| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2018/0109/З |
| Дугаар | 226 |
| Огноо | 2018-04-09 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 226
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Д.А-ын нэхэмжлэлтэй, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Д.А
Хариуцагч: Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга,
Гуравдагч этгээд: Г.Я,
Нэхэмжлэлийн шаардлага: “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/218 дугаартай тушаалын Д.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Лабораторийн нэгдсэн тасгийн эрхлэгч-лабораторийн их эмчийн албан тушаалд эгүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах, ажиллаагүй 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны цалин хөлс болох 4,815,859 төгрөг гаргуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.А миний бие 2003 оноос эхлэн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт ажиллаж ирсэн бөгөөд 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс тус эмнэлэгт Лабораторийн нэгдсэн тасгийн эрхлэгч-лабораторийн их эмчийн албан тушаалд томилогдон ажилласан.
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/218 дугаар тушаалаар “Цэргийн төв эмнэлгийн бүтэц, орон тоо шинэчлэгдсэн” гэсэн үндэслэлээр Лабораторийн нэгдсэн тасгийн эрхлэгч-лабораторийн их эмчийн албан тушаалаас чөлөөлж, лабораторийн нэгдсэн тасагт нян судлагч их эмчээр томилсон байдаг.
Өөр албан тушаалд томилсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь “Цэргийн төв эмнэлгийн бүтэц, орон тоо шинэчлэгдсэн” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж өөр албан тушаалд томилогдсон атал Б/218 тоот тушаалаар лабораторийн нэгдсэн тасгийн эрхлэгч-лабораторийн их эмчийн албан тушаалд өөр хүн /Г.Я/-ийг томилсон байна.
Өөр ажил албан тушаалд томилж байгаа тохиолдолд ажилтан надтай зөвшилцөх атал зөвшилцөлгүй, мөн бүтэц орон тоо өөрчлөгдөж миний өмнө эрхэлж байсан ажил албан тушаал байхгүй болох атал уг албан тушаалд өөр хүн томилж байгаа нь иргэн миний хуулиар олгогдсон төрийн албанд тогтвортой ажиллах эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлд хандсан боловч хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй тул шүүхэд хандахаас аргагүйд хүрлээ.
Иймд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/218 дугаартай тушаалын Д.А надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Лабораторийн нэгдсэн тасгийн эрхлэгч-лабораторийн их эмчийн албан тушаалд эгүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Д.А нь 2003 оноос эхлэн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт ажиллаж эхэлсэн. 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс тус эмнэлгийн Лабораторийн нэгдсэн тасгийн эрхлэгч, их эмчийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Ингээд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/218 дугаар тушаалаар Д.А-ыг Цэргийн төв эмнэлгийн бүтэц орон тоо шинэчлэгдсэнтэй холбогдуулан Лабораторийн нэгдсэн тасгийн эрхлэгч, их эмчийн албан тушаалаас чөлөөлж, Лабораторийн нэгдсэн тасагт нян судлагч эмчийн албан тушаалд томилсон байдаг.
Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү албан тушаалыг бууруулан томилсон тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа. Учир нь бүтэц орон тоо шинэчлэн батлах гэдэг үндэслэлээр зүгээр ажлаа хийж байсан хүний албан тушаалыг ямар ч үндэслэлгүйгээр бууруулж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Үнэхээр бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдаад Д.А-ын ажлын байр байхгүй болсон бол өөр албан тушаалд томилогдон ажиллах боломжтой байсан. Гэвч энэхүү албан тушаалд өөр хүнийг томилж байгаа нь бүтэц орон тоо шинэчлэгдсэн гэдэг үндэслэлээр Д.А-ын албан тушаалыг бууруулж байгаатай нь зөрчилдөж байна. Иймд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/218 дугаар тушаалын Д.А*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.А*******ыг өмнө ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“...1. Нэхэмжлэгч, дэд хурандаа Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөр албан тушаалд томилж байгаа тохиолдолд надтай зөвшилцөх атал зөвшилцөөгүй шууд томилсон гэжээ.
Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны Б/218 дугаар тушаал нь Цэргийн төв эмнэлгийн шинэ бүтэц, орон тооны өөрчлөлттэй уялдуулан эмнэлгийн нийт албан хаагчдыг чөлөөлөх, томилоход чиглэсэн ба тушаалын хууль зүйн үндэслэлийн хувьд Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Төрийн нарийн бичгийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангуулна” гэж заасан нь тушаал гаргах ерөнхий заалт юм.
Харин дэд хурандаа Д.А нь цэргийн жинхэнэ албан хаагчийн хувьд дээрх тушаалын хууль, эрх зүйн үндэслэлээс Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Цэргийн албан хаагчийг албан ажлын шаардлага, эсхүл эрүүл мэндийн байдал, өөрийн хүсэлтийг харгалзан өөр албан тушаалд шилжүүлэн томилж болно” гэсэн харилцаа нь шууд түүнд хамаарч байгаа юм.
Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэсэнтэй нийцэж байна.
Цэргийн алба нь төрийн албаны тусгай төрөлд хамаарах ба Цэргийн алба хаагчтай холбоотой харилцааг Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 379 дүгээр зарлигаар батлагдсан Цэргийн нийтлэг дүрмээр тус тус зохицуулдаг. Цэргийн нийтлэг дүрмийн дотоод албаны дүрмийн 10-т “Цэргийн алба хаагчийн эрхийг хуулиар хязгаарлана” гэж заасан ба Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд Цэргийн алба хаагчийн үүргийг дараах байдлаар тусгасан байна.
Үүнд: 6.1.3. Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмийг чанд сахин биелүүлэх
6.1.4. албан тушаалын үүргээ биелүүлэх
6.1.5. захирах, захирагдах зарчмыг мөрдөх
6.1.7. цэргийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих гэж тус тус заасан байдаг.
Мөн Цэргийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Захирагч, даргын гаргасан тушаал, шийдвэрийг цэргийн алба хаагч үг дуугүй биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу дэд хурандаа Д.А нь захирагч даргын хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийг үг дуугүй биелүүлэх үүрэгтэй. Иймд Цэргийн албаны тухай хууль болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар цэргийн алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн томилоход түүнтэй зөвшилцөн томилох шаардлагагүйгээрээ цэргийн жинхэнэ алба хаагч тушаалаар томилогдон ажилладаг онцлогтой алба юм.
2. Нэхэмжлэгч, дэд хурандаа Д.А-аас бүтэц, орон тоо өөрчлөгдөж Лабораторийн нэгдсэн тасгийн эрхлэгч-лабораторийн их эмч албан тушаал байхгүй болох байтал уг албан тушаалд өөр хүн томилсон нь миний хуулиар олгогдсон төрийн албанд тогтвортой ажиллах хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэжээ.
Дэд хурандаа Д.А нь 2008 онд Лабораторийн нэгдсэн тасгийн эрхлэгч-лабораторийн их эмч албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн ба хамт ажиллагсдынхаа нэр төрийг гутаан доромжлох, загнаж дарамтлах, цэргийн алба хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, эрүүл мэндийн байгууллагын эд хөрөнгийг хувийн эрх ашигт зарцуулдаг зэрэг гомдол, саналыг тус тасгийн хамт олноос гаргаж байсан нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Лабораторийн тасгийн хурлын протокол, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд гаргасан өргөдөл, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 027 дугаар ангийн захиргааны зөвлөлд Лабораторийн тасгийн хамт олноос гаргасан тайлбар, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн, 12 дугаар сарын 04-ний өдрийн Цэргийн төв эмнэлгийн даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр батлагдаж байгаа юм.
Дэд хурандаа Д.А-тай холбоотой дээрх өргөдөл, гомдлыг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Цэргийн төв эмнэлгийн даргын зөвлөлийн 18 дахь хуралдааны шийдвэрээр хэлэлцсэн ба хоногийн харуул манаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гараагүй, захирагч даргын тушаал зөрчсөн, удирдах албан тушаалтантай цэргийн дүрмийн дагуу харилцаагүй ёс зүйн зөрчил гаргасан, тасгийн бие бүрэлдэхүүнтэйгээ удаа дараа харилцааны болон ёс зүйгүй үйлдэл гаргаж сэтгэл зүйн дарамт учруулсан зэрэг зөрчил, дутагдал гаргасан гэж үзэж, даргын зөвлөлийн гишүүд 100 хувь албан тушаал бууруулан ажиллуулах шийдвэрийг гаргаж, холбогдох материалыг Батлан хамгаалах яаманд хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Дээрх зөрчил, шалтгааны дагуу яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны Б/218 дугаар тушаалаар Цэргийн төв эмнэлгийн бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулахдаа дэд хурандаа Д.А-ыг Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг баримтлан захиргааны санаачлагаар өөр албан тушаалд шилжүүлсэн ба тушаалын бусад үндэслэл болгосон зохицуулалтыг дэд хурандаа Д.А-тай шууд холбогдуулан тооцож үзэхгүй байхыг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ авч үзэхийг хариуцагчийн талаас хүсч байна.
Иймд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны Б/218 дугаар тушаалын дэд хурандаа Д.А-д холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагагүй ба Төрийн нарийн бичгийн даргын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Г.Я шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Г.Я миний бие 2011-2013 онд Цэргийн төв госпиталын лабораторийн нэгдсэн тасагт биохимийн эмч, 2013-2017 онд Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн лабораторийн нэгдсэн тасагт клиник-хими гематологийн эмчээр офицер болж дэслэгч цолтойгоор үндсэн үүргээс гадна тусгай чиг үүргээ гүйцэтгэж ирсэн.
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/218 дугаар тушаалаар лабораторийн нэгдсэн тасгийн эрхлэгч-их эмчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.
Тайлбар-1. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/188 дугаар тушаалаар Дэслэгч цол олгуулсан. Хоногийн харуул манааны томилгоото үүргийн хувиарын дагуу гүйцэтгэж ирсэн болно.
Миний бие 2014 оны 10 дугаар сард Хөдөлмөрийн хуулийн дагуу эхийн чөлөө авч, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр амаржсан ба ар гэрийн амьдралын улмаас 2015 оны 03 дугаар сард ажилдаа эргэн орсон бөгөөд хөхүүл, нялх хүүхэдтэй учир хоногийн харуул манааны үүрэгт ажлаас түр чөлөөлөгдсөн байдаг. 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хоногийн харуул манааны үүргийг гүйцэтгэж эхэлсэн. 2018 оны 04 дүгээр сарын байдлаар хоногийн харуул манааны үүргийг 6-7 удаа хувиарын дагуу гүйцэтгэсэн байна.
Тайлбар-2. Лабораторийн нэгдсэн тасгийн эрхлэгч-их эмчээр ажиллаж байсан Д.А нь
1 дүгээрт: Хувь хүний ёс зүй, харьцааны доголдолтой, хамт олны дунд ганцхан “би” гэсэн ойлголтыг бий болгосон нь хамт олны дургүйцлийг төрүүлж, тус лаборатори Д.А-ын хувийн лаборатори мэт ааш, авир гаргадаг нь хамт олны уур амьсгалыг хөндий хүйтэн болгож, хөдөлмөрийн бүтээмж сулрах, ажиллах идэвхи сонирхолгүй болгодог байсан. Өөрт нь гардан хийж гүйцэтгэдэг тодорхой ажил байдаггүй байсан ба хамт олныг манлайлан удирдах арга барил дутмаг, чадваргүй учир тасгийн хамт олон ажиллах эрч хүч, эрмэлзэл байхгүй цаг нөхцөөж, ажлаас гарах гэсэн уур амьсгал бий болсон.
2 дугаарт: Хамт олны нийгмийн болон хувь хүнийг хөгжүүлэх, суралцуулах талаар зохих шатны удирдлагуудад уламжлан шийдвэрлүүлж дэмжиж байсан удаа нэг ч үгүй бөгөөд харин ч эсрэгээрээ үгүйсгэж, гүтгэн доромжлох, нэр хүндэд нь илт бүдүүлгээр ханддаг байсан. Надаас илүү гарна, дэвшин дээшилнэ гэсэн атгаг санааны үүднээс хувь хүний мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, шинэ зүйл мэдэж сурах гэсэн эрмэлзлийг мохоож үгүй хийдэг, хамт олноо шагнал, урамшуулалд тодорхойлдоггүй боломжгүй гэсэн хариулт өгдөг байсан.
3 дугаарт: Бусдын эрх ашгийг доогуур тавьж өөрийн эрх ашгийг хэт дээгүүр тавьдаг нь дараах зүйлээс илэрхий болох байх. Лабораторийн нэгдсэн тасгийн нян судлалын лаборатори нь 2017 оны 7 дугаар сараас хойш ажиллахгүй байгаа бөгөөд мэргэжлийн чиг үүргээ ухамсарлан байгууллага, хамт олон, өвчтөн зэргийг бодох сэтгэлтэй байсан бол нян судлагч эмчийн ажлыг тасалдаж, доголдохгүй ажиллуулах боломж бидэнд байсан. Ингэснээр өвчтөн, байгууллага, эмч нарын онош тавих, батлах, эмчилгээ үйлчилгээний тал дээр ахиц гарах байсан. Гэтэл би хүний ажил хийж чадахгүй гэж өөрийн эрх ашгийг дээгүүрт тавьж эмч хүнд хэзээ ч байж боломгүй, ёс суртахуунгүй, ёс зүйгүй хандлага гаргасан.
Бид бүгд хос тангарагтай бөгөөд Д.А эмчид өргөсөн тангарагтаа үнэнч байх, хүн хүнээ гэсэн сэтгэл зүрх, ухамсар, хамт олныг удирдах чадваргүй гэх мэт тусгай чиг үүрэгтэй удирдах, ажилтан, ахлах офицерийн ёс зүйд байж боломгүй хандлага гаргасаар ирсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Тус товлогдсон шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд анх “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/218 дугаартай тушаалын Д.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэл гаргаж улмаар “Лабораторийн нэгдсэн тасгийн эрхлэгч-лабораторийн их эмчийн албан тушаалд эгүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах , ажиллаагүй 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс өнөөдрийг хүртэлх хугацааны цалин хөлс болох 4,815,859 төгрөг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тодруулсан байна.
Нэхэмжлэгч, болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Чөлөөлөх, томилох тухай” Б/218 дугаар тушаалын Лабораторийн нэгдсэн тасгийн эрхлэгч, лабораторийн их эмчийн албан тушаалаас Д.А-ыг чөлөөлж, нян судлагч их эмчийн албан тушаалд томилсон хэсгийг эс зөвшөөрч “Цэргийн төв эмнэлгийн Лабораторийн нэгдсэн тасгийн эрхлэгч-лабораторийн их эмчийн албан тушаал байсаар байхад бүтцийн өөрчлөлт нэрээр албан тушаал бууруулж, уг албан тушаалд өөр хүн томилсон нь хууль бус бөгөөд Д.А-ыг уг албан тушаалд эргүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах, ажиллаагүй хугацааны цалин гаргуулах үндэслэлтэй” гэж маргажээ.
Д.А нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газарт хандаж “...Зэвсэгт хүчний жанжин штабын хүний нөөцийн мэдэлд шилжүүлж өгнө үү” гэсэн өргөдөл гаргасны дагуу Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/227 дугаар тушаалаар дэд хурандаа Д.А-ыг Цэргийн төв эмнэлгийн нян судлагч их эмчийн ажлаас чөлөөлж, Зэвсэгт хүчний Жанжин штабын Хүний нөөцийн хэлтсийн мэдэлд шилжүүлсэн, улмаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1095 тоот тушаалаар Д.А-ыг Зэвсэгт хүчний Хуурай цэргийн командлалын ар тал, техникийн хэлтсийн эрүүл ахуйч эмчийн албан тушаалд томилсон байх ба энэ асуудлаар нэхэмжлэгч нь маргахгүй байна.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Дэд хурандаа Д.А... хоногийн харуул манаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гараагүй, захирагч даргын тушаал зөрчсөн, удирдах албан тушаалтантай цэргийн дүрмийн дагуу харилцаагүй ёс зүйн зөрчил гаргасан, тасгийн бие бүрэлдэхүүнтэйгээ удаа дараа харилцааны болон ёс зүйгүй үйлдэл гаргаж сэтгэл зүйн дарамт учруулсан зэрэг зөрчил дутагдал гаргасан тул Цэргийн төв эмнэлгийн даргын зөвлөлийн гишүүдийн албан тушаал бууруулах саналыг үндэслэж гарсан тул Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны Б/218 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй” гэж тус тус маргажээ.
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Чөлөөлөх, томилох тухай” Б/218 дугаар тушаал Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Батлан хамгаалахын сайдын 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн н/20 дугаар тушаалд тус тус үндэслэсэн байх ба мөн тушаалын холбогдох заалтуудаар ахлах дэслэгч Г.Я-г Цэргийн төв эмнэлгийн нэгдсэн тасгийн молекул биологич эс судлаачийн үүрэгт ажлаас чөлөөлж, Лабораторийн нэгдсэн тасгийн эрхлэгч-лабораторийн их эмчийн албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр томилсноос үзвэл нэхэмжлэгчийн маргаж буй албан тушаал хасагдаагүй хэвээр хадгалагдаж байна.
Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах ба төрийн байгууллага өөрчлөгдөн байгуулагдсан боловч төрийн албан хаагчийн эрхлэж байсан ажил, албан тушаал хадгалагдан үлдсэн тохиолдолд тухайн албан тушаалыг эрхэлж байсан төрийн жинхэнэ албан хаагч нь уг албан тушаалын чиг үүрэг хадгалагдсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах баталгаагаар хангагдах зохицуулалттай хэдий ч нэхэмжлэгч Д.А-ын эрхлэж байсан Цэргийн төв эмнэлгийн Лабораторийн нэгдсэн тасгийн эрхлэгч-лабораторийн их эмч албан тушаал төрийн жинхэнэ албан тушаалын ангиллын төрийн тусгай албан тушаалд хамаарч байна.
Гэвч Д.А нь дэд хурандаа цолтой цэргийн ахлах офицер байх тул түүний эрх зүйн байдал, тэр дундаа цэргийн алба хаагчийг томилох, чөлөөлөхтэй холбоотой харилцаа нь нарийвчилсан зохицуулалттай хууль болох Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар, цэргийн алба хаах эрх зүйн үндэс нь Цэргийн албаны тухай хуулиар тус тус зохицуулагдах учиртай.
Өөрөөр хэлбэл, дэд хурандаа Д.А нь Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлд заасанчлан цэргийн байгууллагад цэргийн жинхэнэ албыг биеэр хааж байгаа ахлах офицер болохынхоо хувьд захирах захирагдах ёсны зарчмыг баримталж, цэргийн алба хаагчийн давуу эрхийг эдэлж, үүргийг хүлээхийн зэрэгцээ хуулиар хязгаарласан эрхийн хязгаарлалтыг мөрдөхөөр байх тул Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдахгүй юм. Иймд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ““...ажлын байрны орон тоо байсаар байхад бүтэц орон тоо шинэчлэгдсэн” гэсэн үндэслэлээр чөлөөлснийг зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Мөн маргаан бүхий Б/218 дугаар тушаал нь Цэргийн Төв эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан тус эмнэлгийн нийт ажилтан, албан хаагчдыг чөлөөлсөн, томилсон байх тул уг тушаалын холбогдох заалтаар Лабораторийн нэгдсэн тасгийн эрхлэгч-лабораторийн эмчийн албан тушаалаас дэд хурандаа Д.А-ыг чөлөөлсний улмаас дан ганц нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.
Харин маргаан бүхий Б/218 дугаар тушаалын холбогдох заалтаар дэд хурандаа Д.А-ыг Цэргийн төв эмнэлгийн Лабораторийн нэгдсэн тасгийн нян судлагч их эмчээр томилсон заалт нь нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажил албан тушаалыг бууруулсан байх тул нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.
Гэвч хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг гаргахдаа цэргийн алба хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаалаас бууруулах талаарх баримталбал зохих хуулийн тусгайлсан заалтыг баримтлаагүй нь буруу байх боловч энэ нь маргаан бүхий актыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохооргүй байна. Учир нь
1/ Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Цэргийн жинхэнэ алба хаагчийг албан ажлын шаардлага, ... харгалзан өөр албан тушаалд шилжүүлэн томилж болно” гэж заасан байна.
Цэргийн төв эмнэлгийн Лабораторийн нэгдсэн тасгийн эрхлэгч-лабораторийн эмчийн албан тушаал нь лабораторийн тасгийн эмч, лаборант, үйлчлэгч болон бусад гэсэн тодорхой тооны алба хаагчдын бүрэлдэхүүнтэй тасгийн үйл ажиллагааг мэргэжлийн арга зүйгээр ханган удирдан зохион байгуулах үндсэн зорилготой байх ба уг албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод “... харилцааны өндөр соёлтой, үр нөлөөтэй баг бүрдүүлэх, багаар ажиллах....” чадвартай байх, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэх” шаардлагыг тус тус хангасан байхаар тодорхойлжээ.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий актын үндэслэл болсон хуулийн дээрх заалтыг “зөвхөн өөр ажил, албан тушаалд шилжүүлэх тохиолдолд хэрэглэх ёстой, албан тушаал бууруулан томилоход хамаарахгүй” хэмээн тайлбарлан маргаж байгааг үндэслэлтэй гэж үзэх болохоор байна.
Гэсэн хэдий ч цэргийн алба нь төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг онцлог төрөл болох үүднээс авч үзвэл хуулийн дээрх зохицуулалтыг үгийн утгаар, үгчлэн тайлбарлаж хэрэглэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, Цэргийн албаны “албан ажлын шаардлага” хэмээх ойлголт нь зөвхөн тухайн албан тушаалын гүйцэтгэх чиг үүргээр хязгаарлагдахгүй бөгөөд “хэрэгцээтэй газарт хэрэгцээтэй мэргэжилтэн” гэсэн зарчимд үндэслэхээс гадна Цэргийн албаны тухай хуулийн “Цэргийн алба хаах болзол” гэсэн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т “мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшин нь томилогдох албан тушаалын ажлын байрны шаардлагыг хангасан байх” гэж зааснаас үзвэл тухайн албан тушаалыг эрхлэх ур чадварын түвшин нь цэргийн албан ажлын шаардлагад мөн хамаарна.
Гэтэл дэд хурандаа Д.А-ын удирдлагад ажилладаг алба хаагчдаас 2016 оны 02 дугаар сарын 17-нд Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Ёс зүйн хороонд, мөн оны 10 дугаар сарын 07-ны өдөр Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд тасгийн эрхлэгч, эмч Д.А-ын ёс зүйн зөрчлийн талаар гомдол гаргаж байсан байх боловч хариуцлага тооцсон талаарх ямар нэг шийдвэр гарч байгаагүй байна.
Мөн дээрх алба хаагчдаас Зэвсэгт хүчний 027 ангийн захиргааны зөвлөлд хандаж 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тасгийн дарга Д.А нь “ажлын байрны дарамт үзүүлж байна...” гэх агуулгатай гомдол гаргасныг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Цэргийн төв эмнэлгийн даргын зөвлөлийн 18 дугаар хуралдаанаар хэлэлцэж “Албан тушаал бууруулах” санал хүргүүлэх шийдвэр гаргажээ.
Улмаар Цэргийн төв эмнэлгийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1234 албан бичгээр саналыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсний дагуу 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Чөлөөлөх, томилох тухай” Б/218 дугаар тушаал гарч Д.А-ыг Цэргийн төв эмнэлгийн Лабораторийн нэгдсэн тасгийн нян судлагч эмчийн албан тушаалд томилсон нь Цэргийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Цэргийн алба хаагчийн албан тушаалыг захиргааны санаачилгаар доор дурдсан үндэслэлээр бууруулан томилж болно”, 23.1.2-т “албан тушаалын үүрэгтээ тэнцэхгүй тухай харьяа анги, байгууллагын захирагч, даргын дүгнэлт гарсан” гэж заасантай нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.
2/ Цэргийн төв эмнэлэг нь Зэвсэгт хүчний дугаар ангийн статустай цэргийн байгууллага бөгөөд цэргийн алба хаагчдийн “Цэргийн алба хаагч ангийн байрлал, эсхүл ангийн байрлалын гадна албан үүрэг, байлдааны жижүүрлэлт, харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэх, ажилдаа ирэх, буцах” болон “томилгоот бусад үүрэг гүйцэтгэх” нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд “албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцогдох”-оор заасан байна.
Мөн Цэргийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Монгол Улсын иргэн цэргийн жинхэнэ албан орохдоо “Монгол Улсын иргэн Би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, ...амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая ...Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ” гэж цэргийн тангараг өргөхөөр, ”Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Цэргийн алба хаагчийн цэргийн албаны үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн баталсан цэргийн нийтлэг дүрмээр зохицуулна”, 6 дугаар зүйлийн 6.1-т “Цэргийн алба хаагч дараахь нийтлэг үүрэгтэй”, 6.1.3-т “Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмийг чанд сахин биелүүлэх”, 6.2-т “Захирагч, даргын гаргасан тушаал, шийдвэрийг цэргийн алба хаагч үг дуугүй биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Цэргийн нийтлэг дүрмүүдийг батлах тухай” 379 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн “нийтлэг үндэслэл” хэсгийн 5-д “Төрөл мэргэжлийн цэргийн болон албадын дарга нар нь захирагдсан анги, салбарынхаа дотоод албаны байдлыг удирдлагынхаа өмнө биечлэн хариуцах“-аар, зургаадугаар бүлгийн “Харуул, хоногийн манаа” хэсэгт “Ангийн ...хоногийн манааг дараах бүрэлдэхүүнтэй томилно”, “- ангийн жижүүр”, “...хоногийн манааны бүрэлдэхүүн анги, салбарын захирагчийн зөвшөөрөлгүйгээр ...хэн нэгэн хүнд шилжүүлэхийг хориглоно” гэж журамласан байна.
Дэд хурандаа Д.А нь 2017 оны 04 дүгээр сарын 5, 06 дугаар сарын 28, 08 дугаар сарын 29, 10 дугаар сарын 12, 11 дүгээр сарын 17, 12 дугаар сарын 06-нд нийт 6 удаа ангийн жижүүрийн үүрэг гүйцэтгэхээр томилогдсон байх 11 дүгээр сард сарын 17-нд хувийн шалтгаанаар ангийн жижүүрийн үүрэг гүйцэтгэх боломжгүйгээ мэдэгдсэний улмаас ангийн жижүүрийн үүрэг гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар тогтоогдож байна.
Цэргийн төв эмнэлгийн даргын зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хурлаар “Д.А-ын жижүүрийн хуваарь зөрчсөн, удирдах албан тушаалтанд энэ байдлаа дүрмийн дагуу илэрхийлээгүй, тасгийн хамт олноос удаа дараа гомдол ирж байгаа” асуудлыг хэлэлцэж тухайн “Албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй сахилгын шийтгэл ногдуулах” санал гарч “дараагийн хурал дээр шийдвэрлэх”-ээр шийдвэрлэсэн байна .
Дээрхээс дүгнэн үзвэл, батлагдсан хуваарийн дагуу ангийн жижүүрийн үүрэг гүйцэтгэхийг шаардсан ангийн захирагчийн тушаалыг хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэх боломжгүй бөгөөд дэд хурандаа Д.А-ын батлагдсан хуваарийн дагуу ангийн жижүүрийн хуваарь зөрчсөн үйлдэл нь хууль болон Цэргийн нийтлэг дүрмийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэстэй.
Харин Д.А*******аас хоногийн харуул, манаанд гарах боломжгүй шалтгаанаа удирдах албан тушаалтанд дүрмийн дагуу илтгээгүй асуудлыг шүүхээс шалган тогтоох боломжгүй бөгөөд энэ нь “цэргийн сахилга”-д хамаарах тул захиргааны хэргийн шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй юм.
Д.А-ыг албан тушаал бууруулан нян судлагч эмчийн албан тушаалд томилохдоо түүнтэй зөвшилцөлгүй, тухайн чиглэлээр мэргэшсэн эсэхийг харгалзаагүйд хариуцагчийн буруу байх хэдий ч Д.А нь нян судлагч эмчийн албан тушаалд ажиллаагүй байх ба Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1095 тушаалаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ар тал, техникийн хэлтсийн эрүүл ахуйч эмчээр томилогдон ажиллаж байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Д.А нь Цэргийн төв эмнэлгийн Лабораторийн нэгдсэн тасгийн эрхлэгч-лабораторийн их эмчийн албан тушаалд ТТ-11 ангилал зэрэглэлээр, 1228225 төгрөгийн цалин авч ажиллаж байсан бол одоо Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ар тал, техникийн хэлтсийн эрүүл ахуйч эмчийн албан тушаалд ТТ-13 ангилал зэрэглэлээр 1266779 төгрөгийн цалин хөлс авч ажиллаж байх тул нэхэмжлэгчийн “өмнөх ажиллаж байсан албан тушаалаас цалин хөлс зөрүүтэй, буурсан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүйн дээр маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй төдийгүй, ажиллаагүй хугацааны цалин хөлс 4,815,859 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.
Мөн нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “намайг чөлөөлсөн атлаа миний өмнө эрхэлж байсан албан тушаал дээр уг ажлын байрны шаардлагыг хангахгүй өөр хүнийг томилсон нь хууль бус” гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь цэргийн албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэхтэй холбоотой харилцаа нь Цэргийн албаны болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдаагүй байх тул энэ харилцаанд ерөнхийлөн зохицуулсан хууль болох Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх бөгөөд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны Б/218 дугаар тушаалын холбогдох заалтаар ахлах дэслэгч Г.Я-г Лабораторийн нэгдсэн тасгийн молекул биологич эс судлаачийн үүрэгт ажлаас чөлөөлж, Лабораторийн нэгдсэн тасгийн эрхлэгч-лабораторийн их эмчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон нь Төрийн албаны хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх талаарх захиргааны бүрэн эрхэд хамаарна.
Дээрхээс дүгнэн үзвэл, хариуцагч Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга нь маргаан бүхий актыг гаргахдаа үндэслэвэл зохих хуулийн заалтыг дутуу баримталсан хэдий ч уг актаар албан тушаал бууруулан томилогдсон дэд хурандаа Д.Ань Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Цэргийн дүрмийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул маргаан бүхий акт нь цэргийн алба хаагчид хариуцлага тооцох талаарх зорилгодоо нийцсэн байна.
Иймд нэхэмжлэгч Д.А-ын “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/218 дугаартай тушаалын Д.Анадад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Лабораторийн нэгдсэн тасгийн эрхлэгч-лабораторийн их эмчийн албан тушаалд эгүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах, ажиллаагүй хугацааны цалин хөлс болох 4,815,859 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цэргийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 19 дүгээр зүйлийн 19.2.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.2, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.3, 6.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А-ын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/218 дугаартай тушаалын Д.А*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Лабораторийн нэгдсэн тасгийн эрхлэгч-лабораторийн их эмчийн албан тушаалд эгүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах, ажиллаагүй хугацааны цалин хөлс болох 4,815,859 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ