| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/1004/Э |
| Дугаар | 1019 |
| Огноо | 2020-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 1019
2020 06 02 2020/ШЦТ/1019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Ш.Э. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т. нар овогт Ш.ын Э.од яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00000 1332 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Говь-Угтаал суманд 1979 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, Т. нар овогт Ш.ын Э..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Э. нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 1-18 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн охин Э.Хонгорзулыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, сандал авч шидэн, үснээс нь зулгааж, толгойн тус газар нь 3 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Э. мэдүүлэхдээ: “Би охинтойгоор муудсан нь үнэн. Би “чи ингээд сургууль соёлд суугаагүй байж нөхөр сүүдэр эргүүлж болж байгаа юм уу?” гэсэн чинь намайг харааж зүхсэн юм. Тэгээд би сандал аваад шидсэн юм. Сүүлд сандал шидсэний дараа хойгуур өнгөрөхдөө ахиж очиж үсдэж авсан. Тэгээд унагангуут нь би өшиглөсөн. Ээж нь “болиоч” гэж хорьсон. Ингээд ухаан алдчихаар нь би эмнэлэгт хүргэж өгье гэсэн чинь эмч дуудсан байсан. Би жаахан ууртай байсан тул гараад явсан. Гадаа машинтай нэлээн байж байгаад хүрээд ирсэн чинь цагдаа ирсэн байсан.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
- Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 11/,
- Хохирогч Э.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өөрөө гэртээ ирээд хойд байшинд ганцаараа хоносон. 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр найз залуу Тулгатыг ирж авахыг хүлээж, зурагт үзээд сууж байсан чинь аав “яагаад гэрээсээ явсан, нөхөр хүсээд байгаа юм уу, ирэхгүй байх чинь яасан” гэж асуухаар нь “таныг дарамталж нүд үзүүрлэж загнаад байсан болохоор гэрээсээ явсан” гэж хэлсэн чинь аав уурлаж босч ирээд жижиг сандал шидэхэд мөр хавьцаа оносон чинь ээж дундуур орж ирээд хаасан чинь ээжийг цохих гэсэн боловч хүрээгүй. Тэгэхээр нь би “дандаа яахаараа ээжийг зодож байдаг юм бэ?” гээд хашгирсан чинь аав өөдөөс том дуугарлаа гэж уурлаж, толгой руу 2 удаа цохиж, үсдэж, татаж унагааж, толгой руу өшиглөсөн. Ингээд аавд зодуулсны дараа миний толгой өвдөөд даагдахгүй байна гэсэн чинь ээж түргэн дуудсан. Намайг үсдэж, дугтарч унагаагаад толгой руу нүцгэн хөлөөрөө өшиглөсөн, дух, дагз руу өшиглөхөд хөхөрсөн, сандал шидэхээр нь гараараа хаах үед чигчий хурууг онож хөхөрсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5906 тоот:
1. Э.Хонгорзулын биед тархи доргилт, дух, дагз, зүүн гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/,
- Гэрч Д.Бат-Өлзийгийн өгсөн: “Манай 2 дахь охин Хонгорзул нь найз Тулгат гэх залуутайгаа хамт байж байгаад 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэртээ ирж, хойд байшинд ганцаараа хоносон. Маргааш нь нөхөр Ш.Э. охиныг гадуур тэнэж явсан асуудалд уурлаж “байгаа газар луу нь явуул, нөхөр хэрэгтэй юм бол тэндээ амьдарна биз” гээд байхаар нь охиндоо “найз Тулгат дээрээ хэсэг байж байх юм уу, аав чинь уурлаад байна” гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр охин Хонгорзул найз Тулгабатыг дуудчихаад зурагт үзээд хүлээгээд сууж байхад нөхөр охиндоо хандаж “чи нөхөр хүсэж гэрээсээ явсан уу?” гэхэд охин өөдөөс нь “таныг нүд үзүүрлэж, уурлаад байхаар чинь гэрээсээ явсан” гэж хэлсэн чинь сандал авч шидсэн. Би дундуур нь орсон чинь намайг цохих гэж далайсан боловч цохиогүй, гэтэл охин “та яахаараа ээжийг ингэж байдаг юм бэ” гэж хашгирсан чинь өөдөөс том том дуугарлаа гэж уурлаж үсдэж, дугтарч унагаагаад, хөл нүцгэн хөлөөрөө толгой руу нь өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
- Ш.Э.ын яллагдагчаар өгсөн: “Хойноос нь сандал шидсэн чинь баруун мөр бугалга орчим оносон. Тэгээд үсдэж унагаагаад хөл нүцгэн хөлөөрөө толгой руу нь хоёр удаа өшиглөсөн. Би охиноо зодож гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
- Ш.Э.ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 41-45/,
- Ш.Э.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ш.Э. нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 1-18 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн охин Э.Хонгорзулыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, сандал авч шидэн, үснээс нь зулгааж, толгойн тус газар нь 3 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Ш.Э.од холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ш.Э. нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 1-18 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн охин Э.Хонгорзулыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, сандал авч шидэн, үснээс нь зулгааж, толгойн тус газар нь 3 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ, хохирогч Э.Хонгорзулын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5906 тоот дүгнэлт, гэрч Д.Бат-Өлзийгийн мэдүүлэг, Ш.Э.ын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Э.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Ш.Э.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 50/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ш.Э.од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т. нар овогт Ш.ын Э.ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э.од 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Э. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА