Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1015

 

 

 

 

 

 

 

 

 

 2020         05          29                                         2020/ШЦТ/1015

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,  

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Б.И., түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Б.ы И.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 06294 1076 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 349 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Б. овогт Б.ы И..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.И. нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүргүүлэхээр үйлчлүүлсэн иргэн Б.Ишжамцын согтуу байдлыг далимдуулан түүний эзэмшлийн Самсунг А5 загварын гар утас, бэлэн 320.000 төгрөг, “Хаан” банкны картнаас нь 200.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.И. мэдүүлэхдээ: “Би бэлэн мөнгө бол аваагүй, ямар нэгэн утас ч хараагүй. Картнаас нь 200.000 төгрөг авсан. Таван шарын колонк дээр бензин дууслаа гэсэн чинь найз нь найзынхаа картыг гаргаж ирээд, пин кодыг нь тэр найз нь мэдэж байсан тул надад 20.000 төгрөгөнд бензин хийж өгсөн. Тэгээд Сансар дээр ирээд картаа хажуу талд тавьчихсан байсан.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Ишжамцын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би машинд нь унтчихсан байсан. Тэгээд Цайз 16 орчимд явж байхад сэрсэн. Тэгээд жолоочид миний халаасанд байсан гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйл байхгүй байна гэж асуутал урдаас хэрэлдээд байсан. Самсунг Галакси А5 загварын гар утас, бэлнээр 320.000 төгрөг, мөн миний эзэмшлийн 5103035678 гэсэн данснаас 200.000 төгрөг бэлнээр гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

- Гэрч Н.Ариунболдын өгсөн: “Б.Ишжамцын хамт такси барихаар болж замын хажууд гар өргөөд зогсч байтал цагаан өнгийн машин ирж зогссон. Тухайн жолоочид Шар хад орно, замдаа би Сансарын колонк дээр бууна гэж хэлээд машинд ороод унтаад өгсөн, нэг сэрсэн чинь Цайз 16-ын орчимд явж байх шиг байсан. Манай найз араас дуудаад миний гар утас болон бусад эд зүйл алга болсон байна, чиний юмнууд чинь байна уу гэхээр нь халаасандаа үзтэл байхгүй байсан. Тухайн жолоочийг чи гар утас болон бусад зүйлийг авчихлаа, гаргаад өг гэтэл би аваагүй гээд маргалдсан. Чи буугаад ир гэсэн би буугаад машины урд талаар тойроод очих гэтэл намайг орхиод машинтайгаа яваад өгсөн. Б.Ишжамцад гар утас байсан. Банкны зээлийн мөнгө төлнө гээд найзаасаа мөнгө зээлчихсэн гэж надад ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

- Гэрч Ү.Энхжавхлангийн өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 08:00 цагийн үед залгаад банкны мөнгө төлөх хугацаа нь болчихсон юм. Найздаа 340.000 төгрөг зээлүүлээч гэж утсаар ярьсан. Би зөвшөөрч ирээд авчих гэсэн юм. Б.Ишжамц ирээд аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

- 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21/,

- 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26/,

- Б.Ишжамцын 5103035678 дугаартай “Хаан” банкны депозит дансны хуулга /хх-ийн 29/,

- Б.И.ы яллагдагчаар өгсөн: “...АТМ-д картыг нь уншуулж үзэхэд 360.000 төгрөг байхаар нь 200.000 төгрөг авчихсан. Тэндээсээ оюутны байранд очоод тэр хоёрыг дуудахад сэрсэн ба босч ирээд надаас гар утас нэхээд эхэлсэн. Хоёуланг нь буулгаад өөрийгөө болон машинаа нэгжүүлсэн ба гарч ирээгүй. Би уг нь хохирогчид танай найз гар утсыг чинь авсан гэж хэлсэн. Найзыг нь нэгжих гэтэл намайг шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд би өөрөө 200.000 төгрөг авчихсан байсан болохоор тэр хоёроос хурдан салах гээд машиндаа суулгаад зугатсан. Тухайн үед хохирогч миний машины ард хаалгыг онгойлгоод суучихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Прокуророос Б.И.г хохирогч Б.Ишжамцын гар утас, бэлэн 320.000 төгрөг, “Хаан” банкны картаар нь дамжуулж, данснаас нь 200.000 төгрөгийг тус тус хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хохирогч Б.Ишжамц хохирогчоор мэдүүлэхдээ “...Цайз 16 орчимд явж байхад сэрсэн. Тэгээд жолоочид миний халаасанд байсан гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйл байхгүй байна гэж асуусан...” гэж, гэрч Н.Ариунболд “...манай найз араас дуудаад “миний гар утас болон бусад эд зүйл алга байна, чиний юмнууд чинь байна уу?” гэхээр нь халаасандаа үзтэл байхгүй байсан. Тухайн жолоочийг чи гар утас болон бусад зүйлийг авчихлаа, гаргаад өг гэтэл би аваагүй гээд маргалдсан. Гэртээ очоод хувцсаа тайлтал өмдний халаас цоорхой байсан учир тийшээ орчихсон байсан. Б.Ишжамцад гар утас байсан. Найзаасаа мөнгө зээлчихсэн гэж надад ярьж байсан...” гэж тус тус мэдүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь “... гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...”,  16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж тус тус заажээ.

Хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хохирогч Б.Ишжамц нь хэрэг болохоос өмнө, эсхүл хэрэг болсон гэх цаг мөчид архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж түүний гар утас, бэлэн мөнгө өөрт нь байсан болохыг нотолоогүй, хэн авсан болохыг шууд зааж чадаагүй, түүний мэдүүлэгт “2019 оны 10 сарын 16-ны өглөө ажилдаа очоогүй, найз Амарсанаа, Ариунболд нарын хамтаар архи ууж байгаад 19 цагийн үед Ариунболдын хамтаар такси барьхаар болж гар өргөтөл машин зогссон ...  машинд нь унтчихсан байсан, 320.000 төгрөг найз Энхжавхлангаас 2019 оны 10 сарын 16-ны өдөр бэлнээр авсан байсан” гэж мэдүүлсэн байна. Гэтэл хэргийн 19 дүгээр хуудсанд Ү.Энхжавхлан гэрчээр мэдүүлэг өгөхдөө “2019 оны 10 сарын 15-ны өглөө 08 цагийн үед залгаад банкны мөнгө төлөх хугацаа болчихсон юм, найздаа 3400.000 төгрөг зээлдүүлээч гэж утсаар ярьсан.Би зөвшөөрч ирээд авчих гэсэн.Ишжамц ирээд аваад явсан” гэж мэдүүлжээ.Хохирогч Ишжамц, гэрч Ү.Энхжавхлан нарын мэдүүлэгүүд эрс тэс зөрүүтэй байна.Тухайлбал хохирогч 10 сарын 16-ны өглөө 320.000 төгрөг Энхжавхлангаас зээлж авсан гэж мэдүүлсэн байхад гэрч Энхжавхлан 10 сарын 15-ны өглөө 3400.000 төгрөг Ишжамцад өгсөн малаар мэдүүлжээ. Нөгөөтэйгүүр, хохирогчтой хамт явж байсан гэрч Н.Ариунболд хохирогчид 320.000 төгрөг байсан талаар хараагүй буюу Б.Ишжамц өөрт нь хэлсэн, гар утас нь Б.Ишжамцад байсан гэх боловч хэзээ, хаана байсан талаар мэдүүлээгүй байна.Мөн Н.Ариунболд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэгт “...гэртээ хариад хувцсаа тайлтал өмдний халаас нь цоорхой байсан учир өмдний шулхнаг руу орчихсон байсан” гэж мэдүүлжээ.

Өөрөөр хэлбэл, хохирогч Ишжамц, гэрч Н.Ариунболд нар нь их хэмжээний согтолттой байсан талаар мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч И.ы жолоодож байсан машинд суухдаа гар утас болон бэлэн мөнгөө авч ирсэн болох нь нотлогдоогүй эргэлзээтэй байна. Хохирогч Энхжавхлангаас авсан 320.000 төгрөг байсан гэж байгаа боловч тухайн өдөр зарцуулсан эсэх нь тодорхойгүй байна.Иймд  шүүгдэгч Б.И.ыг хохирогчийн гар утас, 320.000 төгрөгийг авсан гэм буруутайд тооцох нөхцөл байдлыг үгүйсгэгдэж байна.

Харин шүүгдэгч Б.И. нь хохирогчийн “Хаан” банкны харилцах картаар дамжуулан түүний данснаас 200.000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд хохирогчид 200.000 төгрөгийг төлсөн болох нь “Хаан” банкны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1721203 журналын дугаартай орлогын мэдүүлгээр нотлогдож байна.Гэвч Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэжээ. Шүүгдэгчийн 200.000 төгрөг хулгайлсан үйлдэл нь бага хэмжээний хохирол байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тооцогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэргийн шинжгүй”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1-д заасан нөхцөл байдал илэрвэл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал нь явуулж, цагаатгах тогтоол гаргана.”, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэргийн шинжгүй” гэж тус тус зааснаар шүүгдэгчийн холбогдсон үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэг,  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 36.2, 36.6, 36.9, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. овогт Б.ы И.ы хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

            2. Б.И.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.  

           3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

            4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.И. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар Б.И. нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

             6. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл Б.И., хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА