Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 035

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Хяргас сумын Дэлгэр багт оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОР63071907, Савар овогтой Цэндийн Хашийн,

           Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Нэхэмжлэгч Ц.Хаш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1961 онд төрсөн ба Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1981 онд засалчнаар орж, байгууллага тарах хүртэл ажиллаж байсан. Тэр үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэрт миний ажилд орсон, ажлаас гарсан тухай бичилтүүд байгаа, харин 1985 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд засалчнаар ажиллаж байгаад гарсан тушаал олдохгүй байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Хаш нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

     Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсан Цэнд овогтой Хашийн 1985 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

             Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Хашид 1982 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Барилга угсралтын трестийн дарга Т.Батзулаас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар авагдсан байх ба уг дэвтэрт 1985 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестэд засалчнаар томилогдсон, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Барилгын Хан хөхий ББХК-иас орон тооны илүүдлээр ажлаас чөлөөлөгдсөн тухай бичилт хийгджээ.

          Мөн Барилга угсралтын трестийн даргын 1990 оны тушаалын хавсралт Увс аймгийн Архиваас ирүүлсэн байх ба уг тушаалын хавсралтад зааснаар Цэндийн Хашийг тасралтгүй ажилласныг үнэлж 164 төгрөгөөр шагнаж урамшуулж байсан нь тогтоогдож байна.

          Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Н.Цэндээ, Х.Хорлоо нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Н.Цэндээ: Би Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1981 оны 8 дугаар сараас эхлэн туслах ажилчин, будагчин, засалчнаар тус тус 1990 оныг дуустал ажилласан. Ц.Хаш нь 1985 оноос 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд засалчнаар ажиллаж байсан. Ц.Хаш бид нар томилолтоор Увс аймгийн Хяргас сумын Хүн эмнэлэг болон сургуулийн барилгыг барих ажилд нэг баг бригад болон 2-3 жил Нэгдсэн 8 дугаар бригадад ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Увс аймгийн Барилга угсралтын трестын даргаар Т.Батзул, мастер нь н.Нямжав, баригадын даргаар н.Ядамцоо гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж, гэрч Х.Хорлоо: Би 1985 онд Завхан аймгийн Барилгын ТМС төгсөөд Увс аймгийн Хяргас сумын Хүн эмнэлэг болон сургуулийн барилгын ажил дээр томиогдон очиход Ц.Хаш нь уг байгулллагад засалчнаар ажиллаж байсан. Тэр үеэс эхлэн бид хамтдаа 1990 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд засалчнаар ажилласан. Ц.Хаш бид нар Нэгдсэн 8 дугаар бригад болон ажиллаж байсан учраас нэгнээ сайн таньж мэдэж байна. Увс аймгийн Барилга угсралтын трестын даргаар Т.Батзул, мастер нь н.Нямжав, баригадын даргаар н.Ядамцоо гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 49 тоот шийдвэр хэрэгт авагджээ.

          Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Хашийн 1985 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд засалчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Хашийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Савар овогтой Цэндийн Хашийн 1985 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд засалчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Хашийн нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                              ДАРГАЛАГЧ,

                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ГЭРЭЛТУЯА