Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1003

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         05          28                                       2020/ШЦТ/1003

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Р.П. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц. овогт Р.ийн П.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1906 05676 1101 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1988 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Ц. овогт Р.ийн П..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.П. нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг-Ундраа” худалдааны төвийн “Хаан” банкны АТМ-ээр үйлчлүүлж байсан иргэн Б.Хонгорзулын данснаас бэлэн 430.000 төгрөг гарч ирснийг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.                         

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.П. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 11-12/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 24/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17/,

- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 19-23/,

- “Хаан” банкны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 29/11863 тоот албан бичиг /хх-ийн 15/,

- Хохирогч Б.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг-Ундраа” худалдааны төвийн 1 давхарт байрлах “Хаан” банкны АТМ-д өөрийн 5634185246 гэх данс руу 300.000 төгрөгийн орлого хийсэн. Би орлогоо хийсний дараа дансны үлдэгдлээ шалгахад 430.000 төгрөг орчим байсан ба картаа авахын өмнө боломжит дүнгээр зарлага авах гэсэн товчлуурыг андуурч дарсан байсан. Мөнгө гарч ирэхийн өмнө карт гарч ирдэг тул би өөрийн картыг аваад мөнгийг авалгүй явсан байсан. Тэгээд би “Баялаг-Ундраа”-гаас гарч байхдаа өөрий “Хаан” банкны интернэт банк руу ороход миний дансанд 50 төгрөг үлдээд зарлага 430.000 төгрөг гарсан байсан. Мөнгө гарсан байгааг нь хараад би буцаад АТМ дээр ирэхэд миний мөнгө байхгүй байсан ба миний хажууд нэг эгч зогсч байсан боловч тэр эгч байхгүй болсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

- Р.П.ийн яллагдагчаар өгсөн: “Сонсгож байгаа зүйл ангитай санал нийлж байна. Нийтдээ 400 гаран мянган төгрөг байсан санагдаж байна. Мөнгийг нь хэрэгцээндээ хэрэглээд дуусгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Р.П. нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг-Ундраа” худалдааны төвийн “Хаан” банкны АТМ-ээр үйлчлүүлж байсан иргэн Б.Хонгорзулын данснаас бэлэн 430.000 төгрөг гарч ирснийг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Р.П.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Р.П. нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг-Ундраа” худалдааны төвийн “Хаан” банкны АТМ-ээр үйлчлүүлж байсан иргэн Б.Хонгорзулын данснаас бэлэн 430.000 төгрөг гарч ирснийг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Хаан” банкны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 29/11863 тоот албан бичиг, хохирогч Б.Хонгорзулын мэдүүлэг, Р.П.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Р.П.ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Р.П.ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 64/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч  Р.П.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц. овогт Р.ийн П.ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.П.т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.П. нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

            5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА