| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00862/и |
| Дугаар | 050 |
| Огноо | 2017-01-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 050
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 2-5 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ74043012, Зуутраг овогтой Сүхбаатарын Мөнхжаргалын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Мөнхжаргал шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1974 онд төрсөн. Би Увс аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгчөөр 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд ажиллаж байна. Гэтэл Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар тэтгэвэрт гарах нас болж байгаа бөгөөд манай Онцгой байдлын дээд газраас Та 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн түр тушаалтай байна. Таныг жинхлэн тогтоосон тушаал архивт байхгүй байна. Нөхөн гаргах боломжгүй. Учир нь та анх Онцгой байдлын газрын Гал унтраах, аврагч-гал сөнөөгч гэх ажлыг хийх явцад Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Гал түймэртэй тэмцэх алба, хэлтэс, Гамшгаас хамгаалах штаб, Онцгой байдлын хэлтэс, газар зэрэгт ажиллаж, байгууллага дотроо бүтцийн өөрчлөлт хийгдэж байсан зэрэг шалтгаанаар шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн юм. Иймд миний ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Мөнхжаргал нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Увс аймгийн Онцгой байдлын газрын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 34/303 тоот тодорхойлолтод Онцгой байдлын газрын гал унтраах, аврах 41 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Сүхбаатарын Мөнхжаргал нь 1997 оноос одоог хүртэл Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Гал түймэртэй тэмцэх алба, хэлтэс, Гамшгаас хамгаалах штаб, Онцгой байдлын хэлтэс, газарт ажиллаж байгаа нь үнэн болно. дарга Онцгой бадлыг хурандаа Б.Баттулга гэжээ,
- Увс аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн Цалингийн тооцооны карт-д С.Мөнхжаргалын 2001 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд авсан цалин бичигдсэн,
- Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн авхивын лавлагаанд Сүхбаатар овогтой Мөнхжаргалын 1997 оны 10 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд Онцгой байдлын хэлтэст ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн,
- Гэрч Г.Пунсанноровын: Би 1996 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Онцгой байдлын газарт гал сөнөөгчөөр ажиллаж байна. С.Мөнхжаргал нь 1997 онд манай байгууллагад гал сөнөөгчөөр анх ажилд орж байсан ба тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл нэг байгуллагад хамт ажиллаж байна. С.Мөнхжаргалын ажилд орсон тушаал нь олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байгаа юмаа. Бид нарыг анх ажилд орох үед манай байгууллагын нэр нь Гал түймэртэй тэмцэх алба гэх нэртэй байсан. Манай байгууллагын нэр ер нь их солигдсон. 2004 онд Гамшгаас хамгаалах штаб, 2015 онд Онцгой байдлын газар гэх нэртэйгээр одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Манай Гал унтраах анги нь 8 хүний бүрэлдэхүүнтэй 4-н ээлжээр үүрэг гүйцэтгэдэг. Нэг ээлжинд 4 гал сөнөөгч 2 жолооч, 1 дуудлага хүлээн авагч 1 салаан даргатай 8 хүн 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг. С.Мөнхжаргал бид хоёр хамтдаа гал сөнөөгчөөр ажилладаг болохоор нэгнээ сайн мэднэ. Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар С.Чулуунбаатар, Я.Чулуунбаатар, н.Батмөнх, н.Энхжаргал, Б.Баттулга гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Гэсэржавын: Би 1996 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Онцгой байдлын газарт гал сөнөөгчөөр ажиллаж байна. С.Мөнхжаргал нь 1997 оны зун манай байгууллагад гал сөнөөгчөөр анх ажилд орж байсан. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл бид нар нэг байгууллагад хамт ажиллаж байна. Бид нарыг анх ажилд орох үед манай байгууллагын нэр нь Гал түймэртэй тэмцэх алба гэх нэртэй байсан. Манай байгууллагын нэр 2004 онд Гамшгаас хамгаалах штаб, 2006 оноос Онцгой байдлын хэлтэс, 2015 оноос Онцгой байдлын газар гэх нэртэйгээр одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Манай Гал унтраах анги нь 8 хүний бүрэлдэхүүнтэй 4-н ээлжээр үүрэг гүйцэтгэдэг. Нэг ээлжинд 4 гал сөнөөгч, 2 жолооч, 1 дуудлага хүлээн авагч, 1 салаан захирагч гэх 8 хүн 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг. С.Мөнхжаргал бид хоёр хамтдаа гал сөнөөгчөөр ажилладаг болохоор нэгнээ сайн мэднэ гэх мэдүүлэг,
- Гэрч Г.Пунсанноров, Б.Гэсэржав нарын иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг баримтууд болно.
Нэхэмжлэгчийн өөрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтэр дээрхбичилтүүд, хууль эрх зүйн Legalinfo.mn, Онцгой байдлын ерөнхий газрын http://nema.gov.mn/ вэб хуудас зэргээс үзэхэд Увс аймгийн Гал түймэртэй тэмцэх 41 дүгээр анги нь Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал унтраах 41 дүгээр анги, Гамшгаас хамгаалах штаб, Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 41 дүгээр анги, Онцгой байдлын газрын Улаангом сум дахь Гал унтраах, аврах 2 дугаар зэрэглэлийн 41 дүгээр анги хэмээн нэр өөрчлөгдөж, зохион байгуулагдаж байсан байх ба нэхэмжлэгч С.Мөнхжаргалын тухайн байгууллагад 1997 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч С.Мөнхжаргалын Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Гал түймэртэй тэмцэх 41 дүгээр ангид 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал унтраах 41 дүгээр ангид 1999 оны 6 дугаар сараас 2003 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд, Гамшгаас хамгаалах штабт 2003 оны 9 дүгээр сараас 2005 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд, Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 41 дүгээр ангид 2005 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд, Увс аймгийн Онцгой байдлын газрын Улаангом сум дахь Гал унтраах, аврах 2 дугаар зэрэглэлийн 41 дүгээр ангид 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд тус тус гал сөнөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар С.Мөнхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогтой Сүхбаатарын Мөнхжаргалын Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Гал түймэртэй тэмцэх 41 дүгээр ангид 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал унтраах 41 дүгээр ангид 1999 оны 6 дугаар сараас 2003 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд, Гамшгаас хамгаалах штабт 2003 оны 9 дүгээр сараас 2005 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд, Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 41 дүгээр ангид 2005 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд, Увс аймгийн Онцгой байдлын газрын Улаангом сум дахь Гал унтраах, аврах 2 дугаар зэрэглэлийн 41 дүгээр ангид 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд тус тус гал сөнөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Мөнхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА