Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1000

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         05          28                                       2020/ШЦТ/1000

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч М.Батзаяа,

шүүгдэгч А.С. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш. овогт А.гийн С.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 01960 1183 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2001 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай, Ш. овогт А.гийн С.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.С. нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний орой 22:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 70-87 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эгч Д.Мөнгөнтуяаг шүүрээр зодож, духанд шарх, дух, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                         

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Д.Мөнгөнтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 22:00 цагийн орчимд өөрийн гэртээ очиж өөрийн эд зүйл, хувцас хэрэглэлүүдээ авах гээд хаалгаа тогшиж гэртээ ирэхэд манай дүү А.С. нь эхнэрийн хамт байж байсан. Миний хувцаснуудыг үүд рүү замбараагүй байдалтай тавьсан байсан. Тэгээд би миний хувцаснуудыг яах гэж ингэж үүд рүү тавьж байгаа юм бэ гэхэд манай дүү ээж рүү утасдаж, намайг муулаад байсан. Би А.С.гийн найз охинд хандан “төрсөн эгчийгээ, төрсөн охиноо хайрлаж чадахгүй байхад чамайг А.С. хайрлахгүй” гэж хэлтэл А.С. миний асгасан давсыг шүүрдэж байсан шүүрээрээ миний дух хэсэгт 1 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

- Гэрч А.Даваажаргалын өгсөн: “...Мөн шилтэй давс гаргаж ирэн шалаар цацсан. Тэгтэл А.С. шүүр аваад тухайн давснуудыг шүүрдэж байтал Д.Мөнгөнтуяа эгч хараалын үгс хэлээд байсан. Тэгснээ над руу хараад “салтайж хэвтэж байгаад жирэмсэн болчихоод” гэж хэлэхээр нь би гомдоод суудлаасаа босоод “аниа та юу гээд байгаа юм бэ” гэж хэлэн найз залуугийнхаа дэргэд очоод зогссон. Тэгтэл Д.Мөнгөнтуяа эгч гартаа нэг юм бариад над руу хараад суудлаасаа босоод ирсэн, над руу алхсан. Тэгтэл Мөрөн намайг өмөөрөөд гартаа барьж байсан шүүрээрээ нэг удаа Д.Мөнгөнтуяа эгчийн дух руу цохисон. Тэгтэл духнаас нь цус гарч эхэлсэн тул уурлаж эхэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4729 тоот:

1. Д.Мөнгөнтуяагийн биед духанд шарх, дух, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.С. нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний орой 22:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 70-87 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эгч Д.Мөнгөнтуяаг шүүрээр зодож, духанд шарх, дух, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул А.С.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           А.С. нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний орой 22:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 70-87 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эгч Д.Мөнгөнтуяаг шүүрээр зодож, духанд шарх, дух, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Мөнгөнтуяагийн мэдүүлэг, гэрч А.Даваажаргалын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4729 тоот дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.С.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч А.С.г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 61/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч А.С.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш. овогт А.гийн С.г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С.д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.С. нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА