Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2021/0182/З |
Дугаар | 221/МА2021/0584 |
Огноо | 2021-10-29 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2021/0584
Д.Ж-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Н.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 537 дугаар шийдвэртэй, Д.Ж-ны нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 537 дугаар шийдвэрээр:
“Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3, 49 дүгээр зүйлийн 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ж-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/195 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Ж-ыг урьд эрхэлж байсан Нийслэл дэх Төрийн Аудитын газрын Санхүүгийн аудитын хэлтсийн ахлах аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Д.Жы ажилгүй байсан 169 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 18,972,616 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Д.Ж-д олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо:
“...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж заасны дагуу төрийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох насыг 60 нас гэж үзэхээр байна” гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлж болохоор заасан.
Д.Ж нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхий аудиторт хандан ... энэ оны 12 сарын 8-ны өдөр өгсөн өргөдлөө буцааж байна. 2020 оны 11 сарын 30-ны өдрийн тушаалаар төрийн албанаас чөлөөлөгдөж буй тул нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн өргөдлийг гаргасан.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Д.Ж-ны бичгээр гаргасан ӨРГӨДЛИЙГ нотлох баримтаар үнэлээгүй байна.
Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасны дагуу цаашид төрийн албанд ажиллах хүсэлтээсээ татгалзсан.
Ажил олгогч нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ зарлана" гэсэн зохицуулалтын дагуу Д.Ж-ны бичгээр гаргасан өргөдлийг үндэслэн төрийн албанаас чөлөөлсөн. Гэтэл шүүх ажил олгогчийг нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг харгалзахгүй төрийн албанаас чөлөөлсөн гэж ойлгохоор дүгнэлт хийсэн байна. Төрийн албаны тухай хуульд “тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана” гэсэн заалтыг шүүх ойлгож хэрэглэхдээ
Д.Ж-ны 55 нас хүрэхээс өмнөх болон түүнээс хойших хугацаанд гаргасан хүсэлтийг үндэслэж төрийн албанаас чөлөөлснийг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн. Гэтэл хуульд тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц хүсэлтээ гаргахыг тодорхой заасан.
Шүүх “Д.Ж 60 насанд хүрсэн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 “... үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшингүйн үнэлгээ, төвшингээ үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана гэсэн зохицуулалтын дагуу түүнийг өндөр насны тэтгэвэрт гаргах, эсхүл үргэлжлүүлэн ажиллуулах асуудлыг шийдвэрлэх боломжтой болох юм” хэмээн дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэсэн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.3-т заасан “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэх зохицуулалттай холбон хуулийн зохицуулалтыг өргөжүүлж тайлбарласан гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийг хангасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 537 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Тус шүүхээс 2021 оны 08 сарын 18-ны өдөр 537 тоот шүүхийн шийдвэрээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан боловч ажилгүй байсан хугацааны цалин хөлс (унаа хоолны мөнгийг хасаад) ажил хүрээлэлцсэн тушаал гарч ажлаа хүлээлгэн өгсөн өдөр болох 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс тооцоод анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 08 сарын 18-ны өдрийг дуустал хугацаагаар гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 28998855 (хорин найман сая есөн зуун ерэн найман мянга найман зуун тавин таван) төгрөг гарах байхад 18972616 (Арван найман сая есөн зуун далан хоёр мянга зургаан зуун арван зургаан) төгрөг гаргаж 10022239 ( арван сая хорин хоёр мянга хоёр зуун гучин ) төгрөгийн зөрүүтэй бодлоо гэж үзээд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Төрийн албаны тухай хуульд дээрх асуудлаар зохицуулсан зохицуулалт байхгүй, Хөдөлмөрийн тухай хуульд л зохицуулсан байдаг бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлээр энэхүү асуудлыг зохицуулах бөгөөд 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу бодно.
Дундаж цалин хөлс гэдгийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт буюу “Дундаж цалин хөлс тооцох журам”-р бодох ёстой. энэхүү журмын 7.А-д “7.Ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо: Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд сул зогсолтын үеийн, ажил хүлээлцэх хугацааны, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгох, ажлын цагийг богиносгох, ажилтны хүсэлтээр ажилтанд тэтгэмжтэй чөлөө олгох, цалин хөлсний тодорхойлолт гаргах, ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заасан дагуу бодох ёстой байсан гэж үзэж байна.
Мөн журмын 6-д “Хэрэв ажилтан дундаж цалин хөлсийг тодорхойлох хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар /өвчтэй, чөлөөтэй байсан гэх мэт/ бүрэн ажиллаагүй, эсхүл ажилтны ажилласан хугацаа нь дундаж цалин хөлс тодорхойлохоор заасан хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдөр /цаг/-ийн тоонд хувааж нэг өдөр /цаг/-ийн дундаж цалин хөлсийг тодорхойлно” гэж заасан байгаа болно. Энэ үндэслэлүүдээр бодохоор 10022239 (арван сая хорин хоёр мянга хоёр зуун гучин) төгрөгийн зөрүү гарч байгаа учраас энэхүү зөрүүг тооцож гаргуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.
Иймд анхан шатны 2021 оны 08 сарын 18-ны өдөр 537 тоот шүүхийн шийдвэрт заасан 2021 оны 08 сарын 18-ны өдрийг дуустал хугацаагаар гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 28998855 (хорин найман сая есөн зуун ерэн найман мянга найман зуун тавин таван) төгрөг гарах байхад 18972616 (Арван найман сая есөн зуун далан хоёр мянга зургаан зуун арван зургаан) төгрөг гаргаж 10022239 (арван сая хорин хоёр мянга хоёр зуун гучин) төгрөгийн зөрүү гарсныг хангуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Ж-аас “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/195 тоот тушаалыг хүчингүй болгож, тус аудитын газрын Нийслэл дэх төрийн аудитын газрын ахлах аудиторын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Үндэсний аудитын газарт холбогдуулан гаргажээ.
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/195[1] дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу Нийслэл дэх төрийн аудитын газрын Санхүүгийн аудитын хэлтсийн ахлах аудитор Д.Ж-ыг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн.
1.Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна.” 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”, 46 дугаар зүйлийн 46.2.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 46.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж тус тус зохицуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэж заасан.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэжээ.
Эдгээр хуулийн зохицуулалтаас дүгнэхэд, төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байхаар зааж, харин “тэтгэвэр тогтоолгох насанд хүрэх” гэдэгт хамаарах насыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу төрийн албан хаагчийг 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд түүнийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх үндэслэлд хамааруулахаар байна.
Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэх зохицуулалтыг төрийн албан хаагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжийг олгосон бөгөөд ажил олгогч бус төрийн албан хаагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх төрийн албан хаагчид үүсэх нөхцөл гэж үзнэ.
Иймд уг хуульд заасны дагуу 55 нас хүрсэн эмэгтэй төрийн албан хаагчийг өөрөө өндөр насны тэтгэврээ тогтоолгох хүсэлт гаргаагүй тохиолдолд түүнийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэж үзэж ажил олгогчийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөх нь хуульд нийцэхгүй юм.
Маргааны тохиолдлын хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 55 нас хүрч, тэтгэвэр тогтоолгох, төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг маргаан бүхий Б/195 дугаар тушаал гарахаас өмнө нэхэмжлэгч Д.Ж өөрөө гаргаагүй, ажил олгогч буюу хариуцагчаас “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” тул ажлаас чөлөөлөгдөх тухай мэдэгдэл, шаардлагыг гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Ж нь 55 нас хүрч, тэтгэврээ тогтоолгох, төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргаагүй, нэхэмжлэгч ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарах 60 насанд хүрээгүй байхад түүнийг “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн маргаан бүхий Б/195 дугаар тушаал нь дээр дурдсан хуулиудад нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарах тэтгэвэр тогтоолгох 60 насанд хүрээгүй тул Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасан “Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэх заалтыг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэлд хамааруулах үндэслэлгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.Анх хариуцагчаас нэхэмжлэгчид “өндөр насны тэтгэвэрт гарах тэтгэмж чинь төсөвт суусан, өргөдлөө өг, төрийн албанаас чөлөөлөх болсныг мэдэгдэж” мэдэгдэл, шаардлагыг хүргүүлж байсан, нэхэмжлэгчээс 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “өндөр насны тэтгэвэрт гарахгүй, үргэлжлүүлэн ажиллана” гэх хүсэлтээ”[2] хариуцагчид хүргүүлсэн гэдэг нь нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй.
Харин хариуцагчаас “Д.Ж нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхий аудиторт хандан ... энэ оны 12 сарын 08-ны өдөр өгсөн өргөдлөө буцааж байна. 2020 оны 11 сарын 30-ны өдрийн тушаалаар төрийн албанаас чөлөөлөгдөж буй тул нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн өргөдлийг гаргасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Д.Ж-ны бичгээр гаргасан өргөдлийг нотлох баримтаар үнэлээгүй байна. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасны дагуу цаашид төрийн албанд ажиллах хүсэлтээсээ татгалзсан.” гэж давж заалдах гомдолдоо маргажээ.
Маргаан бүхий Б/195 дугаар тушаал нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гарсан харин хариуцагчийн маргаж буй нэхэмжлэгчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлт нь уг маргаан бүхий акт гарсны дараа буюу нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас нь чөлөөлснөөс хойш гаргасан байх тул нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн маргаан бүхий Б/195 дугаар тушаалыг хуульд нийцсэн эсэхийг шүүхээс хянахдаа үнэлж, дүгнэх, цаашлаад уг хүсэлтийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ нэхэмжлэгчээс гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.
3.Түүнчлэн нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, улмаар хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн карт[3] зэрэг баримтын хүрээнд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх цалин, бусад нэмэгдлийг холбогдох журамд заасны дагуу нэг бүрчлэн тооцоолох боломжгүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцоолон бодсон нь үндэслэл муутай байна.
Иймд нэхэмжлэгчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх цалин, бусад нэмэгдлийг түүний цалин, нэмэгдлийг олгосон эрх бүхий этгээдийн тушаал, холбогдох цалин, нэмэгдлийн тодорхойлолт, зохих журмыг үндэслэн нэг бүрчлэн бодож олгох, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 537 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ж-ны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, бусад нэмэгдлийг зохих журмын дагуу бодож олгон, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Үндэсний аудитын газарт даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Жы давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтохын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Д.Ж давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ