Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1001

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         05          28                                       2020/ШЦТ/1001

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Б.Б., Г.Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н. овогт Б.ын Б., У. овогт Г.гийн Д. нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 01984 1168 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Өлзийт суманд 1999 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн оюутан, “Империал секурити” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 8, эцэг, эх, ах, 4 дүүгийн хамт оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Н. овогт Б.ын Б..

Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн оюутан, “Нарантуул” худалдааны төвд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, У. овогт Г.гийн Д..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б., Г.Д. нар  нь 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул тэнгэр” хотхоны 47-8 тоотод иргэн Н.Төгөлдөрөөс архины мөнгө нэхэж, улмаар архины мөнгө өгөөгүй гэх шалтгааны улмаас биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                           

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Н.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Саруул тэнгэр” хотхоны 47-8 тоот гэртээ байж байхад 22:00 цагийн орчимд манай гэрийн хаалгыг тогшихоор нь би очоод хаалгаа нээтэл Үндэсний батлан хамгаалахын их сургуульд надтай хамт нэг ангид байсан Г.Д. болон манай нөгөө ангийн Б.Б. гэх хүмүүс ирсэн. Тэр хоёр намайг “гараад ир” гэхээр нь би “гарахгүй” гэсэн чинь “тэгвэл гэрт чинь хэн байгаа юм” гэхээр нь “одоохондоо хүн байхгүй байна” гэхэд манай гэрт орж ирсэн ба “намайг архины мөнгө өг” гэсэн. Тэгэхээр нь “надад мөнгө алга” гэхэд “худлаа ярилаа” гээд намайг зодсон. Б.Б. нь зүүн гараараа миний хацар луу алгадаж, хүзүүнээс боогоод зүүн хөл рүү өшиглөж, орон дээр боож унагаасан чинь Г.Д. хоёр гарнаас барьж гэдэс рүү цохисон. Хажуунаас Б.Б. нүүр, цээж хэсэг рүү цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10, 16-18/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4876 тоот:

“1. Н.Төгөлдөрийн биед хүзүү, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо 2 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Б., Г.Д. нар нь 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул тэнгэр” хотхоны 47-8 тоотод иргэн Н.Төгөлдөрөөс архины мөнгө нэхэж, улмаар архины мөнгө өгөөгүй гэх шалтгааны улмаас биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.Б., Г.Д. нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Б.Б., Г.Д. нар нь 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул тэнгэр” хотхоны 47-8 тоотод иргэн Н.Төгөлдөрөөс архины мөнгө нэхэж, улмаар архины мөнгө өгөөгүй гэх шалтгааны улмаас биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Төгөлдөрийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4876 тоот дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б., Г.Д. нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б., Г.Д. нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 18/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч  Б.Б., Г.Д. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н. овогт Б.ын Б., У. овогт Г.гийн Д. нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б., Г.Д. нарт тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б., Г.Д. нар нь тус тус торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА