэцэрлэгчнээр томилон ажиллуулсан тухай байх бөгөөд уг тушаал нь Н.Энхтуяа-д олгосон дээрх хөдөлмөрийн дэвтрийн 03 дугаарт бичигдсэн бичилттэй тохирч байна.

        Түүнчлэн Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Цалингийн тодорхойлолт авагдсан ба уг тодорхойлолтод Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд ажиллаж байсан Нямсүрэнгийн Цэцэгсүрэнгийн 1986 оны 3 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж авч байсан цалин, Нямсүрэнгийн Энхтуяагийн 1988 оны 1, 7 дугаар сард ажиллаж авч байсан цалин-г тус тус түүвэрлэн ирүүлжээ.

          Баяр овогтой Нямсүрэн, Ядамцоо овогтой Сайнжаргал нарын гэр бүл 10 хүүхэд төрүүлж өсгөсөн, Нямсүрэнгийн Цэвэгмэд 1961 онд, Нямсүрэнгийн Цэвэгжав 1963 онд, Нямсүрэнгийн Цэвээн 1965 онд, Нямсүрэнгийн Цэцэгсүрэн 1966 онд, Нямсүрэнгийн Сүхтулга 1969 онд, Нямсүрэнгийн Янжмаа 1971 онд, Нямсүрэнгийн Даваасамбуу 1973 онд, Нямсүрэнгийн Энхтөр 1976 онд, Нямсүрэнгийн Алтантунгалаг 1978 онд, Нямсүрэнгийн Алтанцэцэг 1981 онд тус тус төрсөн нь хэрэгт авагдсан Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Төрсний бүртгэлийн лавлагаа-ууд, эх Я.Сайнжаргалын БНМАУ-ын иргэний паспорт, гэрч Н.Янжмаа, Н.Алтантунгалаг нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, гэрчүүдийн иргэний үнэмлэхний хуулбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд тухайн баримтуудаас дүгнэхэд Нямсүрэнгийн Цэцэгсүрэн 1966 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, түүний гэр бүлд түүнээс өөр Энхтуяа гэдэг хүн байхгүй, Энхтуяа гэдэг нь нэхэмжлэгчийн гэрийн нэр байсан нь нотлогдож байна.

         Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн Миний гэрийн нэр буюу Энхтуяагаар хөдөлмөрийн дэвтэр болон тушаалуудад бичигдсэн байсан гэх тайлбар нь дээрх баримтуудаар нотлогдож байх ба нэрний зөрчил үүссэн байх тул Нямсүрэнгийн Энхтуяад олгосон 077814 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Нямсүрэнгийн Цэцэгсүрэн мөн болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцосон Д.Цагаанцоож: Намайг 1986 онд цэргийн алба хааж ирээд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчээр ажилд ороход Н.Цэцэгсүрэн нь тухайн байгууллагад цэцэрлэгчнээр ажиллаж байсан тэр үеэс хойш бид хамтдаа Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд 1988 оныг дуустал ажиллаад Н.Цэцэгсүрэн нь Увс аймгийн Хяргас сум руу шилжин явсан. Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй нь 1986 онд Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл гэх нэртэй болон 1989 он хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад эргээд 1995 он хүртэл Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй нэртэйгээр үйл ажиллагаа явуулсан. Тус байгууллагын даргаар Т.Цэвээн, С.Дэчинпэл, н.Болоож, М.Сүхбаатар гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч Г.Дагвадорж: Би Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд 1984 оноос 1991 оны 3 дугаар сар хүртэл цэцэрлэгчнээр ажиллаж байгаад Улаантолгойн чацарганы аж ахуй татан буугдаж бид нар ажилгүй болж байсан. Н.Цэцэгсүрэн нь 1984 оноос эхлэн тус байгууллагад цэцэрлэгчнээр ажилд орж 1988 оныг дуустал ажиллаад Хяргас сумын хүнтэй суун тусдаа амьдралтай болон ажлаас гарч байсан. Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй нь 1986 онд Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл гэх нэртэй болон 1988 оныг дуустал үйл ажиллагаа явуулж байгаад эргээд 1989 оноос 1995 он хүртэл Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй нэртэйгээр үйл ажиллагаа явуулж татан буугдсан. Бид хоёр хамтдаа цэцэрлэгчнээр ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэднэ гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн хөдөлмөрийн хуулбар хэрэгт авагджээ.

        Түүнчлэн Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл болсон нь гэрч Л.Дагвадоржийн хөдөлмөрийн дэвтэрт хийгдсэн бичилтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Н.Цэцэгсүрэнг 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

         Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Н.Цэцэгсүрэнгийн 1984 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд, 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд тус тус цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Цэцэгсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1984 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас Нямсүрэнгийн Энхтуяад олгосон 077814 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Цорос овогтой Нямсүрэнгийн Цэцэгсүрэн мөн болохыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Н.Цэцэгсүрэнгийн 1984 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд, 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд тус тус цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Цэцэгсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА