Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 033

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багт оршин суух, 1957 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО57071719, Булгадар овогтой Сүрэнхорын Буянжаргалын,

     Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч С.Буянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 17 настайдаа тракторчны курс төгсөн ирээд 1979 оны 8 дугаар сараас 1992 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд тракторчноор ажиллаж байсан. Энэ үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учир шүүхэд хандаж байна. Иймд миний 1979 оноос 1992 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний бие хөдөө суманд амьдардаг, ар гэрийн байдал, боломж муу, эхнэрийн бие муу байгаа тул дахин шүүхэд ирэх боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч С.Буянжаргал нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

    Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллаж байсан Сүрэнхор овогтой Буянжаргалын 1979 оны 8 дугаар сараас 1992 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

      Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Р.Баатар-Уул, Ж.Гэндэн нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Р.Баатар-Уул: Би 1977 оноос эхлэн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракточин, хадуурчин, тармурчнаар ажиллаж байгаад 1979 онд цэргийн албанд явж, 1982 онд халагдаж ирээд мөн байгууллагадаа үргэлжүүлэн хадлангийн 2 дугаар /Цагаан бураа/ бригадад 1994 оныг дуустал ажилласан юм. С.Буянжаргал нь намайг 1982 онд цэргээс халагдаж ирэхэд 1979 онд ажилд орсон гээд хадлангийн 1-р бригадад тракторын жолоочоор ажиллаж байсан. С.Буянжаргал нь 1991 оныг дуустал Тэсийн Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байгаад Тэсийн Тэжээлийн аж ахуй нь 1992 оноос эхлэн Таван тэс ХК болон ажиллахад үргэлжлүүлэн 1992 оны 8 дугаар сар хүртэл ажилласан. Тэжээлийн аж ахуй нь нийт 5 бригад, 2 салаа болон өвс тэжээл бэлтгэдэг байсан. Увс аймгийн Тэсийн Тэжээлийн аж ахуй нь 1992 оноос эхлэн Таван тэс хувьцаат компани болон ажиллаж байгаад 1994 оныг дуустал ажиллаад хувьчлагдсан. Тэсийн тэжээлийн аж ахуй нь баруун 5 аймгийн өвс тэжээлийн фонд бэлтгэдэг байгууллага байсан юм гэж, гэрч Ж.Гэндэн: Би 1977 оноос эхлэн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракточин, хадуурчинаар 1994 оныг дуустал ажилласан юм. С.Буянжаргал тус аж ахуйд1979 оны 8 дугаар сараас эхлэн 1991 оныг дуустал тракторчноор ажилласан. 1992 оноос Тэсийн тэжээлийн аж ахуй нь Таван тэс хувьцаат компани болон ажиллахад С.Буянжаргал нь 1992 оны 8 дугаар сарыг хүртэл уг компанид ажилласан. С.Буянжаргал бид хоёр хадлангийн Дундуйх гэх бригадад хамт тракторын жолоочоор ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэднэ. Тэсийн тэжээлийн аж ахуй нь жилдээ 300 гаргуй тоонн өвс, тэжээл бэлгэдэг 5 бригад болон ажилладаг байсан гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 578 тоот шийдвэр, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 06 тоот шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

        Иймд Увс аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч С.Буянжаргалын 1979 оны 8 дугаар сараас 1992 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Буянжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

        Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Булгадар овогтой Сүрэнхорын Буянжаргалын 1979 оны 8 дугаар сараас 1992 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Буянжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Н.ГЭРЭЛТУЯА