| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00847/и |
| Дугаар | 040 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 040
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 08-12 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ74112116, Онход овогтой Цэвээний Мөнгөнтулга,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 08-12 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ7902050200, Зуутраг овогтой Сайнбилэгийн Цэвээндулам нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.211.383,53 төгрөг, зээлийн хүү 718.093,1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 142.343,88 төгрөг, нотариатын зардал 23.500 төгрөг, нийт 11.095.320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын Чандмань тооцооны төвийн эрхлэгч М.Батсуурь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Мөнгөнтулга, С.Цэвээндулам нар 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны Увс салбарын Чандмань тооцооны төвөөс ЗГ757 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийг 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь гэрээний 2.4.1, 4.2.2 дахь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 14.788.616,47 төгрөг, зээлийн хүүнд 14.094.369,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 656.064,18 төгрөг, нийт 29.539.050 төгрөг төлсөн. Харин гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй, 502 хоног хугацаа хэтэрсэн ба удаа дараа шаардлага хүрүүлсэн боловч үүргээ үл биелүүлж, зээлийн төлбөрийг барагдуулахгүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.211.383,53 төгрөг, зээлийн хүү 718.093,1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 142.343,88 төгрөг, нотариатын зардал 23.500 төгрөг, нийт 11.095.320 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Мөнгөнтулга, С.Цэвээндулам нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хаан банкнаас нэхэмжилсэн 11.095.320 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 43 хоног болсон тул зээлийн хүү 401.253,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82.584,08 төгрөг, нийт 483.837,72 төгрөгийг мөн төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батсуурь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон тайлбартаа: Хариуцагч Ц.Мөнгөнтулга, С.Цэвээндулам нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаснаас хойш 43 хоног болсон тул зээлийн хүүний 401.253,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний 82.584,08 төгрөг, нийт 483.837,72 төгрөгийг нэмж гаргуулахаар нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна. Хариуцагч нарын хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Ц.Мөнгөнтулга, С.Цэвээндулам нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.211.383,53 төгрөг, зээлийн хүү 718.093,1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 142.343,88 төгрөг, нотариатын зардал 23.500 төгрөг, нийт 11.095.320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн зээлийн хүүний 401.253,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний 82.584,08 төгрөг, нийт 483.837,72 төгрөгийг нэмж гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэн Ц.Мөнгөнтулга, С.Цэвээндулам нар Хаан банктай 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 757 тоот зээлийн гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан байх ба мөн өдрийн БГҮ757 тоот барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, Чандманы 7-10 тоотод байрлах, нэгж талбарын 191903228 тоот, улсын бүртгэлийн Г-1520001875 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 1364,5 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, Чандманы зүүн тал Гэдрэгэд байрлах, 4 тал, 4000 м.кв талбай бүхий, хадлан бэлчээрийн зориулалттай эзэмших эрхтэй газар, уг газарт байрлах 3 ширхэг 15х4 метртэй фермерийн малын амбаар, хашаа, саравч, мөн 8 ханатай, шалтай, Монгол гэр, 43 инчийн LGмаркийн зурагт, 2 хаалгатай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хөлдөөгч, угаалгын машин, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн мотоцикль, суурийн харуул хөрөө, олон үйлдэлт ачигч, түрэгч, малтагч трактор зэргийг тус тус барьцаалсан байна.
Харин хариуцагч нар Хаан банкнаас нэхэмжилсэн нийт 11.579.157 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231.140 төгрөгөөс 115.570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 115.570 төгрөгийг, хариуцагч Ц.Мөнгөнтулга, С.Цэвээндулам нараас 115.570 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Мөнгөнтулга, С.Цэвээндулам нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 11.579.157 /арван нэгэн сая таван зуун далан есөн мянга нэг зуун тавин долоо/ төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231.140 /хоёр зуун гучин нэгэн мянга нэг зуун дөч/ төгрөгөөс 115.570 /нэг зуун арван таван мянга таван зуун дал/төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 115.570 /нэг зуун арван таван мянга таван зуун дал/ төгрөгийг, хариуцагч Ц.Мөнгөнтулга, С.Цэвээндулам нараас 115.570 /нэг зуун арван таван мянга таван зуун дал/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА