Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 036

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 12-05 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ70051005, Бурдууд овогтой Нямжавын Төгсжаргалын,

      Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Төгсжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Н.Төгсжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчний туслах ажилчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал тус аж ахуй тарсан. Одоо тэтгэвэрт гарах нас болсон ба хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Улаантолгойн чацарганы аж ахуйд 1986 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Н.Төгсжаргал нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

      Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр ажиллаж байсан Нямжав овогтой Төгсжаргалын 1986 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

          Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн С.Цэнд-Аюуш, Г.Дагвадорж нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч С.Цэнд-Аюуш: Намайг 1987 оноос эхлэн Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд ажилд ороход Н.Төгсжаргал нь 1986 оны зун ажилд орсон гээд тухайн байгууллагад цэцэрлэгчээр ажиллаж байсан. Би уг байгууллагад 1987 оноос 2000 он хүртэл буюу Улаантолгойн чацарганы аж ахуйг тарах хүртэл ажилласан. Н.Төгсжаргал 1986 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал ажиллаад хүнтэй суун тусдаа амьдралтай болон ажлаас гарч байсан. Би тус аж ахуйд тракторчноор ажиллаж байсан. Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргаар М.Сүхбат гэх хүн ажиллаж байсан гэж, гэрч Г.Дагвадорж: Би Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд 1984 оноос 1991 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд цэцэрлэгчнээр ажиллаж байсан. Н.Төгсжаргал нь 1986 оны 7 дугаар сараас эхлэн тус байгууллагад цэцэрлэгчнээр ажилд орж, 1989 оныг дуустал ажиллаад хүнтэй суун тусдаа амьдралтай болон ажлаас гарч байсан. Бид хоёр хамтдаа цэцэрлэгчнээр ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэднэ. Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргаар М.Сүхбат гэх хүн ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтэр хэрэгт авагдсан байна.

          Түүнчлэн Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл болсон нь гэрч Л.Дагвадоржийн хөдөлмөрийн дэвтэрт хийгдсэн бичилтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Н.Төгсжаргалын 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

          Иймд Увс аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Н.Төгсжаргалын 1986 оны 7 дугаар сараас 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд, 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд тус тус цэцэрлэгчний туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Төгсжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бурдууд овогтой Нямжавын Төгсжаргалын 1986 оны 7 дугаар сараас 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд, 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд тус тусцэцэрлэгчний туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Төгсжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                         ДАРГАЛАГЧ,

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ГЭРЭЛТУЯА