Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 041

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,

        Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Нарны зам гудамж Тэс төв-д байрлах, улсын бүртгэлийн 9011068065, регистрийн 2658445 дугаартай, Тэс петролиум ХХК-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галдан бошигт хороолол, Төрийн албан хаагчдын 2 дугаар 16 айлын орон сууцны 16 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ68091011, Бороош овогтой Мягмаржавын Ганбаатарт холбогдох,

      Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 12.053.516 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Тэс петролиум ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Майдар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Ганбаатар нь тус компаниас 2015 оны 5 дугаар сараас 10 дугаар саруудад А80 бензин 200 литр, А92 бензин 107 литр, дизель түлш 126 литр, бүгд 12.053.519 төгрөгийн шатахууныг зээлээр авсан. Тэрээр тухайн зээлээр авсан шатахууныхаа мөнгийг төлөөгүй бөгөөд төлөхийг удаа дараа шаардаж, түүний хүсэлтийг харгалзан боломжит хугацаа олгосон боловч өнөөг хүртэл хугацаанд төлбөрөө хийхгүй биднийг хохироож байна. Иймд шатахууны үндсэн төлбөр 12.053.519 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэдсэн төлөөлөгч Б.Баярхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тэс петролиум ХХК-иас нэхэмжилсэн 12.053.519 төгрөгийг хариуцагч төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг доорх графикийн дагуу төлнө. Үүнд: 2017 оны 1 дүгээр сард 1.000.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сард 1.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сард 3.000.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сард 1.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сард 2.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сард 4.053.519 төгрөг, нийт 12.053.519 төгрөгийг төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Тэс петролиум ХХК нь хариуцагч М.Ганбаатарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 12.053.516 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, тухайн нэхэмжилсэн 12.053.516 төгрөгийг 2017 оны 1 сараас 6 дугаар сарын хооронд төлж барагдуулахаар тайлбар бичиж ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа хүлээн зөвшөөрсөн байна.

       Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Хариуцагч М.Ганбаатар дээрх хугацаанд үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

        Нэхэмжлэгч Тэс петролиум ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207.806 төгрөгөөс 103.903 төгрөгийгулсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 103.903 төгрөгийг, хариуцагчМ.Ганбаатараас 103.903 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Тэс петролиум ХХК-д олгох нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Ганбаатар нь худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 12.053.516 /арван хоёр сая тавин гурван мянга таван зуун арван зургаа/ төгрөгийг 2017 оны 1 дүгээр сард 1.000.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сард 1.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сард 3.000.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сард 1.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сард 2.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сард 4.053.519 төгрөгөөр тус тус хувааж Тэс петролиум ХХК-нд төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Тэс петролиум ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 207.806 /хоёр зуун долоон мянга найман найман зуун зургаа/ төгрөгөөс 103.903 /нэг зуун гурван мянга есөн зуун гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 103.903 /нэг зуун гурван мянга есөн зуун гурав/ төгрөгийг, хариуцагч М.Ганбаатараас 103.903 /нэг зуун гурван мянга есөн зуун гурав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Тэс петролиум ХХК-нд олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ГЭРЭЛТУЯА