Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 034

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Өндөрхангай сумын 4 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОК66101508, Шовх овогтой Батдоржийн Наранцэцэгийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие 1966 онд төрсөн. Улмаар дунд сургуульд суралцаж 1982 оноос илтгээлтээр малчин болж аав, ээжийн хамт Өндөрхангай сумын Шинэ замнэгдэлд мал малласан. Би 1982 оноос 1992 оныг дуустал буюу Шинэ зам нэгдэл тартал тасралгүй мал малласан. Одоо би өндөр насны тэтгэвэрт орох болж нийгмийн даатгалын байгууллагад хандсан боловч бичиг баримт дутуу гэсэн үндэслэлээр тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариу өсгөн. Би тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн. Мөн Шинэ зам нэгдэлд анх ажилд орсон болон ажлаас гарсан тушаалаа хайсан боловч олдохгүй байна. Тухайн үед ажиллаж байхдаа авч байсан цалингийн цэсээ шүүлгэхэд цалин авч байсан баримт нь олдсон. Иймд миний 1982 оноос 1992 оныг дуустал хугацаанд Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. ... Миний бие 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд тэднийгээ эзгүй хаяад дахин шүүхэд ирэх боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хурлаа хийж, миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Б.Наранцэцэг нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

    Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан Батдорж овогтой Наранцэцэгийн 1982 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

       Түүнчлэн нэхэмжлэгч Б.Наранцэцэгийн 1985 онд Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцон авахуулсан гэрэл зургийн хуулбар, Шинэ зам нэгдэлийн зөвлөл, Увс аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газраас олгосон Баярын бичиг, 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өндөрхангай сумын Намын хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Нэгдлийн зөвлөл зэргээс олгосон Сайшаалын үнэмлэх-ийн хуулбар тус тус авагдсан байна.

     Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ч.Цэгмэд, Ч.Гэзэгт нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ч.Цэгмэд: Миний бие 1972 оноос 1992 он хүртэл хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан ба Б.Наранцэцэг тус нэгдэлд 1982 оноос эхлэн 1992 оныг дуустал хугацаанд малчнаар ажилласан. Б.Наранцэцэг голдуу бог мал маллаж байсан гэж, гэрч Ч.Гэзэгт: Би 1978-1992 оны хооронд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажилласан ба Б.Наранцэцэг нь тус нэгдэлд 1982 оноос 1992 оныг дуустал хугацаанд малчнаар ажилласан. Тэрээр бог мал маллаж байсан. Манай нэгдлийн даргаар Памаж, Цэрэннадмид гэдэг хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг тус тус өгсөн байх ба гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд тус тус авагджээ.

         Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Наранцэцэгийн 1982 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Наранцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болно.

        Мөн нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шовх овогтой Батдоржийн Наранцэцэгийн 1982 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Наранцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА